Хумс шигдэж ургах
Хөлний хурууны хумсны 1 тал эсвэл 2 тал мах руугаа шигдэж ургах нь элбэг тохиолддог. Үүнээс болж арьс нь улайж үрэвсэн хавдаж зарим тохиолдолд идээлж оймс гутал өмсөхөд хөндүүрлэж өвдөнө. Хөлийн аль ч хурууны хумс шигдэж ургах боловч дийлэнхидээ эрхий хурууных шигдсэн байдаг.
Хумс шигдэх нь хүүхэд, насанд хүрэгсэдийн аль насанд тохиолдох бөгөөд ихэд шаналгаа, зовиуртай өвчин юм.
Доорх хүчин зүйл шалтгаан нь байж болно.
Үүнд:
• Хумсыг буруу авах
• Гутал, оймс, трико бариу байх, Хүүхэд маш хурдацтай өсдөг тул гутал, оймс нь хундан багадах болдог. Иймд хэмжээг нь байнга томруулж байх шаардлагатай.
• Хөл ихээр хөлрөх, байнга цэвэр хуурай байлгаж чадахгүй байх
• Хөлийн хурууны гэмтэл (цохих, юм унагаах)
• Хумсны халдвар (мөөгөнцөр), бусад өвчнүүд
• Төрөлхийн хумсны хэлбэр, ургалтын онцлог (удамших нь элбэг)
Хумс шигдэж ургахыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, яаж урьдчилан сэргийлэх вэ?
• Хумсыг хайчаар авахгүй байх, хурууны өндөгтэй ижил хэлбэртэй авах, харин дугуйлж, лав авахыг хориглоно. Хүүхэд чинь хумсаа авахуулах дургүй бол унтаж байхад нь авах шаардлагатай.
• Хөлөө байнга савантай усаар угааж цэвэр хуурай байлгах, Хүүхдийн хөлийг савантай бүлээн усанд 10 мин байлгаад хуурайштал арчина.
• Хөвөнтэй савхыг ургамалын тосонд дүрээд шигдсэн хумсны хажуу арьс, зөөлөн эдийг гадна тийш нь иллэг хийх
• Бариу гутал өмсөхгүй, оймс, трико нь оёдолгүй байх (оёдлыг буруу харуулж өмсгөх) Аль болох олон цагаар гутал, оймсгүй хөл нүцгэн байлгах
• Өвдөлт намдаах зорилгоор парацетамолыг насанд нь тохирсон тунгаар уулгах
Эдгээр эмчилгээг 7 хоног хийгээд үр дүнгүй бол мэс заслын эмчид хандана.
Идээт үрэвслийг намжаах зорилгоор тохирсон антибиотикийг уулгаж эмчилнэ. Хүнд тохиолдолд хумсны шигдэж ургасан хэсгийг авах, суурь хэсгийг хусаж цэвэрлэх, хүчлээр түлэх мэс ажилбар хийдэг. Шигдсэн хумсыг эмчлэхгүй удсанаар ойр орчмын зөөлөн эд төдийгүй яс халдварлагдаж идээлдэг гэдгийг анхаараарай.
Шигдэж үрэвссэн хумсыг гэрийн нөхцөлд авах, буруу авах нь дахин шигдэх нөхцөл болдгийг анхаарах хэрэгтэй.