Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
85
ХААИС “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэж, амжилт, бүтээлээ дүгнэлээ

Хөдөө аж ахуйн их сургууль “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт амжилтаа танилцуулах, шилдэг судлаач, эрдэмтэн, багш, оюутнуудынхаа бүтээлийг алдаршуулах зорилгоор “MULS Science day-2026” өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус өдөрлөг нь “Research expo” судалгааны төсөл, инновацын үзэсгэлэн, “MULS Science day-2026” хүндэтгэлийн ёслол гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэв.
СУДАЛГААНЫ ТӨСӨЛ, ИННОВАЦЫН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
“Research expo” судалгааны төсөл, инновацын үзэсгэлэн ХААИС-ийн Хичээлийн төв байрны Хатантуул театрын өмнөх талбайд болж, бүрэлдэхүүн сургуулиудын хэрэгжүүлж буй судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацын бүтээлүүдийг олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэн нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг сурталчлахын зэрэгцээ судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байв.
2025 ОНЫ ШИЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЗОХИОГЧДЫГ АЛДАРШУУЛАВ
ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш, судлаачдыг алдаршууллаа.
2025 оны шилдэг өгүүллийн холбоо баригч зохиогчдоор:
 - Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Болдбаатар
 - Мал эмнэлгийн сургуулийн багш П.Ням-Осор
 - Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Д.Дашмаа
 - Агроэкологийн сургуулийн багш Д.Ундармаа
 - Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Р.Чанцалдулам
 - Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Е.Меруерт
 - Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Д.Кадырбек
 - Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш М.Довчинванчиг
 - Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Н.Бат-Эрдэнэ
 - ХААИС-ийн ректор Б.Баасансүх
 - Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар
 - Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Уранбилэг
 - Багш, оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн А.Алтанзул
 - Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох нар;
Нэгдүгээр зохиогчдоор:
 - Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Болдбаатар
 - Мал эмнэлгийн сургуулийн багш С.Цэнд-Аюуш
 - Мал эмнэлгийн сургуулийн багш Ц.Болормаа
 - Мал эмнэлгийн сургуулийн багш Д.Дэлгэрмөрөн
 - Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш М.Нарангэрэл
 - Агроэкологийн сургуулийн багш Д.Бямбасүрэн
 - Агроэкологийн сургуулийн багш Д.Хандсүрэн
 - Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Р.Чанцалдулам
 - Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Д.Кадырбек
 - Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш С.Отгонпүрэв
 - Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Д.Болормаа нар тус тус шалгарлаа.
2025 оны шилдэг өгүүллийн зохиогчоор Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Болдбаатар шалгарсан юм.
“ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА
Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжилтэй боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХААИС-ийн
• Мал эмнэлгийн сургуулийн Дотор өвчин, эм судлалын тэнхимийн дэд профессор И.Хатанбаатар
• Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн профессор М.Нарангэрэл
• Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн барилга байгууламж, машин судлалын тэнхимийн дэд профессор Б.Дуламсүрэн нарыг “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа.
ОЮУТНЫ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ДЭМЖСЭН ХОЁР ТӨСӨЛД 10 САЯ ТӨГРӨГИЙН ГРАНТ ОЛГОЛОО
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны шинэ санаа, санаачилгыг бодит ажил хэрэг болгох зорилгоор “Морьтон үндэсний адууны эмнэлэг” болон “Ди Жи Ветланд” ХХК-тай хамтран грантын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
- “Морьтон грант” хөтөлбөр
“Морьтон үндэсний адууны эмнэлэг”-тэй хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Мал эмнэлгийн сургуулийн Мал, амьтны эмнэлгийн эрхлэгч, багш, доктор П.Эрдэнэтогтохын удирдлага дор IV дамжааны оюутан Г.Билгүүн, Х.Ернур нарын боловсруулсан “Азарганы үрийг гүн хөлдөөж хадгалах, зохиомол хээлтүүлэг хийж төл хүлээн авах судалгаа” төслийн санал шалгарч, 10 сая төгрөгийн грант хүртлээ.
