Шимтэглэй цэцэг нь цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг юм. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Биологийн латин хэллэг нь Geranium Монгол нэршил нь Шимтэглэй, оросоор Герань гэж нэрлэдэг. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээж олоод байна. Тал хээр, уул тал, цөл гээд дэлхийн хаа сайгүй тархан ургадаг цэцэг юм. Дээшээ 40-50см хүртэл өндөр ургана. Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгийн цэцэгстэй. Цэцэг нь дангаараа эсвэл хослож мөн баг цэцэг болон дэлгэрдэг. Шимтэглэй нь нэг наст, хоёр наст, олон наст гэсэн гурван төрөл зүйлд хуваагддаг . Олон наст шимтэглэй цэцэг нь дотороо 4 бүлэгт хуваагддаг байна.
Энгийн шимтэглэй / common geraniums /
Хаан шимтэглэй / regal geraniums /
Мөлхөө шимтэглэй / ivy geraniums /
Анхилуун үнэрт навчтай шимтэглэй / scented-leaf geraniums /
Энгийн шимтэглэй нь өдөрт нарны гэрэлд 6-8 цаг байх шаардлагатай. Зуны дулаан тааалмжтай агаарт сайн ургадаг. Мөлхөө шимтэглэйг сагсанд хийж дүүжилж ургуулахад тохиромжтой бөгөөд хагас сүүдэртэй сэрүүвтэр орчинд сайн ургадаг байна. Мөн гадаа цэцэрлэгт мөлхөө хэлбэрээр ургуулж болдог. Анхилам үнэрт навчитай шимтэглэйний гол чанар нь түүний навчнаас үнэртэх тансаг сайхан үнэр байдаг. Хаан шимтэглэй нь бусад шимтэглэйнээс гоёмсог үзэмжит цэцэгсээрээ ялгагдаг бөгөөд хагас сүүдэрлэг орчинд ургах дуртай. Хонь болон Арслангийн ордныхны ээлтэй цэцэг.
Хөрс
Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Хөрсний бүтцэнд (2:2:2:1) харьцаатай үржил шимт хөрс, навчит хөрс, бууц, элс орно.
Гэрэл
Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Өдрийн хурц нарнаас зайлсхийгээрэй. Иш нь сунаж навч нь жижигрээд байвал гэрэл дутсаны дохио.
Агаарын чийг
Өрөөний агаарын чийгшил дунд зэрэг байх нь тохиромжтой байдаг. Хэрвээ навч шарлаж захаараа хатаж эхэлбэл энэ нь чийгшил дутаж буйн дохио юм. Харин навч сулбайгаад унжаад эхэлбэл ус чийг ихэдсэний шинж тэмдэг. Навч ирмэгээрээ улайж эхэлбэл хэт сэрүүн агаартай байна гэсэн үг. Агаарын чийгшлийг нэмэх шаардлагатай бол устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна.
Усалгаа
Хоёр услагааны хооронд хөрсийг хатсан эсэхийг шалгаж байж дараагийн услагааг хийнэ. Услагаа ихэдвэл үндэс ялзарч цэцэг үхэх аюултай.
Дулаан
Өрөөний агаар хэт халуун байвал цэцэглэлт удааширдаг. Мөн хэт сэрүүн нөхцөлд удаан байлгавал цэцэглэлт багасаж навч шарлаж унадаг гэдгийг анхаараарай. Хөрсөн дээрх хэт хүйтрэлт өнгөрсний дараа буюу 6 сарын 10- аас хойш гадаа гаргаж тавьж болно. Өвлийн улиралд 10-15с дулаан орчныг бүрүүлж өгөөрэй. Зундаа 15-18с дулаантай байх нь тохиромжтой.
Бордох
( 10-10-10) гэсэн харьцаатайгаар бордоог найруулж сард нэг удаа ид ургалтын үе буюу 3-10 сар хүртэл бордоно.
Өвчлөлт ба арчилгаа
Навч болон цэцгэнд ус хүргэж болохгүй бөгөөд. Хүргэсэн тохиолдолд мөөгөнцөр болон бусад бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Хэт хүйтэн болон хөрсний чийг ихдсэнээс болж мөөгөнцөр үүсэх нь бий. Хатаж шарласан навч болон цэцэглэж дууссан цэцгийн ишийг тухай бүрд нь тасдаж авч байгаарай. Учир эдгээр муудсан навч цэцгийн иш нь шинээр ургах цэцэг навчны шим тэжээлээс хуваалцаж ургалтын явцыг удаашруулдаг байна. Мөн хортон шавьж үржих нөхцөл болдогийг анхаараарай.
Үржүүлэх ба тайралт
Хавар гурван сард цэцэглэхээс нь өмнө таналт тайралт мөн шилжүүлэн суулгалтыг хийнэ. Шимтэглэй хэт өндөр болж хөгширөхөөр цэцэглэлт нь удааширдаг тул хавар жижиглэж тайрах хэрэгтэй ингэснээр шинэ шилбэ навч үүсч цэцэглэлт ихсэнэ. Мөн бут хэлбэрийн тайралт хийснээр цэцэг гоё үзэмжтэй харагддаг. Шимтэглэйг хөрсөнд суулгахдаа үндэсийг нь хөрсний гүнд суулгаж болохгүй гүехэн суулгах нь тохиромжтой байдаг.Хэт гүнд суулгасанаас иш ялзарч мууддаг. Үржүүлэхдээ үрээр болон ишний найлзуураар үржүүлнэ. 11 сараас дараа жилийн 5 сар хүртэл цэцэг амардаг тул энэ үед нь сэрүүвтэр газар тавьж долоо хоногт нэг услана.г