m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.07 04:16
261
Оффис хувцаслалтыг гудамжнаас хэрхэн “хулгайлах” вэ

Ажил дээр юу өмсөж болох, юу өмсөж болохгүй талаар нэлээдгүй урт хар жагсаалт байдаг болохоор л тэр. Хамт дэлгүүр хэсч буй найздаа “Чи энийг аваач” гэхээр “За намайг ийм өсгийтэй юм өмсвөл ажлынхны нүд орой дээр гарна. Жаахан охин биш дээ, ямар” гэнэ. Аятайхан юбка харагдаад хэлэхээр “Уг нь гоё юм аа. Даанч ийм бариу юбка өмсчихөөд яаж даргын өрөөнд орж, ардуур урдуур нь гүйх вэ дээ” гэх нь ч бий.

Тэгэхээр ажил хийдэг эмэгтэйчүүдэд тренд дагаж, өндөр өсгийтийг хашраах үе нь зөвхөн амралтын өдрүүд л болж таарах нь шив дээ. Гэтэл түүгээр чинь пүүз, биеийн тамирын хослолтой гүйж байх нь дээдийн жаргал байдаг бус уу? Ердөөсөө болохгүй нь ээ. Эрх чөлөөгөө тэгж ч нэг “дарлуулахгүй” шүү. Өдрийн талыг өнгөрөөж буй газартаа бид сайхан харагдахыг хүсэх эрхтэй. Арга зам нь ч энэ байна. Гудамжнаас суралцах Гэхдээ ажлын байрны ёс зүйн хар жагсаалтыг донсолгож, түйвээж, зөрчихгүй гэсэн шүүлтүүр тавиад тэндээс хэдхэн оффис хувцаслалтын трендийг харчихъя. Урин цаг ирж байхад өөртөө ч гэсэн урь оруулах шиг сайхан зүйл байгаа гэж үү?

1. Тод, тэгээд харандаан хэлбэртэй
Жирийн харандаан хэлбэртэйгээс залхаж гүйцсэн хатагтай нарт 2014 оны зунаас тусгайлан бэлдсэн зүйл бол тод хээтэй юбка. Толинд ойж буй мэт тэгш хэмт, абстракт, цэцгэн, шугаман гээд төрөл төрлийн өвдөг давсан “хайртууд”-аа гэрэлтдэг кофт, цулгай өнгийн юутай ч хослуулж болно. Ялангуяа орой нь арга хэмжээтэй үед ажлын данхар том цүнхнээсээ тусгайлан хийж бэлдсэн гоёлын түрийвчээ гаргаж бариад л чи бэлэн гэсэн үг.

2. Трапицнаас ч өргөнийг! 
Алхах тоолондоо өмссөн зүйлээ доош татаж биеийнхээ ямар нэгэн юмыг нуух шаардлагагүй хувцаслалт л ажлын байранд төгс тохирно. Харин үүнийг энэ хавар зуны трендтэй огтлолцуулаад харвал 100% тохирч буй нь “wide trouser” буюу өргөн өмд. Трапиц хүртэл дэргэд нь нарийдаж байхад бид урьд нь хэрхэн яаж скинниг өмсөх гэж оролддог байсан нь сонин шүү. Жич: Хатуу материалтай цүнх барихгүй бол чамд бүх зүйл сул хөвөөд байгаа юм шиг мэдрэмж төрж мэднэ.

3. Бариу шорт уу? Ёстой үгүй шүү 
Тийм ээ, оронд нь пиджакны дор өмсч болдог сул шорт л чамд хэрэгтэй. Загварын блоггер, фото модель Оливиа Палермог энэ тал дээр шилдэг нь гэж хэлж болно. Улаан хивсний ёслолыг хүртэл тэр үүгээр номхруулж байхад чамайг богино шортыг өдөр тутмын ширээний ард хөнгөхөн “суулгачихаж” чадна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бүсгүйчүүд ээ, дахин хэлье. Савхин, даавуун, торон гээд ямар ч материалтай байж болно, гол нь бариу л биш шүү.

4. Бүтэн харагдахын аз жаргал 
Энэ зуны бас нэгэн дуулиан шуугиан бол нэг өнгөөр дагнах тренд. Улбар шар, цав цагаан, хөв хөх, яв ягаан. Ямархан гэгээлэг байгаагаараа л чи шинэхэн хамтрагчиддаа хийж байгаа зүйлдээ дуртайгаа, тав тухтай ажилладгаа ойлгуулж дөнгөнө. Тиймээс ирэх сарын аль нэг өдрийг өнгөөр дагнаж гоёход зориулаарай. Бүхэлдээ бүтэн харагдахын аз жаргалыг мэдэр.

5. Унтлаганы өрөөний тав тухыг ажлын байрандаа
Хүн бүрийн дурыг татаж буй сүүлийн үеийн, хамгийн отгон байлдан дагуулал бол унтлагын хувцасны тренд. Яагаад гээч? Бүх хүн унтах дуртай, унтахын үр ашигт дуртай, унтахын тав тухад хайртай болохоор тэр. Түүнийгээ гадуур гарсан ч, өглөөнөөс орой болтол ажилласан ч мэдрэх боломжтойгоос гадна хамгийн гол нь орноосоо суга үсрээд гараад ирсэн мэт санамсаргүй төрхийг бүрдүүлж буй нь чухал юм.