m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 06:41
480
"Төв номын сан" дэлхийд данстай Монголын соёлын өвийг танилцуулж байна

Бурхан багшийн анх номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” болон бусад сүм хийдэд хадгалагдаж байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл”, “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг залж, иргэдэд нээлттэй үзүүлж, сонирхууллаа.

Үзэсгэлэнгийн талаар Үндэсний номын сангийн "Сан хөмрөг"-ийн ажилтан Х.Түмэнбаяраас тодруулсан юм.

-Энэ бол Монголын үндэсний төв номын сангийн үнэт ховор номын музей юм. Эндээс Монголчуудын олон зуун жилийн тэртээгээс бүтээж, туурвиж ирсэн бичиг соёлын их өвийг харах боломжтой.

Зөвхөн үндэсний хэмжээний өв соёлын дээж гэлтгүй Ази номхон далайн бүс нутгийн өв, дэлхийн өв хадгалагдаж байна. Тодруулбал дэлхийд данстай гурван өв, бүс нутгийн хоёр өв байгаа. Энэ нь цөөн байна гэж ойлгож болохгүй. Данжуур гэхэд 226 боть, Есөн эрдэнийн ганжуур 110 гаруй  боть гээд тооцож үзвэл нэлээд их хэмжээний өв дэлхийд данслагдсан байгаа юм. 

Яг өнөөдрийн хувьд бол "Бурхан багшийн их дүйцэн өдөр"-т зориулан Манзуширын хийдэд бүтээгдсэн "Мөнгөн сангийн жүд"-ийг хүмүүст дэлгэн үзүүлэх зорилготой. Энэ дашрамдаа энэ их бичгийн өв соёлыг хүмүүст танилцуулж байгаа юмаа.