Бид энэ удаагийн “Mass зочин” буландаа Хятад судлаач, БНХАУ-д МОНЦАМЭ агентлагийн тусгай сурвалжлагчаар олон жил ажиллаж байсан. Сэтгүүлч, судлаач, орчуулагч Ц.Сүрэнжавыг урьж ярилцлаа.
-Та Хятад улсад олон жил сурвалжлагчаар ажилласан. Анх тэнд хэзээ очсон бэ. Ямар ажил эрхэлж байв?
-Ховд аймгийн Булган сумын уугуул хүн. 1972 онд сумынхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид орсон. Ингээд суралцаж байх хугацаанд буюу хоёрдугаар курсийн хагасаас эхлээд хятад хэлтэй "нүүр" тулсан. 1977 онд хятад хэлний анги төгссөн цөөн хүний нэг л дээ. Тэр цагаас хойш 40 жил хятад хэлний орчуулагчаар ажиллаж ирлээ. Би сурч, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажиллан, компанийн төлөөлөгчөөр сууснаа нийтэд нь тооцохоор өмнөд хөршид нийт 15 жил амьдарсан байна. Анх Хятад улсад 1987 онд хөл тавьсан юм. Тэгээд Хятадын зүүн хойт нутагт байх Ляонин мужийн төв Шенян хотын Ляонингийн их сургуульд хэдэн нөхрийн хамт жил хэлний дадлага хийсэн юм. Ажил төрлийн хажуугаар монголчууддаа хэлмэрчилдэг байлаа. Энэ хугацаанд миний их мэргэн багш Ч.Лувсанжав гүүш надад ганц зүйл захисан юм. “Энд ирсэн бүх монгол хүнд чи тусалвал бүтэхгүй. Эм болоод ном хайсан хоёр төрлийн хүнд чи тусалж бай” гэж хэлсэн. Би энэ ёсоор л 15 жил суухдаа хүмүүст тусалж ирсэн. Тухайн үед миний таньдаг улс “Олон даргатай танил больё гэвэл Бээжинд суу, Эрдэмд суралцаж ном бичье гэвэл Хөх хотод суу, Мөнгө хөрөнгөтэй больё гэвэл Эрээнд суу” гэдэг байсан.
Ном бичнэ гэдэг буян юм. Надад байдаг өв хөрөнгө бол ном, надад ховор нандин ном олон бий. Ном зохиол олноор хэвлэгдэн гарсанаар энэ нийгэм гэрэл гэгээтэй болж байгаа юм. Унших ном олдохгүй бол хүн ард яаж гэгээрэх билээ.
-Та сүүлийн үед голдуу түүхийн сэдвээр бүтээл туурвиж байгаа гэж сонссон. Бидний сонсож дуулаагүй хятадын эх сурвалжаас олж мэдсэн монголтой холбогдолтой түүхийн ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан вэ?
“Олон даргатай танил больё гэвэл Бээжинд суу, Эрдэмд суралцаж ном бичье гэвэл Хөх хотод суу, Мөнгө хөрөнгөтэй больё гэвэл Эрээнд суу” гэдэг байсан.
