m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 08:47
386
Монгол орон даяар тоон технологид шилжлээ

Манай улсын Засгийн газар 2010 онд “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт энэ оны долдугаар сарын 31-ний өдөр аналоги нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхээр заасан. Дэлхийн дээр тоон телевизийн дөрвөн стандарт хэрэглэгдэж буйгаас манай улс Европ стандарт болох DVB-T2-ыг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн тоон телевизийн дөрвөн стандартаас манайх Европын DVB-T2-ийг ашиглахаар шийдвэрлэсэн.

Тоон технологид шилжсэнээр айл өрх бүр орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах боломжтой. Түүнчлэн телевизийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой аж.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулан асаахад бэлэн болоод байна. Цаашид энэ оны найман сард багтаан 117 сум, сууринд тоон станц суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байна.

Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны дарга Ц.Жадамба

-Өнөөдөр Монгол орон даяар манай салбарын мэдээлэл технологийн шилжүүлгийн командыг хүлээгээд байж байна. Яг энэ мөчийг бид олон жил хүлээсэн. Анх 2006 онд мэдээлэл технологийн салбарт шийдвэр гарсан тэр үеэс хойш Монгол Улсын Засгийн газар маш сайн дэмжсээр ирсэн. Тэр заалтаар энэ оны долдугаар сарын 31 нд тоон системд шилжих төлөвлөгөөтэй байсан. Монголчууд өнөөдрөөс хойш телевизийн өргөн нэвтрүүлгийг дуу, дүрсний  өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой боллоо. 

Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулсан

Дэлхийд дөрвөн төрлийн тоон системийн технологи байдаг. Манай улс DVB-M2-ыг сонгосон нь зөв алхам болсон. Олон хүн "Бид одоо зурагтаа шууд асаагаад үзэх юм уу? Аналоги болон тоон систем юугаараа ялгаатай юм бэ?" гэж  асууж байна. 2016 он хүртэл аналоги систем давхар явна. Харин 2016 оны зургаадугаар сарын 1-нээс тоон систем дангаараа д бүх орон даяар шилжсэн байна. Иймээс хэрэглэгчид "Set Top Box" төхөөрөмжийг худалдаж авах, шинэ зурагт авах бол тоон систем хүлээн авах хүчин чадалтайг нь сонгох болж байна.

Монгол Улс аналоги системээс тоон систем руу шилжих үйл явц  нэг жил зургаан сар үргэлжилсэн. Харьцангуй богино хугацаанд амжуулсан гэсэн үг. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн

-Улаанбаатар хотын хувьд төвийн болон алслагдсан дүүргүүдийн 10 байршилд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар суурилуулах ажлыг Нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан хийсэн.

Аналоги систем бүхий телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад дуу, дүрсний чанар хангалтгүй байдаг байсан. Дээр нь шуугиан болон харилцан нөлөөлөлд өртөх, телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжгүй хаалттай бүс үүсэх зэрэг дутагдалтай тал байсан бол тоон технологид шилжснээр үзэгчид дуу, дүрсний өндөр чанартай телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжтой болж байгаагаараа давуу талтай. Үүнээс гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт төхөөрөмжөөр үзэх бололцоотой болсон.

Өөрөөр хэлбэл гар утас, таблет төхөөрөмжөөрөө телевизийн нэвтрүүлэг үзнэ гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутагт шинээр суурилуулагдаж байгаа тоон телевизийн станцын хамрах хүрээний тархалтын тооцоолол, зураглалыг давхар хийсэн. Ялангуяа Улаанбаатар хотын байршил, газарзүйн онцлогоос хамаарч үндсэн станц байрлах гурван цэгээс гадна хаалттай бүс нутгийг тоон телевизийн дохио бүрэн хүргэх зорилгоор дахин дамжуулах станц байршуулах долоон газрыг тодорхойлсон. Эдгээр ажлын дараа Монгол Улсын өнцөг булан бүрт телевиз гарахгүй байна гэсэн гомдол үгүй болох юм байна.

Үзэгчид телевизийн нэвтрүүлгийг гар утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжөөр үздэг болно

Мөн ямар ч зурагттай байсан солих шаардлагагүй бөгөөд хувиргагч төхөөрөмж болох "Set Top Box"-ийг худалдан авч  одоо ашиглаж буй зурагтандаа холбоход хангалттай. Мөн сүүлийн үед зах зээлд шууд тоон телевизийн нэвтрүүлэг хүлээн авах бололцоотой DVB-T2 тьюнертэй зурагт худалдаалагдаж байгаа гэдгийг дуулгая.

“Масс агентлаг” группын  ТУЗ-ийн дарга  Ч.Даваабаяр

-Танд баяр хүргэе. “ETV" телевиз хоёр жилийн өмнөөс тоон системээр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн амжилтаар өнөөдрийг угтаж байна. Энэ талаар?

