Нийслэлээс 60 гаруйхан км-ийн цаана Сүүж-Уул хэмээх өвөрмөц нэртэй нэгэн амралт байдгийг хүмүүс сайн мэднэ. Харин одоогоос дөрвөн жилийн өмнөөс сувилалтай болсныг зарим нэг нь дуулаагүй байж мэдэх юм. Монголчууд бид нийслэлээсээ хэдхэн км яваад байгалийн сайханд амарч, алжаалаа тайлах хувьтай хүмүүс. Байгаль дэлхийгээ хамгаалан, олон жил байгаагаар нь хадгалахыг хичээж, тэр нь ажил болсон амралтын нэг нь Сүүж-Уул юм. Минжүүрийн Лхамсүрэн гэх нэгэн буурай энэ амралтын суурийг тавьсан нь өдгөө олны талархлыг хүлээсэн сайхан амралт, сувилал болон өргөжжээ.
Ц.Батбаатар даргатай Сүүж-Уул сэргээн засах амралт, сувилалын хамт олон
Анх байгуулахдаа эгнүүлэн тарьсан мод нь ирсэн зочдыг угтан, үддэг жагсаалын цэрэг лугаа адил ургасаар 33 жилийн нүүрийг үзжээ. ЦЕГ-ын харьяа энэ амралтанд таван жил амарсан учир ямрыг нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэднээ, би. Хэн нэгнийг магтан дуулж, олон жилийн өмнөсөө танил учир ийн бичиж байна гэж уншигч та бүү бодоорой. Цагдаагийн байгууллагын харьяа учир тушаал ирсэн бол тус амралтынхан “мэдлээ” гээд дараагийн ажилдаа очдог болохоор нэг хүн тэнд “хадагдана” гэж үгүй. Үнэхээр хүний төлөө сэтгэл, зүрхээ зориулж байгаа энэ хамт олны тухай бичихгүй байхын аргагүй байсныг хэлэх нь зүйн хэрэг байх. Түүнээс гадана олон зуун амрагчдын хүсэлт байсныг энд дайх ёстой болов уу.
Ц.Батбаатар: Бидний бус ахмад үеийнхний үйл хэрэг өдий зэрэгтэй ажиллахад тусалж байна
ЦЕГ-ын харьяа сэргээн засах “Сүүж-Уул” амралт сувилалын даргаар дэд хурандаа, хурандаа цолтнууд ажилладаг. Тэдний нэг нь цагдаагийн хурандаа Ц.Батбаатар юм. Гурав дахь жилдээ энэ албыг хашиж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танай амралт, сувилалд ирсэн хүн бүхэн ам сайтай байх юм. Энэ юутай холбоотой юм бол?
-Амрагчид сэтгэл хангалуун байгаа нь миний сайных биш л дээ. Хамт олон маань сэтгэлээсээ ажилласных болов уу. Түүнээс гадна энэ сайхан амралтыг байгуулж, суурийг нь тавьж өгсөн ахмад үеийнхээ үйл хэргийг бид гутаах, унагаах эрхгүй хүмүүс.
-Сувилалын эмчилгээ нь хүндээ хүрч чаддагаас гадна, үйлчилгээ сайн, үнэ нь боломжийн, хоол нь үнэхээр сайн байгааг хэлэх ёстой байх?
-Амралт маань 1981 онд байгуулагдсан, өдгөө 33 жилийн нүүр үзэж байна. Харин сувилалтай болоод дөрвөн жил болж байна. Манай сувилалыг зориод ирж буй хүмүүст бид хүссэн эмчилгээ, үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажилладаг. Үнийн хувьд манайх хямдхан байгаа байх. Жирийн иргэн өдрийн 25.000, цагдаагийн алба хаагч тэдний ар гэрийнхэн 15.000 төгрөгөөр амарч, сувилуулах эрхтэй. Дэлхий нийтээрээ эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэх болсон энэ цаг үед бид ч бас сувилуулагчдынхаа эрүүл мэндэд тохирсон хоолоор үйлчлэхээр зорин ажил хэрэг болгосон. Тиймээс хүмүүс ам сайтай байгаа байх. Манай сувилалыг 2013 онд магадлан итгэмжилсэн. Түүнээс гадна ЦЕГ-ын харьяа газруудаас өнгөрсөн оны шилдэг байгууллага болсондоо манай хамт олон баяртай байна.
-Танайх хоттой ойр, байгаль сайхантай болохоор хөл тасрана гэж байхгүй юм. Гэхдээ танайхан байгалиа сайн хамгаалж чаддагт амрагчид баярлаж байна лээ?
