Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
8 цагийн дараа
47
Таван шарын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлыг энэ онд дуусгана

Таван шарын төмөр замын нүхэн гарц орчимд явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 90 метр урт, гурван орц, гарц бүхий явган хүний гүүрэн гарц барьж байна. Барилгын ажлыг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтын ажлыг бүрэн дуусгасан бөгөөд одоогоор шат, налуу зам, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна.

"Нүхэн гарц" төслийн захирал М.Золбоо “Гүүрэн гарцын барилга угсралтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлсэн. Суурийн бетон хийцлэлүүдийг хийж дуусган, ган дам нуруу болон метал хийцлэлийн ажлыг үргэлжлүүлж байна. Дараагийн шатны шаардлагатай материалууд ирсэн. Одоогийн байдлаар нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Гүүрэн гарцыг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс налуу зам болон явган хүний зорчих хэсгийг шийдэж байгаа аж. Ингэснээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэн гарц ашиглалтад орсноор явган зорчигчид төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан аюулгүй орчинд зорчих нөхцөл бүрдэх юм. Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гарам дээрх хүлээлтээс үүдэлтэй хөдөлгөөний саатлыг бууруулах, авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Харин явган хүний гүүрэн гарц нь тухайн бүсийн иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах чухал бүтээн байгуулалт болох юм.