-Уг нь би МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн. Би түүх судлах маш их сонирхолтой. Хүн ерөөсөө хаашаа явахаа мэдье гэвэл хаанаас ирснээ эргэж харах хэрэгтэй. Манай Монголын түүх агуу. Бидэнд агуу их түүх бий. Бидний урд талд асар сайхан ирээдүй хаа байгааг олж харахын тулд ард өнгөрсөн агуу их түүхээ “үзэх” хэрэгтэй. Миний хувьд Монгол Улсын түүх сая 500 кв км газрын түүх биш. Хамаг Монголын түүхийг чадлынхаа хэрээр олж тайлья, Хятадын болон Мин гүрний, Чин гүрний түүх, цаашлаад Азийн түүх, дэлхийн түүхийн их хаалгыг нээх гэж оролдож байна. Түүхийн холбогдолтой хэд хэдэн ном бичиж дуусгалаа. "Хөх тэнгэрийн боол" энэ бол ерөөсөө Монголын түүх, монголын бичиг үсэг, түүх судар, шастирын тухай өгүүлсэн. Би чинь торгууд хүн. Торгуудуудыг Ижил мөрнөөс оройлон дагуулж нүүлгэж ирсэн Үүш хааны 330 захидлыг 260 жилийн өмнөх орос хэлнээс орчуулж бүх дагалдах бичиг, толь, тайлбар зүүлтийг дуусгаад хэвлэлд бэлтгэсэн. "Монгол Ойрадын цаазын бичиг" гэж 1640 онд одоогийн Тарвагатайн нурууны Мандийн баталган гэдэгт халх ойрадын хамаг ноёд цуглаад гаргасан эрүүгийн хууль байна. Үүнийг тод үсгээс буулгаж дууссан байна. Одоо эхийг бэлтгэж байна. Монгол Улсад гарч байгаагүй ном байх болно. Хэдэн зуун жил дагаж мөрдсөн эрүүгийн хууль юм. Энэ бол манай Монголын аль ч хуулийнхан олж үзээгүй. Хуулийнханд зориулж бид чинь ийм уламжлалтай, зүйл ангитай байжээ гэдгийг мэдүүлэх гэсэн юм. Тодруулбал, хуулийн чиглэлээр суралцаж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хүмүүст зориулсан гарын авлага нь байг гэж бодсон.
Надад байдаг өв хөрөнгө бол ном, надад ховор нандин ном олон бий.
-Ази тивийн түүхийг судлах нь таны сонирхол гэж сонссон энэ талаар?
-Монгол, Хятад, Ази тив цаашлаад дэлхийн түүхийг сонирхож суралцах нь одоо миний сонирхол гэх үү дээ. Сайхан үгээр хэлэх юм бол хобби болсон. Улс орон, хүн ард ер хэн ч байсан тэр урагш ахиж дэвшье гэвэл өнгөрсөн түүхээ ямагт эргэн харж байх ёстой гэсэн мэргэдийн үг байдаг. Учир нь хаашаа явах ёстойгоо тодорхойлохын тулд хаанаас ирснээ мэдэх хэрэгтэй юм гэнэ лээ. Ер нь нас ахиад ирэх тусам би хэн бэ билээ, миний удам угасаа юу билээ гэж боддог юм байна. Миний хүүхдүүдийн ээж 11 жилийн өмнө бурхан болсон. Тэр цагаас эхлээд эдгээр би хэн билээ, миний удам судар, түүх шастир юу билээ хэмээн тунгаасан. Хүн гэдэг амьтан гэдсээ тэжээх гэж орчлонд ирдэггүй. Харин гэгээрэх гэж ирдэг. Өөрийгөө танин мэдэхийн тулд өөрийн эрхгүй түүх рүү ордог юм билээ. Миний сонирхол гэвэл түүх, хууль, тайлагдаагүй нууц болох шинжлэх ухаан. Түүнчлэн шашны түүхийг маш ихээр сонирходог.
-Монгол, хятадын яруу найраг юугаараа ялгаатай байдаг вэ?
-Монголын яруу найраг үнэхээр гайхамшигтай. Улс, нийгэм арай өөр байсан бол манайхаас аль хэдийнэ тэр Нобелийн шагналтан төрчихсөн байх учиртай. Дэлхийд монголын яруу найраг яруу тансагт тооцогддог. Тодруулбал, монголын яруу найраг бол харахад хээ угалз шиг, уншхад гүн ухааны оргил тайлал мэт. Харин хятадын яруу найраг бол усан будгийн уран зураг мэт байдаг.
-Яруу найраг гэснээс та түүхэн уран сайхны найруулгын “Цацлын есөн дусал” нэртэй ном гаргасан. Энэ нь таны хамгийн анхны ном гэгддэг?
