Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-нд буюу өнгөрсөн бямба гаригт байгалийн гамшигт үзэгдэл болж, хүний амь нас эндсэн харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн.
Тухайн өдөр 16.00 цагийн үед маш хүчтэй салхи шуурч, найман см-ын голчтой мөндөр 30-аад минут орсон. Тус бүс нутагт таван айлын 29 хүн малтайгаа байсан байна. Тухайн үед ойролцоогоор 200 орчим мал, 60 орчим бод, 140 орчим бог мал мөндөрт цохиулжээ. Мөн энэхүү байгалийн аюулт үзэгдлийн улмаас нэг хүн машинтайгаа явж байгаад салхинд цохигдон 30 орчим метр өнхөрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Дээр нь нэмээд гурван модон байшин нурж, түүний дэргэд байсан автомашин дарагдсан. Түүнчлэн Ланд крузер Прадо дөрвөн км газар салхинд хийсээд задраад унасан тохиолдол гарлаа. Энэхүү аюулт үзэгдлийн улмаас нэг хүн амь насаа алдаж, 1-83 насны есөн хүн их, бага хэмжээгээр гэмтсэн байна. Ингээд тус газар ямар үзэгдэл болсон талаарх зураг болон бичлэгийг хүргэж байна.