-Энэ амралтын суурийг тавьсан М.Лхамсүрэн болон бусад ахмадууд байгалийн сайхан тогтоцтой амыг сонгож, олон сайхан мод тарьсан юм билээ. Үе үеийн дарга нар болон миний бие сайхан байгалиа энэ чигээр нь хадгалж үлдэхийг хичээж ирсэн. Зүлгэн дээгүүр явахыг хориглосон сануулга тавьдаг ч зарим хүн зам товчлох үүднээс гишгэдэг. Тиймээс бид энэ жил хашлага хийсэн. Хүний эрүүл, байгалийн сайханд гарч амрах нь хамгийн чухал шүү дээ.
-Өдрийн амрагчид олноороо ирдэг ч архидан согтуурч, сувилуулагчдын амгалан байдлыг алдагдуулдаггүй. Ямар арга хэмжээ аваад байна вэ?
- Цагдаагийн амралт гэдгээр нь хүмүүс бас эмх замбараатай байдаг.Түүнээс гадна манай амралт сувилалын байр хол байрласан нь нөлөөлдөг байх. Нөгөө талаас бид хуулиа биелүүлж 24.00 цагаас хойш цахилгаанаар хангадаггүй.
-Танайх их ачаалалтай байх юм. Цаг наргүй ажиллаж буй цагдаагийн алба хаагчид амарч сувилуулж амждаг болов уу?
-Жилдээ манайх нийт 4000 гаруй хүнд үйлчилснээс 1000-1200 нь сувилуулагчид. Цагдаагийн 8000 гаруй бие бүрэлдэхүүнд 30 ортой сувилал багаддаг. Өнгөрсөн жил 500 гаруй цагдаагийн алба хаагчид амарч, сувилуулснаас ес нь орон нутгаас ирсэн. Боломжийн хэрээр цагдаа, цагдаагийн ар гэрийнхнийг хүлээн авахыг хичээдэг. Манайх салбар амралтаа Хөвсгөлд байгуулсан. Энэ жил туршилтаар ажиллаж байна.
-Танай хамт олонд улам их амжилт хүсье?
-Баярлалаа. Манай хамт олон 50 ажилтан, алба хаагчтайгаар хүмүүст үйлчилж байна. Сайн хамт олны хичээл зүтгэлээр нэг амарсан хүн дахин дахин ирж амарч, сувилуулж байгаа нь бидний ажлын үр дүн гэж бодож байна.
Уул, ус, ургамал амьтан жигдэрсэн сайхан хангайд байрлах энэ амралт, сувилалын зүг жолоо залах хүн олон аж. Зун, намрын дэлгэр цагт амрахаар ирсэн хүмүүсийг татах нэг шалтгаан нь эмчилгээ сувилал юм. Тус амралтын Эмчилгээ эрхэлсэн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Х.Тогоосүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө танд Ард түмний гавьяат болсонд нь талархал илэрхийлье. Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ. Түүнээс хэдэн жилийг нь энэ сувилалд ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Би эрүүл мэндийн салбарт 33 жил ажилласнаас сүүлийн таван жил энэ сувилалд ажиллалаа. Саяхан иргэдийн санал асуулгаар Ард түмний гавьяат хэмээх эрхэм цолыг олгосонд баяртай байна. Санал өгсөн хүмүүсийн ихэнх нь надаар эмчлүүлсэн хүмүүс байгааг сонсох сайхан байсан.
-Танай сувилалд ямар төрлийн өвчтэй хүмүүс ихэвчлэн ирдэг вэ. Нөхөн сэргээх эмчилгээний давуу талыг нь та хэлж өгөхгүй юу?
-Сувилал ямар байх талаар эхлээд ярих ёстой байх. Байгалийн сайхан гэдэг хүнийг сэргээж, сэтгэлийг нь засаж өгдөг. Үүн дээр нь эмийн бус эмчилгээ хийж бид үйлчилдэг. Манайд ихэвчлэн мэдэрлийн гаралтай, цус харвалт, зүрх судас, нуруу, үе мөч, бөөрний үрэвсэлтэй өвчтөнүүд ирдэг. Физик эмчилгээ, бариа засал, зүү, төөнүүр гэх мэт уламжлалт эмчилгээг хийж хүмүүсээ эдгэрч байгааг харах сайхан байдаг. Харвалтаас үүдсэн саажилт, хэлгүйдэлт, нүүрний мэдэрлийн үрэвслийг дагнан 3500 гаруй хүнийг эдгээсэндээ баяртай явдаг.
-Таны ажилд амжилт хүсье.
