m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.05 08:40
508
Цахирмаа цэцгийн арчилгаа, усалгаа

Дулаан ба гэрэл

Монголд нилээн өргөн тархсан Phalaenopsis төрлийн Цахирмаа нь +20+25 хэмийн дулаанд сайн ургадаг. Агаарын чийгшил өндөр тохиолдолд хамгийн ихдээ +32 хэмд ургаж чадна. Шөнө болон өдрийн дулааны хэлбэлзэл 4 хэмээс ихгүй байвал сайн. Амьдрах чадвараа хадгалах хамгийн бага хэм нь +16 хэм юм. Цахирмаа нь гэрэлд маш дуртай ургамал юм. Цахирмаа цэцэглэхэд гэрэл чухал үүрэгтэй. Хэрэв байгалийн гэрэл хангалтгүй бол нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгөөрэй.

Цахирмааг усалсны дараа хурц наран дор тавьж болохгүй тэгвэл түлэнхий үүсэж навч нь үхжих магадлалтай. Ер нь ямар ч үед нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Цахирмаа цэцэг маш мэдрэмтгий тул бордоо ихдвэл навч, цэцэг нь унжиж хорчийдог.


Хөрсний бүтэц ба бордоо

Ихэнх цахирмаа цэцэг байгаль дээр өөр модлог ургамлын найлзуур дээр “ургадаг. Ийм ургамлыг эпифит гэнэ. Иймээс тасалгааны нөхцөлд ургуулахдаа ус сайн нэвтрүүлдэг хөнгөн зориулалтын хөрсийг үүнд /модны холтос, хүлэр, полистриол, хөвд, оймын үндэслэг иштэй холимог хөрс/ сонгож аваарай. Савны ёроолд заавал дренажийн давхарга дэвсэж өгнө. Цахирмаа цэцэг маш мэдрэмтгий тул бордоо ихдвэл навч, цэцэг нь унжиж хорчийдог. Чухалчлан анхаарах ёстой зүйл гэвэл цахирмаад зориулсан тусгай бордоо байдаг ба та цэцгээ буруу бордоогоор бордож нэг өдрийн дотор цааш нь харуулах гээгүй л бол тусгайлан зориулсан тэр бордоог л хэрэглэх хэрэгтэй. Тус бордооны найрлага нь ердийн тасалгааны цэцгийн найрлагаас өөр байдаг байна

ЦАХИРМАА ЦЭЦГИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ

1. Юуны түрүүнд бид цэцэгээ савнаас нь шороотой нь бүхлээр нь салгаж авах хэрэгтэй. Олон жил болсон үндэс шороотойгоо нягт барьцалдсан байдаг. Савтай цэцгээ доош нь харуулж байгаад цэцэгнийхээ угаар барьж байгаад савны ирмэгээр нь ширээний булан ч юм уу ирмэгтэй зүйлд зөөлөн цохиход бүхлээрээ сугарч гарч ирнэ.

2. Хөрстэй нь гаргаж авсан цэцэгээ бүлээн устай саванд 15-20 минут байлгана. Ингэснээр хөрс зөөлөрч унана.

3. Нэг гараараа цэцэгээ бариад нөгөө гараараа шороог нь зөөлөн унагах хэрэгтэй.

4. Үлдсэн жижиг шороог нь шүршүүрээр шүршиж унагана. Бүлээн усаар, зөөлөн даралтаар шүршихээ мартав, ширүүн шүршвэл үндсийг гэмтээж халдвар оруулах магадлалтай.

5. За ингээд шороо нь унаад үндэс нь дангаараа үлдлээ. Ялзарсан, хатсан үндэсийг нь түүгээд таслаад хаяарай. Муудсан үндсийг ялгахад амархан, дотроо хөндий эсвэл устай байхаас гадна ихэвчлэн хүрэн өнгөтэй болсон байна, тэгэхдээ эрүүл үндэс ч гэсэн хүрэн өнгөтэй байх нь бий, гол нь хатуу байдаг. Тал нь ялзарсан тал нь эрүүл үндэсийг угаар нь авах хэрэггүй зөвхөн ялзарсан хатсан хэсгийх нь дээгүүр таслаж авах хэрэгтэй.

6. Шархалсан хэсгүүдийг халдвар болон ялзралаас хамгаалахын тулд идэвхжүүлсэн нүүрс түрхэж өгнө. Спирт агуулсан бодис түрхэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

7. Дараагийн алхам бол хатаах. Цахирмааг орой нь цэвэрлэж янзлаад салфеткаар арчиж илүүдэл чийгийг шингээж аваад хуурай салфеткан дээр тавьж хонуулна.

8. Ийнхүү хонуулахдаа хөрсөө мөн бэлдээд хонох хэрэгтэй. Хөрсөнд буй мөөгөнцөр болон бусад халдварт биет үржихээс сэргийлэхийн тулд хөрсөө урьдчилан халуун буцламгай усанд хийгээд дараагаар нь шүүж аваад дахиж халуун усаар булхаад хөргөсний дараа ургамлаа суулгаж болно.

