Нийгэм
5 цагийн дараа
138
С.Хангай Кембрижийн математкийн шалгалтад 200 оноо авч, дэлхийд тэргүүллээ

Кембрижийн олон улсын шалгалтад Монгол Улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэгч 40 гаруй сургуулийн сурагчид хамрагджээ. Үүнээс шалгалтын гүйцэтгэлээрээ тэргүүлсэн 11 сургуулийн 55 суралцагч Outstanding Cambridge Learner Awards шагнал хүртсэн байна. Тэдний нэг болох Шинэ Эрин сургуулийн 10А ангийн сурагч С.Хангай Cambridge IGCSE Mathematics шалгалтад 200 онооноос 200 оноо авч, Top in the World буюу дэлхийн хамгийн өндөр үнэлгээ хүртжээ. 

С.Хангай хэлэхдээ "Cambridge IGCSE Mathematics шалгалтад хоёр хэсгээр шалгалт өгсөн. Нийт 200 оноо авах ёстойгоос 200 оноо авч, Top in the World болсон.

Шалгалтдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлдсэн. Эхлээд хөтөлбөрийнхөө дагуу номоо үзэж, бүх сэдвээ дуусгасан. Харин шалгалт дөхөхөөр өмнөх жилүүдийн жишиг материалуудыг ажиллаж, шалгалтын арга барилдаа суралцсан."

Тэрбээр математикаас гадна хими, физик, компьютерын ухааны хичээлүүдийг сонгон судалдаг бөгөөд өдөрт хичээлийн цагаас гадна 3-4 цагийг бие даан суралцахад зарцуулдаг байна. Мөн дүүргийн математикийн олимпиадад амжилттай оролцож байжээ. Математик, шинжлэх ухааны хичээлүүдийг судлахдаа эхлээд онолоо сайн ойлгох хэрэгтэй. Үүний дараа бодлогоо бодож, бодлогын тавилтыг сайн ойлгож сурах нь чухал гэдгийг онцолсон. 

Түүнийг шалгалтад бэлтгэсэн математикийн багш М.Мөнхтүмэн мэргэжлээрээ таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил Шинэ Эрин сургуульд багшилжээ.  М.Мөнхтүмэн багшийн хэлснээр "Хангай хичээлээс гадуур өөрөө бие дааж их зүйл хийдэг. Олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Өөртөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай ажилладаг хүүхэд.

Хэдэн оноо авна гэж зорьсон, тэр зорилгодоо хүрэхийн төлөө хичээдэг. Энэ нь зөвхөн өөрт нь төдийгүй үе тэнгийн найз нөхөд, ангийнханд нь ч эерэгээр нөлөөлдөг.

Энэ жилийн шалгалтын онцлог нь өмнөх жилүүдээс өөрчлөгдсөнд байжээ. Өмнө нь тооны машин ашиглан боддог байсан бол шинэчилсэн хөтөлбөрөөр бүх бодлогыг тооны машингүй, гараар бодох болсон байна. Шалгалт Paper 2, Paper 4 гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд задлан шинжлэх, логик сэтгэлгээ шаардсан бодлогууд түлхүү орж ирдэг.

Задлан шинжлэх түвшний даалгавар ихтэй учраас хүүхдүүд зөвхөн томьёо цээжлэх биш, системтэй мэдлэгтэй байх шаардлагатай. Үүний зэрэгцээ өөрөө бие даан суралцах, ажлаа цэгцтэй төлөвлөх, хариуцлагатай байх нь чухал гэдгийг М.Мөнхтүмэн багш хэллээ.

М.Мөнхтүмэн багшийн хувьд өмнө нь 3 жилийн хугацаанд Хөвсгөл аймагт математикийн багшаар ажиллаж байсан бөгөөд хот болон аймаг сумдын хувьд боловсролын тогтолцоо өөр өөр байна. Жишээ нь Шинэ Эрин сургуулийн сурагчдын 80-аас дээш хувьтай суралцагчид өөртөө тавьсан зорилготой срах хүсэл эрмэлзэлтэй байхал, аймаг сумдын хүүхдүүдийн 40 орчим хувь нь л болосрол, сурахдаа илүү анхаарч хичээл зүтгэл гаргаж байгааг хэллээ.