m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.04 06:12
538
Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутагт нь босгожээ

Орчин үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутаг болох Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ. Түдэвийн Цэвээнжав олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн бөгөөд "Сэрэлт" киноны Бумаагийн дүрээр Монгол түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Тэрбээр 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ. Анх 1936 онд Улаанбаатар хотод ирж, гар

үйлдвэрийн артeльд оёдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хаяa жижиг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ. 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад, 1944 оноос Улсын төв тeатрт тавдугаар зэргийн жүжигчин болжээ. Т.Цэвээнжав нь тайз, дэлгэцнээ дүр бүтээхдээ биe сэтгэл, үгийн чөлөөт байдлыг бүрэн гаргаж дотоод, гадаад чанарыг зөв холбож, уран сэтгэлээр баяжуулан энгийн, инээдмийн, эмгэнэлт, уянгын, гүн ухааны аль ч дүрийг уран хошин аястай болгодог онцлогтой жүжигчин байжээ. 1947 онд А.Корнeйчүкийн "Платон Крeчeт" жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол, 1948 онд Д.Намдаг, Ш.нацагдорж нарын "Залуу үe" жүжгийн багш Оюуны дүрд тоглож ,сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай,шийдэмгий чанарыг сайн үзүүлүж чадсан билээ. Харин 1951 онд Ойдовын "Далан худалч" жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан ,шунхай, башир авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ. 1954 онд А.Островскийн "Аянга" жүжгийн гол баатар хэмжээгүй харгис Кабаниха авгайн дүрд жүжиглэн харанхуй бүдүүлэг Орос орны харгис нь хэтэрсэн нударган баяны дүрийг бүтээсэн бол Дэн И Хэгийн "Буурал бүсгүй" жүжгийн Хуан Муд тоглохдоо хуучинсаг харгис дотуур тамиртай муу санааны хүч ихтэй дүрийг чадварлаг бүтээж шилдэг жүжигчин гэдгээ харуулжээ. 1960 онд Ж.Цэрэнгийн "Будамшуу" инээдэмт жүжгийн Пиглайд тоглож баяжих нэр алдар олохын төлөө хүслийн тулам болсон тэнэгдүү, харгис авгайн дүрийг бүтээжээ. Тэрбээр Монголын кино урлагийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд түүний бүтээсэн цайлган сэтгэлтэй шударга, наргиач зантай эмэгтэйн дүрийг бид кино дэлгэцнээс баясан үздэг билээ. Тэрбээр 1957 онд "Сэрэлт" киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүрд жүжиглэн орос эмчийг угтаж байгаа, дэлгүүрээс юм худалдан авч байгаа, шал угааж байгаа, бичиг заалган баллаж байгаа, лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь Бумаагийн дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсан зэрэг нь манай киноны урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлжээ. Т.Цэвээнжав 1963онд "Энэ хүүхнүүд үү" киноны нэгдэлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд "Морьтойч болоосой" киноны Дондогийн ээж Ханд, 1970 онд "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээжээ. Цэвээнжав гуайг найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан "Морьтой ч болоосой" ,"Энэ хүүхэнүүд үү", "Хөхөө гэрлэх дөхлөө" зэрэг кинонуудаас харж болно гэж МУГЖ, кино найруулагч П.Доржпалам

үнэлэн хэлсэн байдаг. Түүний энэ их хөдөлмөр зүтгэл, уран бүтээлч чанарыг төр засгаас өндрөөр үнэлж Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956 онд МУГЖ цол олгосон. Мөн Алтан гадас одон болон ойн мeдалиудаар шагнажээ. 1999 оны сүүлээр "Зууны мэдээ" сонины газраас явуулсан санал асуулгаар XX зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарч байжээ.