

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөрт зориулан уламжлалт үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг. Анх 1984 онд 60 жилийн ойгоор анх зохион байгуулсан 128 бөхийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Тэгвэл өнгөрсөн жилүүдийн Улс тунхагласны баярын барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэж байсныг эргэн саная.
Улс тунхагласны баярын барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн бөх хоёр байдаг. Энэхүү барилдаанд хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 1990, 1992, 1993, 1997, 1998, 1999 онд түрүү бөхөөр тодорчээ.
Харин улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа анх түрүүлж, улмаар 2013, 2015, 2016, 2017 онд дахин түрүүлснээр нийт таван удаа энэхүү барилдааны манлайд хүрсэн байна.
Харин сүүлийн хоёр жилийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын залуу заан С.Сүхбат дараалан түрүүлээд байна. Тэрбээр энэ жилийн барилдаанд дахин түрүүлж чадвал гурван жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болох юм.