Улс орон, хүн ард ер хэн ч байсан тэр урагш ахиж дэвшье гэвэл өнгөрсөн түүхээ ямагт эргэн харж байх ёстой
-“Цацлын есөн дусал” номоо Бээжинд байхдаа тэрлэж, хэвлүүлсэн юм. “Цацлын есөн дусал” нэртэй бодрол бичиг л дээ. Есөн бүлэгтэй. Уг нь арван бүлэгтэй байсан юм. Тодорхой шалтгаанаар нэг бүлэг нь хасагдсан. Бас нэр нь өөр болсон. Өөрөөр хэлбэл, би уг нь тэнгэрт арван дусал өргөтөл нэг нь бууж ирээгүй гэмээр ч юм уу. Анхандаа “Хөх тэнгэрийн боол” нэртэй байсан юм. Хэвлүүлэхээр өгөхөд ийм өөрчлөлт гарсан юм. Би бичсэн номоо хүү, орчуулсан ном охиноо гэдэг. Энэ ном бол охин, хүү хоёр минь. Араасаа 40-өөд ном дагуулсан булган сүүлтэй юм.
-Хамгийн их хугацаа шаардаж, орчуулагдсан ямар ном байдаг вэ?
-Хамаг хичээл чармайлтаа гарган гурван жил нухсан нэг ном байдаг. Энэ бол агуу их “Монголын нууц товчоо” ном. 1800-аад хуудастай ном бөгөөд үсэг бүрийнх нь утгийг гаргаж орчуулсан. Би энэ их ажлын ард гарч чадсан. Одоо би номоо хянан тохиолдуулдаг хүн эрээд олохгүй байна. Хэлний эрдэмтэдийн хувьд цаашлаад хятад хэл судлаагүй учраас хянан тохиолдуулагч олдохгүй байна. Энэ бол амар хоол биш. Онц хариуцлагатай, тун чимхлүүр ажил. “Нууц товчоо”-г тайлбарласан, хянан тохиолдуулсан манай өмнөх үеийн, өнөөгийн эрдэмтэн мэргэдийг үгүйсгэж гоочилж буруутгаж хэрхэвч болохгүй гэдгийг энд би зориуд хэлмээр байна. Агуу их сартваахи Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Т.Дашцэдэн, Д.Цэрэнсодном, Б.Сумъяабаатар, Ш.Чоймаа нарын мэргэдийн гаргасан хүчин чармайлтад би хувьдаа баярлаж байдаг. Гэхдээ эдгээр эрдэмтэн мэргэд хятад хэлийг хэтэртэл үзээгүй, ханз үсгийг ханатал сураагүй болохоор алдаа ташаагаас ангид байж чадаагүй санжээ. Хятад хэлийг ултай үзэж судлаагүй нь дээрх эрдэмт хүмүүсийн буруу огтхон ч биш. Ийм ажил хийж байгаа нь “Нууц товчоо” яг үнэндээ чухам ямар юм байсныг уншигч олондоо өөрийн хэр бололцоогоор хүргэе гэсэн зорилго өвөрлөсөн хэрэг. Манай монголчууд, их эзэн Чингис хааны үр хойч үүнийг үзэх, унших, ухаарах дархан эрхтэй. Энэ эрхийг нь хүндэтгэж эдлүүлэх нь тэдний өмнө миний хүлээсэн үүрэг. Ерөөс “Нууц товчоо” бол ганц нэг хүн байтугай хэдэн үеэрээ судлаад эс барах, тайлаад эс төгсгөх бидний монголчуудын өнийн их өв эрдэнэ юм. Алдаа дутагталтай хэсгээс цухасхан дурьдвал, "Монголын нууц товчоо"-нд Тэмүүжин найман шаргаа алдсан гэж гардаг. Тэр бол шарга морьд биш юм. Шаргатан найман адуу юм. Алдсан морьдоос нэг л шарга морь байсан гэж бичигдсэн байсан гэх мэтийн алдаа дутагдал байгаа юм. Залуучуудад хандаж хэлэхэд өөрийн түүх зан заншил, хэл соёлыг сайтар судлах нь чухал. Аливаа орчуулгын үндэс нь өөрийн үндсэн хэлээ сайтар судалсан байхаас эхэлдэг шүү гэж хэлмээр байна.
“Нууц товчоо” бол ганц нэг хүн байтугай хэдэн үеэрээ судлаад эс барах, тайлаад эс төгсгөх бидний монголчуудын өнийн их өв эрдэнэ юм