Сүүлийн үед бөхчүүд маань найраа, зодоон цохионы таагүй хэрэгт нэр холбогдож, нэр хүнд нь тааруухан л байна. Ийм үед зургаан залуу зааны сайхан үеийг өөрийн эрхгүй эргэн санах юм. Тэд нэгэн үе бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж, уран хурц барилдаанаараа үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Энэ үед эр эм, хөгшин залуугүй бөхөөр амьсгалж, бөхийн өргөөнд болсон барилдаан битүү үзэгчтэй болдог байж билээ. Ил цагаандаа гарсан найраанаас болж нэр хүнд нь навс унаад байсан үндэсний бөхийн нэр хүндийг энэ зургаан хүчтэн л аварсан юм. Хамгийн гол нь тэд авсан цолондоо бүрэн дүүрэн эзэн болж чаддаг байж. Тэд нэг бол Б.Бат-Эрдэнэ аваргад, эсвэл хэн нэгэндээ л унана. Харин бусад бөхчүүдэд унана гэдэг өдрийн од мэт ховор. Үнэхээр үеийнхнээсээ хол тасархай байж дээ.
Эдэн дундаас Ц.Цэрэнпунцаг заан цолыг хамгийн түрүүнд авсан, бас хамгийн түрүүнд найм давж үзсэн. 1994 оны баяр наадмаар Завханы хүчит заан маань хурц арслан Д.Мөнх-Эрдэнийг өвдөг шороодуулан долоо давж билээ. Тухайн үед Мөнх-Эрдэнэ Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд өвдөг шороодно гэдгийг бараг мартаад байв. Харин Цэрэнпунцаг түүнийг хаяснаар залуу үе хүч түрэн гарч ирж буйг харуулсан юм. Цэрэнпунцаг дараа нь өөртэй нь адил заан цолны болзол хангаад байсан Р.Гансүхийг хаяж, шөвгийн гуравт үлдсэн юм. Цэрэнпунцагийн хувьд хоёр шуундаа асар их бяртай гэдгээр үеийнхнээсээ ялгарч байлаа. Жүдогийн хүн болохоор ачих, тохох, хөмрөх гээд нисэлттэй, үзүүштэй мэх хийж барилдана. Басхүү аархуу зан нь олон хүний хайрыг татдаг байлаа. Даанч наадмаар Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарт олон удаа унаж, өндөр цолд хүрэх боломжоо алдсан даа.
Гарьд Б.Гантогтохын хувьд түүнтэй адил 1994 онд заан цол хүртсэн. Долоогийн даваанд “Том” Сүхбатад унаж яваад чөлөөтийн хүний мэдрэмжтэй барилдаанаар давсан нь монгол бөхийн гайхамшигт агшны нэг болон үлджээ. Тэрбээр үндэсний бөхөөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарт арай олон унасан байх. Харин чөлөөтөөр энэ хэдээсээ толгой илүү байсныг өнгөрсөн үеийн баримт гэрчилнэ. ДАШТ-ээс хоёр ч удаа медаль авах дөхсөн бөх шүү дээ. Гэвч жин их хасдаг байсан, удаа дараа хүнд гэмтэл авсан зэрэг нь түүний амжилтыг хойш татсан юм.
1995 оны наадам гэхээр хүн бүр залуухан аймгийн арслан Г.Өсөхбаярын дайчин, зоримог барилдааныг эргэн санах байх. Өндөр аварга тухайн үед нутгийн бөхчүүдийнхээ дэмжлэгээр начин цолд хүрсэн нь үнэн. Харин үүнээс хойш ёстой л мөнчгөрөөрөө хүч үзсэн дээ. Зургаагийн даваанд начин цолоо батлаад байсан Сумъяабазарыг, долоод ноднингийн дуулианы эзэн Б.Гантогтохыг харцагадаж дайрах мэхээр хаяж, заан цолтны эгнээг нэгээр нэмсэн хүчтэн. Өөрийн арал, чацаа ашиглаад барилдвал хэнийг ч тэсгээхгүй гэдгийг энэ барилдаанаар харуулсан гэж болно.
Өсөхөө заан болсны дараа жил Сумъяабазар энэ цолд хүрсэн. Зааны даваанд хүч бяр ихтэй Цэрэнпунцагийг даацтай хутгаад давж байлаа. Энэ үед түүний дүү Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлж, ахынхаа араас есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явсан нь монгол бөхийн түүхэнд үлдэх ховорхон агшны нэг билээ.
Үүнээс хойш 1997 онд А.Сүхбат, 1999 онд Б.Ганбат нар заан цолд хүрснээр зургаан залуу заан гэсэн үг бий болсон юм.
