Ярилцлага
5 цагийн дараа
141
Д.Энхзул: Хүүхэд ойр ойрхон ханиад хүрэх нь дархлаа сул гэсэн үг биш

Томуугийн эсрэг эмийг эхний 24 цагт хэрэглэх нь илүү үр дүнтэй Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, ялангуяа бага насны хүүхдүүд өвчлөх нь элбэг байдаг. Хүүхэд ханиад, томуугаар өвдсөн үед гэрийн нөхцөлд хэрхэн зөв асрах, ямар эмчилгээ хийх, антибиотик болон ханиалгын сиропыг дур мэдэн хэрэглэх нь ямар эрсдэлтэй талаар Зинт клиникийн хүүхдийн уушгины эмч Д.Энхзултай ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалт ямар байна вэ?

Одоогоор томуугийн А вирусийн идэвхжил, тархалт өндөр байна. Томуугийн халдварын шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлэх нь зүйтэй. Эмч шаардлагатай шинжилгээ хийж, томуугийн халдвар мөн эсэхийг баталгаажуулсны дараа эмчилгээг эхлүүлнэ.

Томуугийн эсрэг вирусийн эмийг шинж тэмдэг илэрснээс хойш эхний 24 цагийн дотор хэрэглэвэл илүү үр дүнтэй. Харин 48 цагийн дотор хэрэглэсэн ч тодорхой үр дүнтэй байдаг. Амьсгалын замын вирусүүдээс зөвхөн томуугийн вирусийн эсрэг тусгай эмчилгээ бий. Бусад вирусийн халдварын үед хүүхдийн дархлаа тогтолцоо вирусийг өөрөө устгаж, бие махбод эдгэрдэг.

Хүүхэд нэг сарын дотор 2-3 удаа дараалан ханиад хүрэх нь хэвийн үү?

Эрүүл хүүхэд ердийн ханиад хүрсэн тохиолдолд дунджаар 7-10 хоногт эдгэрдэг. Шинж тэмдэг эхний гурван хоногт илүү хүчтэй илэрч, цаашид 7-14 хоногийн хугацаанд аажмаар намддаг. Зарим хүүхдийн хувьд эхний вирусийн халдвараас эдгэрч байх үедээ өөр вирусийн халдвар авах, эсвэл өмнөх халдвар нь үргэлжилж, бактерийн халдвараар хүндрэх тохиолдол бий. Харин шинэ халдвар авч, ойр ойрхон өвдөж байгаа нь дангаараа дархлаа сул байгааг илтгэхгүй. Энэ нь хүүхдийн нас, орчин нөхцөлтэй холбоотой хэвийн үзэгдэл байж болно.

Хүүхэд ханиад, томуугаар өвдсөн үед гэрийн нөхцөлд хэрхэн зөв асрах вэ?

Хүүхэд жилд дунджаар 6-8 удаа амьсгалын замын халдвараар өвдөх нь хэвийн. Энэ үед эцэг эхийн гэрийн асаргаа маш чухал. Юуны өмнө хүүхдэд шингэнийг хангалттай өгөх хэрэгтэй. Өвдсөн үедээ ердийнхөөс илүү шингэн уух шаардлагатай байдаг. Хүүхэд шингэн уухаас татгалзвал бага хэмжээгээр, ойр ойрхон соруулаар уулгах хэрэгтэй. Мөн хоолонд дургүй болсон үед нь хүчээр хооллохгүйгээр бага багаар, олон удаа хооллох нь зүйтэй. Жишээлбэл, өдөрт гурван удаа хооллодог хүүхдэд өвдсөн үед нь бага хэмжээгээр 7-8 удаа хоол өгч болно. Хүүхэд өөрийн идэх сонирхолтой байгаа хоол хүнсийг нь сонгон өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь шингэний дутагдалд оруулахгүй, хоол тэжээлийг нь тохируулан өгөх юм.

Ханиалгын сироп, антибиотик, вирусийн эсрэг эмийг дур мэдэн хэрэглэх нь ямар эрсдэлтэй вэ?

Хүүхдийн анагаах ухаанд ханиалгыг бүрэн зогсоох зорилготой эмийг ердийн байдлаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь ханиалгах нь амьсгалын замд хуримтлагдсан цэр, салст болон цочроогч бодисыг гадагшлуулах бие махбодын хамгаалах механизм юм.

Харин хүүхэд зогсолтгүй ханиалгах, ханиалгаснаас болж бөөлжих, цээж, хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрвэл эмчийн зөвлөсөн, тухайн насанд нь тохирох сироп хэрэглэж болно. Мөн хүүхэд халуурмагц антибиотик уулгах хандлага эцэг эхчүүдэд байдаг. Гэвч вирусийн халдварын үед хүүхэд гурав хоног орчим халуураад, өөрөө аяндаа эдгэрэх тохиолдол бий. Энэ үед антибиотик хэрэглэсний дараа эдгэрсэн мэт харагдаж болох ч үнэндээ вирусийн халдвар өөрөө намдсан байх боломжтой.

Тиймээс антибиотикийг зөвхөн эмчийн заалтаар хэрэглэх шаардлагатай.

Нярай болон тав хүртэлх насны хүүхдүүд яагаад амьсгалын замын халдварт илүү өртөмтгий байдаг вэ?

Энэ нь хүүхдийн анатомийн болон физиологийн онцлогтой холбоотой. Бага насны хүүхдийн хамрын хөндий богино, хэмжээ жижиг, амьсгалж буй агаарыг бүлээцүүлэх болон цэвэршүүлэх үйл ажиллагаа нь бүрэн хөгжөөгүй байдаг. Мөн гуурсан хоолойн диаметр бага, дархлааны тогтолцоо нь хөгжлийн шатандаа явж байдаг. Ялангуяа зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хүүхдийн дархлааны тогтолцоо идэвхтэй хөгжиж байдаг тул энэ насанд өвчлөл харьцангуй их тохиолддог. Харин хоёр наснаас таван нас хүртэл өвчлөх давтамж аажмаар буурдаг.

Хүүхэд өвдсөн үед цэцэрлэг, сургуульд нь хэдий хугацааны дараа явуулж болох вэ?

Хүүхдийн биеийн ерөнхий байдлыг харгалзах хэрэгтэй. Халууралт буурч, 24-48 цагийн турш халуураагүй, биеийн байдал нь сайжирсан, хүндрэлгүй бол цэцэрлэг, сургуульдаа явж болно. Мөн хүүхэд сард 2-3 удаа өвдсөн ч халдвар бүрийн дараа 10-14 хоногийн дотор эдгэрч, хүндрэлгүй байвал заавал дархлаа сул байна гэж санаа зовох шаардлагагүй. Харин өвчлөх бүрдээ хүндрэх, удаан хугацаанд эдгэрэхгүй байх зэрэг шинж илэрвэл эмчид үзүүлж, суурь шалтгаан байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.