Бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх, худалдааг хөнгөвчлөх явцад гарч байгаа хүндрэл шалтгааныг судлах, шийдвэрлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй “Цаг хугацааны судалгаа”-г Монголын гаалийн байгууллага гурав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тиймээс уг ажлын хүрээнд эхний шатанд судалгаа хийх ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийх ажилтнуудад зориулсан “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Гаалийн ерөнхий газар сургалт зохион байгуулж байна
Сургалтад оролцогсод гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” талаар арга зүйн мэдлэг, чадвар олж авах бөгөөд цаашид “Цаг хугацааны судалгаа”-г хийх чадамжтай болж, судалгааг үндэсний хэмжээнд хийх, гарах үр дүнд тулгуурлан гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм. Сургалт ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.