- “Ветланд грант” хөтөлбөр
“Ди Жи Ветланд” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт Дотор өвчин, эм судлалын тэнхимийн багш, докторант П.Нямсүрэнгийн удирдлага дор Мал эмнэлгийн сургуулийн IV дамжааны оюутан Б.Бямбадорж, III дамжааны оюутан Д.Түмэнхүслэн нарын боловсруулсан “Эрчимжсэн фермийн саалийн үнээний төллөхийн өмнөх ба дараах шилжилтийн үеийн бодисын солилцооны эмгэгийг эрт оношлох” төслийн санал шалгарч, мөн 10 сая төгрөгийн грантын санхүүжилт авлаа.
Ийнхүү оюутнуудын судалгааны хоёр төсөл нийт 20 сая төгрөгийн санхүүжилт авч, шинжлэх ухааны шинэ санааг практикт нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
- ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээлийн шалгаруулалт нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, бүтээлийн чанар, ач холбогдлыг үнэлэх, судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
- Докторантын шилдэг бүтээл
• Тэргүүн байр: Н.Тогтохбаяр удирдагчтай докторант Н.Солонго “Зөгийн бүлийн аж ахуй, биологийн зарим шинжид уураг витаминт тэжээлийн нөлөө”
• Дэд байр: П.Мягмарсүрэн удирдагчтай докторант П.Дулам “Адууны герпес вирусийн 1 ба 4 дүгээр хэвшлийн эсрэгбиеийг ялган илрүүлэх пептидэд суурилсан оношлуур боловсруулж, туршсан нь”
• Гутгаар байр: Б.Бадамсүрэн, В.Энхчимэг нарын удирдлагатай докторант Ш.Энхмаа “Монгол хонины зургаан үүлдрийн удам зүйн ялгааг микросателлит маркераар үнэлсэн дүн”
- Мал аж ахуй, мал эмнэлгийн магистрантын салбар хуралдаан
• Тэргүүн байр: Д.Эрдэнэчимэг удирдагчтай магистрант Д.Нямцэрэн “Бог малын мялзангийн вирусийн нуклеокапсид уургийн N-терминал хэсгийг рекомбинант аргаар гарган авах судалгаа”
• Дэд байр: Д.Дэлгэрмөрөн удирдагчтай магистрант Э.Бадам “Тахианы махан дахь тетрациклиний бүлгийн антибиотикийн үлдэц ба түүнд тэсвэржсэн нянгийн хоорондын хамаарлыг судалсан дүн”
- Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны магистрантын салбар хуралдаан
• Тэргүүн байр: Н.Бат-Эрдэнэ удирдагчтай магистрант Б.Энхжин “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) ашиглан халиун бугыг илрүүлэх, тоолох”
• Дэд байр: Н.Цэгмид удирдагчтай магистрант Г.Өсөхбаясгалан “Хиймэл үүрэнд үүрлэх идлэг шонхорын (Falco cherrug) үржлийн үеийн идээшил нутгийн хэмжээ болон популяцийн доторх орон зайн харилцаа”
- Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн магистрантын салбар хуралдаан
• Тэргүүн байр: Ж.Эрдэнэдалай удирдагчтай магистрант Д.Батзаяа “Үр тариа хураах комбайнд авто-жолоодлогын систем туршсан үр дүн”
• Дэд байр: Ж.Мөнгөн удирдагчтай магистрант М.Батбаатар “Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвасад мод тарих төхөөрөмжийн хийцийн загварчлал”
- “MULS Science day-2026” өдөрлөг нь ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн танилцуулж, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг үнэлэн алдаршуулахын зэрэгцээ залуу судлаач, оюутнуудын судалгааны санаачилгыг дэмжсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хөгжил, инновац, технологийн дэвшлийг бүтээж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаач, багш, оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!