Одоо энэ бөхчүүд бүгд цолоо ахиулсан. Тэднээс А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар монгол бөхийн дээд цолд хүрсэн бол Д.Сумъяабазар улсын аварга, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар гарьд цол хүртээд байна. Тэд хамтдаа улсын наадмын найман түрүүг авч, бас найман удаа үзүүрлэжээ.
Зургаан хүчтэнээс наадмын үзүүр, түрүүнд хамгийн түрүүнд хүрсэн нь Сумъяабазар. Тэрбээр 1998 оны наадмын долоогийн даваанд хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэтэй барилдахдаа шахаж татаад, нэг хөл дээрээ долоон удаа догоноцоод давсан нь өвөрмөц барилдааны тоонд зүй ёсоор орно. Улмаар наймын даваанд Цэрэнпунцагийг хавирахад нь дагуулж тахимдаад давж, цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү булаалдахаар үлдэж байв. Сумъяа 1997 оны наадмын тавын даваанд өвдөг шороодсоны дараа хүчний бэлтгэл их хийсэн гэдэг. Ингээд дараа жилийнх нь наадам гэхэд эрс зузаарч, хүч бяр нь эрс нэмэгдсэн байлаа. Тиймдээ ч хоёр жил дараалан наадмын түрүү булаалдсан байх. Гэвч улсын баяр наадмаар Өсөхбаярт зургаан удаа унаж, том цолонд эрт хүрэх боломжоо алдсан. Хэрвээ наадамд түрүүлэхийг хүсч л байвал сайн найз, гол өрсөлдөгч Өсөхөөг хаях хэрэгтэй байдаг. Улмаар 1024 бөх барилдсан 2006 оны наадмаар түүнийг давж, түрүүлэх замаа засч байлаа. Сонирхуулахад Өсөхөөг хэрхэн хаях аргыг Х.Баянмөнх аварга түүнд зааж өгсөн гэдэг. 2006 оны наадмын өмнө тэд тааралдан хоорондоо юм ярилцжээ. Энэ үед хашир аварга түүнд “Чи яагаад Өсөхөөг хаяж чаддаггүй юм бэ. Уг нь чамд боломж бий шүү дээ. Анзаараад байхад чи түүнтэй хав барьцнаас барилдаж унаад байна. Харин Сүхбат шиг унахаас айлгүй зоримог барилдах хэрэгтэй” хэмээн зөвлөж. Сумъяа ч аваргын зөвлөсний дагуу урьдын адил хав золголгүй, сэрвүү барьцнаас мордоод давсан юм.
Гол өрсөлдөгчдөө зориулан мэх бэлдэхийн чухлыг А.Сүхбат аварга жинхэнэ утгаар нь харуулсан. “Жижиг” аваргын хувьд Сумъяабазар хамгийн эвгүй учраа нь байв. Түүнийг хаяж байж л наадамд түрүүлэх хүслээ биелүүлэх учиртай. Харин түүнтэй барилдахад дан болон давхар шуудагнаас хаяна гэдэг хэцүү. Ингээд бодсоны эцэст гар ачаа хамгийн боломжтой хувилбар гэдгийг ойлгож, энэ мэхийг бараг бүтэн жилийн турш давтсан гэдэг. Улмаар 2000 оны наадмын долоогийн даваанд энэ хоёр хүчтэн тунахад Сүхбат удаан бэлдсэн гар ачих мэхээрээ давж, наадамд түрүүлэх замаа зассан билээ. Энэ мэтээр тэдний хоорондын барилдаан, гайхалтай мэхнүүдийн талаар бичээд байвал барагдахгүй их юм гарч ирэх нь тодорхой. Тэд үндэсний бөхөөс гадна их спортоор давхар хичээллэж, эх орноо төлөөлөн тив, дэлхийд өрсөлдөж явсан бөхчүүд. Их спортын энэ их бэлтгэл амжилт гаргахад нь нөлөөлж байсан биз ээ.
10 гаруй жилийн өмнө монгол бөхийн ертөнцийг доргиож байсан энэ зургаан хүчтэн өдгөө цагийн эрхээр харьж, доороос гарч ирэх залуу бөхчүүдэд байраа тавьж өгсөн. Гэхдээ тэд барилдахаа больсон ч олны дунд домог мэт яригдаж, ард түмний хайрыг татсан хэвээр.
Улсын өндөр дээд цол авах нэг хэрэг. Харин түүндээ эзэн болж явах нь хамгийн чухал. Тэгвэл энэ зургаан хүчтэн цолондоо бүрэн дүүрэн эзэн болж чадсан юм. Зургаан залуу зааны үе ч сайхан байж дээ.