Өндөр өсгийтэй гутал эмэгтэй хүн бүрийг дэгжин, өөртөө итгэлтэй, гоо үзэсгэлэнтэй, имижтэй харагдуулдаг.Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн гангараа яах аргагүй гутлаар тодорхойлогддог гэсэн үг. Тиймдээ ч өндөр өсгийт тэдний хөл, гуяыг тодотгож, өндөр харагдуулдаг ид шидтэй. Сүүлийн үед намхан ултай ч, эмэгтэйлэг дэгжин харагддаг гуталнууд олон болсон учраас залуу охидууд маань өсгийтэй гутал өмсөх эрэлт хэрэгцээ багасаад байгаа. Гэвч өндөр өсгийт хэзээд моодноос гардаггүй хэвээр учир ямар нэг баяр ёслол, арга хэмжээн дээр эсхүл болзоонд гарах зэрэг үед өсгийтэй гутал өмсөх шаардлага зайлшгүй тулгардаг. Та нарийхан өндөр өсгийтэй гутал өмсөхдөө зарим зүйлийг анхаарахгүй бол танд яваандаа эрүүл мэндийн тал дээр ихээхэн хүндрэлүүд гарч болзошгүй. Та өсгийтэй гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай!
1. Өсгийтэй гутлын өндрийг зөв сонгоорой
Өндрийг нь зөв тааруулж өмссөн гутал гоё сайхан алхааны баталгаа болж байдаг билээ. Мэргэжлийн хүмүүс өсгийтэй гутлын өсгий 5 см өндөртэй байх нь тохиромжтой гэж үздэг. Хэрэв та өсгийтэй гутлан дээр төдийлөн явж чаддаггүй, явж сурах аргаа олж чадахгүй байгаа бол 5-7 см өндөртэйг аваарай. Эхний ээлжинд 5-7 см-ийн өндөртэй гутлан дээр явж сурчихвал улам өндрийг өмсөх боломжтой болно гэсэн үг.
2. Размер бас чухал шүү
Гурван см-ээс дээш өндөртэй гутал өмсөхөд хөл бага зэрэг урагшаагаа шилжин, хөлийн эрхий хуруунд хамаг ачаалал ирдэг учраас аль болох том размерийн гутал сонгоорой. 5-9 см-ийн нарийхан өсгийтэй гутал худалдаж авахдаа өөрийнхөө өмсдөг размерээс 0,5 см-ээр илүү размерийг сонгох нь зөв. Харин 10-15 см-ийн нарийхан өсгийтэй гутал худалдаж авахдаа заавал нэг размер томыг авбал өмсөж явахад эвтэйхэн байх болно.16 см болон түүнээс өндөр гутал авахаар бол 1.5 размер томыг авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
3. Өмсөхөд эвтэйхэн байх нь хамгаас чухал юм
Ямар ч үед өндөр өсгийтэй худалдаж авахдаа өмсөж явахад эвтэйхнийг нь сонгохоо мартуузай. Ийм нэгэн мэргэн үг байдаг л даа. “Хорвоо дэлхий уужим шүү. Гэвч өмссөн гутал чинь хэт бариу байвал хорвоо дэлхий уужим байгаад ч нэмэр алга” гэж. Тийм учраас өмсөхөд төвөгтэй гутал авахаас шууд татгалз. Хэрэв хэт бариу гутал өмсөж явбал хөл маш ихээр хавдаж, дараагийн өдөр өсгийтэй гутал өмсөж чадахгүйд хүрнэ шүү.
4. Гадагшаа гарахаасаа өмнө түр азнаарай
Нарийнхан өсгийтэй гутал худалдаж авахаасаа өмнө сонгосон гуталтайгаа нэг байрлалд удаан зогсож үзээрэй. Хэрэв 10 гаруй минутын дараа хөлөнд чинь ямар нэгэн зовиур илрэхгүй, өмсөхөд эвтэйхэн байвал өөрийнхөө сонголтонд эргэлзэх хэрэггүй гэсэн үг.
5. Одоо алхахад бэлдээд
Гадагшаа гарахаас өмнө шинэ гуталтайгаа гэрийнхээ эргэн тойронд 15-20 минут алхаж үзээрэй. Хамгийн гол нь гоё алхах хэрэгтэй. Гоё алхахын тулд хөл хоорондын зайг зөв тохируулж сур. Өндөр өсгийтэй гутал өмссөн үедээ та том биш, бага багаар болон найган алхах хэрэгтэй. Ингэж алхвал таны алхаа хамгийн гоё, төгс төгөлдөр байх болно. Бүсгүйчүүд та бүхэн өндөр өсгийтэй гутал эрүүл мэндэд сөрөг муу нөлөөтэйг цаг ямагт санаж явахаас гадна боломж л гарвал гутлаа тайлж хөлөө амраах хэрэгтэй шүү!