

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хуулийн онцлох заалтуудын талаар хуульч, өмгөөлөгч Ю.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шинэ хуулиар гэр бүлээс гадуух харилцаа үүсгэсэн тохиолдолд гуравдагч этгээдээс хохирол нэхэмжлэх боломжтой гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбарлавал?
-Хууль дээр яг ийм зохицуулалт байхгүй. Гагцхүү хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг гэр бүлээс гадруурх харилцаа үүсгэсэн гэр бүлийн гишүүнээс гаргуулж болно л гэж байгаа. Энийг иргэний хуультай холбож тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Гэр бүлийн тухай хуулиар сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон хүмүүсийн харилцааг зохицуулдаг учраас гуравдагч этгээд энд хамаарахгүй.
Харин гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн этгээдэд хөрөнгийг тэнцүү хуваалгүй, нотлох баримтад тулгуурлан бага хэмжээгээр эсвэл огт ноогдуулахгүй ч байж болно. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломжтой.
-Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой ямар өөрчлөлт орсон бэ?
-Хүүхдийн суурь тэтгэмжийг 1-11 хүртэлх насны хүүхдэд амьжиргааны доод түвшний 50 хувийг, 16-18 насны хүүхдэд 100 хувь олгодог байсан.
Ирэх оноос суурь тэтгэмжийг нас харгалзахгүйгээр бүх хүүхэд авдаг болно. Тэтгэмж өгч байгаа этгээдийн цалин хөлс, хөрөнгөд үндэслэн тэтгэмжийг нэмж тогтоож болно. Мөн тэтгэмж авах хүүхдийн насыг 21 нас хүртэл болгож өөрчилсөн.
-Гэрлэлтээ батлуулахдаа гэрээ байгуулдаг болж байгаа. Энэхүү гэрээгээр ямар зохицуулалт хийх боломжтой вэ?
-Гэрлэлтийн гэрээгээр хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хүүхдийн асуудлыг зохицуулж болно. Хосууд өөрсдийн хөрөнгийг гэрлэлтийн гэрээнд тусгана гэсэн үг. Салж байгаа тохиолдолд шүүх гэрлэлтийн гэрээнд үндэслэн хөрөнгийг хуваана. Ингэснээр хүүхдийн тэтгэмжийг амаар тохиролцохгүй гэрээгээр баталгаажуулдаг болж байна.
Гэрлэлтээ батлуулаагүй олон жил амьдарсан хүмүүсийн хөрөнгийн маргаан асуудал дагуулдаг. Энэ тал дээр ямар заалт нэмэгдсэн бэ?
-Хамтран амьдрагч гэдэг ойлголтыг илүү тодорхой тусгаж өгсөн. Хүүхдүүдийн тухайд гэрлэлт батлуулаагүй гэр бүлд төрсөн ч бай батлуулсан гэр бүлд төрсөн хүүхэдтэй нэгэн адил эрх эдэлдэг. Харин хөрөнгийн асуудлыг зохицуулахдаа 5-аас дээш жил тасралтгүй амьдарсан хүмүүсийн хөрөнгийг хуваах боломжтой.
5 жилийн хугацаанд тасралтгүй хамт амьдарснаа нотолж чадвал хамт амьдрах явцад бий болгосон хөрөнгийг хувааж болно.
Шинээр гэр бүл болж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Гэрлэлтээ батлуулж байгаа хосууд ДНХ-ийн шинжилгээ өгөх боломжтой зохицуулалт орж ирсэн. Энэ нь ураг төрлийн холбоотой хүмүүс гэр бүл болохоор сэргийлнэ. Ер нь гэр бүл болно гэдэг нь насанд хүрсэн хоёр хүний сайн дурын үндсэн дээр гаргасан шийдвэр байдаг. Тиймээс хэн нэгэн хуулийн этгээд, байгууллага хариуцлага хүлээнэ гэж ойлгож болохгүй. Иймд гэр бүл төлөвлөлтөө сайн хийж, хайраас үүссэн үр хүүхэд хохирох эрсдэлийг битгий бий болгоорой. Бүх гэр бүл аз жаргалаар дүүрэн байх болтугай.
Ярилцсанд баярлалаа.
Шууд үзэх:
