m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
4 цагийн дараа
82
Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас дэвших боломжит нэр дэвшигчид

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсноор 2027 оны сонгууль ирэх оны гуравдугаар сарын 19-нд багтаан товлогдох нөхцөл үүссэн. 

УИХ-д суудалтай 5 нам, эвсэл нэр дэвшүүлэх эрхтэй. МАН, АН-ын хувьд Ерөнхийлөгчид горилогчид хөшигний урд, ард тодорсоор байна. Хамгийн сүүлийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, ХҮН намууд өрсөлдсөний үр дүнд У.Хүрэлсүх (МАН)-67.69%, Д.Энхбат (ХҮН)-20.31%, С.Эрдэнэ (АН)-5.99% санал авсан. Үүнээс харвал ХҮН намаас энэ удаа хэн нэр дэвшихээс хамаарч сонгуулийн үр дүн шийдэгдэнэ.

ХҮН намын дарга Тогмидын Доржханд цаг үеийн нөхцөл байдлын талаар өгсөн ярилцлагадаа дараах өнцгүүдийг онцлов:
✅126 гишүүнтэй анхны парламент Монгол Улсын эрх ашгийнхаа талд шийдвэр гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгоё, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлая, шоронгийн түлхүүрийг Ерөнхийлөгчөөс салгая
✅ХҮН нам Ерөнхийлөгчөө захиална. Боловсролтой, англи хэлтэй, гадаад улстай чөлөөтэй ойлголцдог, аль нэг намын харъяалалгүй, амьдралын хор нь гарсан буурал өвгөн дүр байгаасай
✅ХҮН нам Монгол Улсын эсрэг муу юм хийж байгаагүй, Монгол Улсын засаглал тогтвортой байх талд мөнхөд явж ирсэн
✅Бид судалгаагаа татаж үзсэн МАН, АН хоорондоо ойрхон 20 орчим хувьтай, ХҮН нам яг ард нь 12% рейтингтэй байна. 36 жил хоёрхон намтай явж ирсэн, өнөөдөр ХҮН нам орон даяар салбар нэгж, үүртэй, 100,000 давсан дэмжигчтэй болсон, бодлогын хувьд ч, гишүүнчлэлээрээ ч энэ хоёр намтай эн тэнцүү үзэх хэмжээнд хүрсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга томилогдоод буй юм.

Манай редакцийн зүгээс ХҮН намаас нэр дэвших өндөр магадлалтай кандидатуудыг дараах байдлаар таамаглав.

Дефакто Д.Жаргалсайхан - Тус намыг үүсгэн байгуулагчдын үзэл санаа, үйл хэргийг сайшаан дэмждэг. 2021 онд ХҮН намаас өрнүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд олон нийтээс нэрлэгдэж топ-5 дотор орж ирсэн. Тухайн үед санал тавихад соёлтойгоор татгалзсан хэдий ч Д.Энхбатын сонгуулийн кампанит ажилд гар бие оролцсон. Түүний хувьд 1984 онд Москвагийн их сургуульд эдийн засагч, 2002 онд АНУ-ын Денверийн их сургуульд магистр хамгаалсан, англи, орос хэлтэй, нийгэм эдийн засгийн халуун сэдвүүдэд олон нийтэд өөрийн байр сууриа тогтмол илэрхийлж ирсэн сэхээтэн дүр.

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан - Ардчилсан хүчний холбоо УИХ-д олонх болоход 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг нэр төртэй хашсан. Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, эдийн засаг худалдааг өсгөх, гадаад харилцааг өргөжүүлэх, эрчим хүчний шинэчлэл хийх чиглэлд эрс шийдэмгий ажилласан Ерөнхий сайд. Боловсрол 1978 онд Киевийн улсын их сургууль, олон улсын эдийн засгийн харилцаагаар төгсөж, АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн, англи, орос хэлтэй. 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын стратегийн зөвлөх, 2024-2025 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажилласан зэргээс үзвэл тус намтай маш ойр харилцаатай.


Датакомын Д.Энхбат - 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН нам “Ерөнхийлөгчөө захиалъя” аян өрнүүлж, Д.Эххбат хамгийн өндөр саналыг олон нийтээс авч нэр дэвшсэн. Сонгуулийн үр дүнд Д.Энхбат (ХҮН)-20.31% санал авч том үр дүн гаргасан. Өнөөдөр ч тухайн сонгуульд Д.Энхбатыг ялуулж чадаагүйдээ Монголын ард түмэн харамсдаг. Энэ сонгуульд дахин нэр дэвших магадлал өндөр юмаа.

Хэдийгээр дээрх хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлээгүй байгаа ч өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж үзэхэд дээрх гурван хүний нэг ХҮН намаас нэр дэвших магадлал өндөр байгаа юм.