Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
8 цагийн дараа
55
ОХУ-руу өндөр цалинтай ажилд оруулах зарын дагуу явсан 1 иргэн дайнд амиа алджээ
Гадаад харилцааны яам (ГХЯ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран цахим орчинд тархаад буй ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зар болон тус улсад цэргийн ажиллагаанд татагдсан монгол иргэдийн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хийлээ.
8 иргэнийг эх оронд нь буцаан авчирч, 9 хуурамч хаягийг устгуулжээ. 
ЦЕГ-ын мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Фэйсбүүк зэрэг цахим сүлжээнд “ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61–108 сая төгрөгийн өндөр цалин амлана” гэх утга бүхий зар мэдээллүүд нийтлэгдэж эхэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ОХУ руу хил нэвтрэх гэж байсан гурван иргэнийг саатуулан уг үйлдлээс татгалзуулсан бол энэ сарын 8-ны өдөр Улаан-Үд – Эрхүү чиглэлийн шууд нислэгээр хил давсан нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрах ажлыг ГХЯ-тай хамтран зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллагаас уг хуурамч зарыг түгээсэн цахим есөн хаягийг илрүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулан “Мета” компанид хандан устгуулсан.
Нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн Украины талд олзлогдсон тухай мэдээлэл бий гэлээ. 
Оросын талаас манай улсын иргэдийг цэргийн үйл ажиллагаанд албан ёсоор татан оролцуулсан зүйл байхгүй, харин хувь хүмүүс буюу зуучлагчдын цахим сүлжээнд тавьсан хуурамч зард итгэн сайн дурын үндсэн дээр явсан байжээ.