Уламжлалт эмчилгээний их эмч Ц.Батгэрэл
Бариа заслын сувилагч Л.Энхтуяа, Ш.Сонинхүү, С.Нороврагчаа
Элсэн жин, бумба эмчилгээний сувилагч Т.Алтантуяа
Биеийн тамир эмчилгээний бага эмч Н.Мөнхбаатар
Физик эмчилгээний сувилагч Д.Дагийдаш
Бариа заслын сувилагч С.Нороврагчаа
Жилээс жилд үйлчилгээ, ажил нь сайжирч буй хамт олоны ажилд шинэхэн боловсон хүчин Үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга З.Оюунцэцэгийн хувь нэмэр их байгааг онцолмоор санагдсан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Танай сувилал, амралтын ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Жилийн дөрвөн улиралд ажиллагаатай амралт, сувилалд ажиллах амаргүй шүү дээ?
-Тиймээ амаргүй шүү. Би түрүү жил хүүхдээ хөтлөөд ажлаа хийдэг байсан. Сайн хамт олны хүчээр ард нь гарсан. Гэхдээ л манай эмэгтэйчүүд дотор хүүхдийг нь харах хүнгүй хүн цөөнгүй бий. Тийм болохоор даргатайгаа зөвлөлдөөд цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. Манай ажилчдын байрны ойролцоо цэцэрлэг байгуулж болох байр байгаа юм. Түүнийхээ гаднах талбайг тохижуулаад, доторх заслыг хийх ажил үлдээд байна. Хотоос зайдуу газар цэцэрлэгийн багшаар ажиллах хүн олдохгүй байгаа ч бид болгохын төлөө хичээх болно.
-Сувилалд амарч байгаа хүмүүс эмчилгээгээ хийлгэсээр хоолоо хөргөчих тохиолдол бий. Танайх энэ жилээс гал тогооны тоног төхөөрөмжөө сайжруулсан юм байна. Түүнээс гадна зочид буудлын чинь орчин сайжирч, зэрэглэл тогтоох боломжтой болсон мэт санагдлаа?
-Сувилуулагчдад хоол их чухал. Бид эрүүл мэндэд нь эерэгээр нөлөөлөх, шингэцтэй хоолоор үйлчлэхийг хичээдэг. Сүүлийн үед чихрийн шижинтэй хүмүүсийн тоо олширсон. Ийм өвчтэй хүмүүс хоолны дэглэм барьдаг учир тохирсон хоол хийж өгдөг. Мөн цагаан хоолтонд зориулсан цэс ч бий. Хоолны цагаасаа хоцорсон ч сувилуулагч халуун хоол идэх учиртай. Иймд мармедтэй болж хүмүүст үйлчилж байна. Зочид буудлын зэрэглэлийн талаар та сонирхлоо. Бид буудлынхаа орчныг сайжруулж электрон цоожтой болгон, логотой цагаан хэрэглэл, туузан бүтээлгийг хэрэглэх болсон. Буудлын стандартад ойртуулж, үйлчлэхийг хичээж байна. Зочид буудлын холбооны ерөнхийлөгч н.Батцэнгэл багш маань зөвлөж тусалдагт талархдаг.
Саяхан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол нар манай үйл ажиллагаатай танилцаад стандарт мөрдөн ажиллаж буйд талархал илэрхийлсэн. Байгалийн сайхан тогтоцтой газраа ашиглаад жуулчдыг татан боломжтой шүү дээ. Дэлхийн томоохон амралтын газрууд хүний анхаарал татсан үзэж сонирхох зүйл хийгээд олон жуулчдын анхааралд ордог. Бидэнд тийм боломж бололцоо бий.
-Таныг ажиглаад хийж бүтээх их хүсэл тэмүүлэлтэй байгааг анзаарлаа. Таны ажилд улам их амжилт хүсье.
-Баярлалаа.
Ахлах нягтлан бодогч Н.Оюунбаатар
Б.Пүрэвсүрэн ахлагчтай тогооч нар
Үйлчилгээний ажилтан Х.Хажидмаа, Ц.Батчимэг
Сувилалд дандаа тэтгэврийн насныхан байдаг байсан бол одоо өөр болжээ. Залуухан, ажлын ачаалалтай хүмүүс ч жилийнхээ ядаргааг тайлж, сэргээн засах эмчилгээг хийлгэнэ. Энэ нь ч зөв байх. Залуу насныхаа эрч хүчээр өвчин эмгэгийг үл тоон явсаар эцэстээ хүнд өвчтэй болсон хүмүүс бидний дунд олон бий. “Бага дээр нь эмчилсэн бол” хэмээн хожим нь амаа барихгүйн тулд өнөөдрөөс өөртөө анхаарал тавьж буйг сайшаах ёстой. Түүнээс гадна зуны дэлгэр цагт хүүхдүүдээ агаарт гаргах гэсэн хүмүүс олон байх болж.