9. Өглөө нь цэвэрхэн бөгөөд хатсан цахирмаагаа саванд шилжүүлж суулгана. Суулгах савныхаа ёроолд 3 орчим см зузаан дренаж /модны холтос, керамзит г.м/ хийнэ, дээрээс нь дор хаяж 1см орчим цахирмааны хөрс/тусгай хөрс/ хийгээд цахирмаагаа савны голд байрлуулна. За тэгээд л тал талаас нь жигдхэн хөрсөө хийж услаад л /хөрсөө хийнгээ услах нь хөрсийг нягтаршуулж өгдөг/ шилжүүлж суулгах ажиллагаа дуусгавар болно доо.

10. Бэлэн болсон савтай цэцгээ угаалтууранд тавиад 30-45 хэмийн усаар 3-4 минутын турш зөөлөн шүршинэ. Шүршиж дуусаад 20 орчим минут усыг нь шавхарч дуустал байлгаж байгаад гаргаж ирээд шаардлагатай бол хөрс нэмээд үгүй бол цонхны тавцан дээрээ байрлуулна.

11. Үндэс сайн бэхжтэл тулгуур ашиглах хэрэгтэйг анхаараарай.

ЦАХИРМАА ЦЭЦГИЙН УСАЛГАА

1. Маш зөөлөн усаар услах хэрэгтэй
2. Усны дулаан 30-45° хэмийн хооронд байх хэрэгтэй
3.Цахирмааны цангааг хамгийн сайн тайлдаг ус бол задгай талбайд цуглуулсан борооны ус /дээврээс тоссон борооны ус биш шүү, элдвийн бодис холилдож бохирдсон байдаг/

4. Өглөө услах нь хамгийн тохиромжтой, учир нь орой болтол хэрэгтэй чийгээ шингээгээд авчихдаг. Өглөө амжаагүй бол орой услаж болно, харин хэт орой буюу шөнө услах хэрэггүй. Учир нь шөнийн цагаар цахирмаа нь ус шингээх чадваргүй байдгаас болж үндэс нь ялзрах аюултай

5. Усалгааг зөөлөн “душ” маягаар хийвэл сайн, ийнхүү услах нь байгалийн усалгаатай хамгийн төстэй байдаг байна.

6. Усалгаа хийсний дараа 1 цаг болоод навч болон ургамлын голд тогтсон усыг арчиж/шингээж авах хэрэгтэй. Цэцгийн голыг ялзрахаас хамгаалж буй хэрэг. Цэцгийн гол ялзарсан тохиолдолд таны цэцэг амьдрах найдваргүй боллоо гэсэн үг тийм болохоор голд буй усыг байнга хуурай салфеткаар арчиж авч бай! Цэцгийн гол ялзарч буй хамгийн эхний шинж тэмдэг бол оройн навч угаасаа хүрэнтэн ус гүйх юм.

7. Шугамын ус нь зөөлөн /хатуулаг нь 8dH ээс хэтрэхгүй/ бол шууд карантны усаар шүршиж болно. Манай орны хувьд энэ нь тохиромжгүй, учир нь хатуулаг нь 8-аас их байдгаас гадна шохой ихээр агуулдаг юм.
8. Хэр ойрхон услах вэ ? – Хөрсийг бүрэн хатсаны дараа услана.
9. Цахирмаа нь халуун орноос гаралтай цэцэг тул өдөр болгон бүлээн усаар шүрших хэрэгтэй.


Зарим нэг мэдвэл зохих зүйлс

1. Хамгийн доод талын навч шарлан хорчийж эхэлвэл та айх хэрэггүй, байгалийн жамаар хөгшин навч нь хагдарч буй хэрэг, навчийг голын зураасын дагуу ураад хоёр тийш нь татаж авах хэрэгтэй. Харин бүх навч зэрэг шарлаж үрчийвэл түгшүүр зарлах хэрэгтэй. Үндэс мөөгөнцөрт идэгдээд үхжсэн тохиолдолд ийм шинж тэмдэг илэрдэг юм.

2. Цэцэглээд дууссан ишийг “унтаа үе”-нийх нь дээхэн талд хайчилбал цэцгийн шинэ бундуу үүсэх магадлалтай. Тэгэхдээ таны цэцэгний навчнууд “сэргэлэн” байгаа тохиодолд шүү дээ. Хэрвээ навчнууд ерөнхийдөө тамирдаж, бага зэрэг нимгэрэн сулбагар болсон бол цэцгийн ишийг угаар нь тайрах хэрэгтэй. Хайчлахдаа цэцгийн гол болон навчийг гэмтээхгүйн тулд угнаас нь 1 см орчим зайтай тайрах хэрэгтэй.

3. За тэгээд хэтрүүлж услахгүй, мөн усалгааг багадуулахгүй байхад цахирмаа тань ургаад л цэцэглээд л байна даа. Гурван усалгаа тутамд буюу ойролцоогоор 2-3 долоо хоног тутам цахирмааны бордоогоор бордох хэрэгтэй.
4. Чийг ихтэй боловч дулаан багатай газар цахирмаа маш амархан мөөгөнцөртөж үхдэг тул байрлуулах газраа тохируулан сонгох хэрэгтэй. Агаарын чийгшил ихсэхэд температур адилхан нэмэгдэж байх хэрэгтэй.

Монголд нилээн өргөн тархсан Phalaenopsis төрлийн цахирмааны төрлүүд