-Өнөөдөр Монгол орон даяар тоон системд шилжих нээлтийн ажиллагаа болж байна. Энэ бол түүхэн үйл явдал юм. Яагаад түүхэн гэж хэлж байна гэхээр Монгол улс 47 жил аналоги системээр телевизийн өргөн нэвтрүүлгээ цацаж байсан бол өнөөдрөөс тоон системд шилжиж байна.

Монгол улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж тоон технологи болон “Full HD” форматаар өргөн нэвтрүүлгээ цацаж, үзэгчид дуу, дүрсний өндөр чанарыг мэдрэх болно. Ийнхүү Монголд технологийн олон дэвшилт нэвтэрч байна.  

Манай “EТV” HD телевизийн хувьд “World Cup 2014”-ийг шууд дамжуулахдаа анх удаа Монгол Улсад тоон системээр дамжуулсан. Хэрэглэгчид дуу, дүрсийг сүүлийн үеийн технологиор өндөр чанартайгаар хүлээн авч үзэхдээ сэтгэл хангалуун байсан гэж бодож байна. Мөн саяхан Баянхонгор аймгийн наадмыг шууд дамжуулсан. Тус аймаг уулархаг учраас шууд дамжуулалт хүндрэлтэй байсан ч "ETV" телевизийн инженер техникийн хамт олон, уран бүтээлчид сигналын алдагдалгүйгээр маш өндөр түвшинд дамжуулсан. Энэ бол “ETV”-гийн хувьд тоон системийн шилжилтэд хоёр жил бэлтгэсний үр дүн юм. Мөн энэ орчинд бүрэн ажиллах чадвартай болсон гэж ойлгож болно. Өнгөрсөн зургаадугаар сараас тоон систем болон “Full HD” форматаар үзүүлж үзэгчдэд бэлэг барьлаа.

Нийт үзэгчиддээ телевизийн үйлчилгээ эрхлэгчиддээ бүгдэд нь тоон технологиор амжилттай ажиллаж Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, шинэ технологийг нэвтрүүлж, хамтдаа энэ салбараа хөгжүүлэхийг уриалж байна. Мөн бидний зүгээс үзэгчиддээ үргэлж  шинэ бэлэг барих болно гэдгийн хамт олныхоо өмнөөс хэлэх байна.

ETV” телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул

-Манайх тоон систем "Full HD"  хэдийнэ  шилжиж технологийн хамгийн өндөр түвшинд дэлхийн хамгийн том спорт болох ДАШТ-ийг үзүүлсэнийг үзэгчид мэдэж байгаа. Мөн баяр наадмын хурдан морьдын уралдааныг "ETV" телевиз түүхэндээ анх удаа дуу дүрсний өндөр түвшинд, маш сайн тайлбартайгаар шууд дамжуулсан. Баянхонгор аймгийн даншиг наадмыг шууд дамжуулж чадсан. Энэ бүхэн бидний зүгээс энэ жилийн эхний хагас жилийн байдлаар үзэгчиддээ барих бэлэгүүд байлаа. "ETV" энэ технологийн шинэчлэлтэд бэлтгэлтэй байсан. Цаашид бид тоон технологийн дэвшилтэд хамтарч ажиллана. Мөн  есдүгээр сараас эхлэн томоохон контентуудыг үйлдвэрлэнэ. Энэ болгоныг үзэгчид дуу дүрсний өндөр түвшинд хүлээн авах боломжтой юм.

“ETV”-гийн хувьд тоон системийн шилжилтэд хоёр жил бэлтгэсэн. Манай телевиз үзэгчиддээ үргэлж  шинэ бэлэг барих болно.

Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Б.Алтанхуяг

-Тоон системийн талаар та ямар ойлголттой байна вэ?

-Дуу, дүрсний өндөр чанартай болж байгаа юм байна. Хуучин зурагтууд жирэлзээд байдаг байсан. Одоо бол тийм зүйл огт байхгүй болж байгаа юм. Манайх "Монел" гэдэг хуучны зурагттай юм. Тэгэхээр шинэ гарч байгаа төхөөрөмж худалдаж авах шаардлагатай юм байна. Үнийн хувьд 70-95 мянга гэж байна. 70 мянга гэж байгаа нь одоохондоо зургаан суваг гарна. Дараагаас нь 16 суваг болно гэж байна.

-Үнэ нь хэр боломжийн санагдаж байна вэ?

-70 мянга гэвэл болж байна. 100-аас дээш бол монголчуудын ихэнх нь авч чадахгүй шүү дээ.

Чингэлтэй 13-р хорооны иргэн Т.Долгоржав

-Одоохондоо бүрэн ойлгоогүй л байна. Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол том зурагт зүгээр гарна гэж байна. Харин жижиг бол гарахгүй юм байх. Төхөөрөмж нь хараахан ирээгүй гэж байна. Манайх  LCD зурагттай болохоор шууд үзэх боломжтой гэнэ.