Амралтын хойд хэсгэр урсах гол, нэг хэсэгтээ ундрах булгийг хүмүүс рашаан хэмээн ууж, зарим нь эмчилгээний журмаар хэрэглэх нь бий. Өдөртөө таван удаа хоол, цагаан идээгээр үйлчлэх нь сувилуулагчдад их таатай байх аж. Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж буй хүмүүсийн талаар сурвалжлага хийх болсноо бусдад хэлээгүй ч амнаас ам дамжсаар нэг л мэдэхэд амарч байгаа бүх хүмүүс мэдчихсэн байв. Тэд бүгд л баярласан сэтгэгдлээ хэлэхийг хүссэн юм. Бүх хүний сэтгэгдлийг багтаах боломжгүй тул төлөөлөл болгон дөрвөн хүнтэй уулзлаа.
Д.Саранцэцэг (Сонгинохайрхан дүүргийн иргэн)
-Эгч нь 2012 онд харвасан. Тухайн үед бие хүнд, сайн ярьж чаддаггүй, зүүн гар татсан байсан. Энд ирээд сэргээн засах эмчилгээ хийлгэж, зүү тавиулснаар эрс сайжирсан. Одоо гар зүгээр болж, сайн ярьдаг болсондоо баяртай байна.
С.Чулуунцэцэг (Сүхбаатар дүүргийн иргэн)
-Би дөрвөн жил энэ амралт, сувилалд ирж байна. Байгалийн сайханд хоол, эмчилгээ сайтай нь олон хүмүүсийг татдаг. Жилдээ нэг удаа ирээд амарчихаар сайхан байдаг юм. Зун болоод наашаа ирэхгүй бол нэг л болдоггүй юм. Хүнд ийм сэтгэгдэл төртөл ажиллаж чадаж байгаа энэ хамт олонд талархал илэрхийлье.
М.Борчулуун (Баянгол дүүргийн иргэн)
-Би энэ амралтанд анх удаа өвгөнтэйгөө амарч байна. Миний хүү цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор эрхийн бичгийг нь авч өгсөн. Үйлчилгээ, эмчилгээ сайтай болохоор ачаалал ихтэй байдаг юм байна. Би эмч хүн. Сувилал бүрт хүссэн аппарат хэрэгсэл байдаггүй. Харин Сүүж-Уул сувилалд хотын клиникт байдаг бүх аппарат, тоног төхөөрөмжөөр эмчилгээ хийж байгаад ахмадууд талархаж байна. Энэ сайхан хамт олноор эмчлүүлж, үйлчлүүлсэндээ талархаж энх явж, мөнх жаргахыг гэр бүлийнхээ өмнөөс ерөөе.
С.Төмөрбаатар (Баянгол дүүргийн иргэн)
-Би гэр бүлийнхэнтэйгээ ирж амарсандаа баяртай байна. Эмчилгээ, үйлчилгээ сайтай сайхан газар байдгийг мэдэж авлаа. Үүнээс хойш дахин дахин ирж амаръя гэсэн сэтгэгдэл төрлөө. Хүмүүсийн төлөө сэтгэл, зүрхээ зориулсан ажиллаж буй хамт олонд улам их амжилт хүсье.
Сэтгүүлчийн сониуч зан хөдлөөд яагаад Сүүж-Уул хэмээн нэрлэснийг сонирхлоо. Амралтын хойд хэсэгт байх сүрлэг уулыг дээрээс нь харахад яг сүүжний хэлбэртэй гэнэ лээ. Тиймээс ийн нэрийдсэн гэнэ. Долоо хоногт энэ амралтанд амрахдаа олон сайхан зүйлийг мэдэрсэн ч хамт олонд байх нэгэн чанарыг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Ц.Батбаатар даргатай хамт олон зангидсан гар мэт ажиллаж чаддаг юм билээ. Сувилагч хариуцсан ажлаа хийх ёстой.Түүнд гал тогооны ажил хамаагүй. Гэсэн ч тэдний хамт олон ачаалал ихэссэн үед тойрч суугаад элдэв зүйл ярин, инээлдэх зуураа 200 хүний хүлээн авалтын бэлтгэлийг базаах аж. Ажлын өдрүүдэд 60-80 хүнтэй байсан амралт баасан гаригаас хөл дарж, 200-250 болох нь энүүхэнд. Амралтын өдрөөрөө гал тогооныхондоо тусалсан эмч, сувилагч бусад албан хаагчид огт төвөгшөөсөн шинжгүй алхахыг харах сайхан байсан. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгийг харуулж, ажилдаа сэтгэлээ зориулан буй хамт олны үйл хэрэг өөдрөг байна гэдэгт эргэлзэх зүйл алга.