Арван тавны цагдаагаас улбаатай, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тиймээс бид энэ удаа Сэлэнгэ аймгийг зорьж, Ерөө сум, Бугант, Дулаанхан тосгонд ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж энхийн манаач болсон дэд хурандаа нарыг дугаартаа урилаа. Хөдөө газрын буйдхан сум тосгонд 20-30 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж дэд хурандаа хэмээх эрхэм цолыг авсан цагдаа нар Монголд хуруу дарам цөөн байдаг. Тиймээс тэдний хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зэрэг дэв дээгүүр цагдаагийн дэд хурандаа цолоор шагнажээ. Гадаад хувцас ганган машинаас илүүтэй монгол дээл, морь унахыг чухалчилсан ёстой “хээгүй” гэж тодотгомоор тийм л хүмүүс бол сум, тосгоны хэсгийн төлөөлөгч нар юм.
ЕРӨӨ СУМАНД ЭЗЭНГҮЙ ХЭРЭГ НЭГ Ч БАЙХГҮЙ
Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Болд аймгийнхаа Мандал суманд төрж өссөн, хүний эмч мэргэжилтэй нэгэн. Багаасаа цагдаа болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн тэрээр Бугант тосгоны цагдан сэргийлэх ангийн эмчээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр “Согтуу хөлчүү хүмүүстэй ажиллах анхандаа хэцүү байсан. Хүний эмч мэргэжилтэй ч ёстой бурханы зурсан төөргөөр цагдаа болсон” гэв. Дараа нь цагдаагийн сургууль төгсөөд Бугант тосгонд хэсгийн төлөөлөгчөөр ирээд одоог хүртэл нийт 28 жил ажиллаж байгаа аж.Тухайн үед Бугант тосгонд архины албадан эмчилгээний газар, алт, мод бэлтгэлийн үйлдвэр гээд хөл хөдөлгөөн ихтэй хэрэг зөрчил их гардаг байж. Бугантад ирсний дараахан алтны үйлдвэрийн ажилчдыг дээрэмдсэн хэргийн араас сар гаруй нойр хоолгүй явахад шантармаар үе байсан гэнэ. Энэ тухай дурсахдаа дэд хурандаа Т.Болд “Тэр үед одоогийнхоос хамаагүй дээр байжээ. Одоогийн хүмүүсийн бодол санаа хэцүү болж. Хүмүүсийн толгойд байнга мөнгө бодогдож арга нь нарийсаж, хэрэгт холбогдвол танил талаараа шийдүүлдэг болж байна. Бас гэмт этгээдүүд хэргээ хүлээхгүй янз бүрийн арга хэрэглэнэ” хэмээн халаглаж байсан. Цагдаагийн газрын хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарч, “Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар”, аймгийнхаа хүндэт тэмдгийг энгэртээ гялалзуулсан тэрээр цагдаагийн байгууллагад зүтгэснийхээ хүчинд “Ерөө суманд эзэнгүй хэрэг нэг ч байхгүй” гэсэн юм. Сумандаа гарсан бүх хэргийг бүртгэлжүүлж, баримтжуулж авчээ. Энэ нь дараагийн цагдаа нар хүмүүсээ судлаж, цаг алдахгүй байхад их чухал юм байна.Бугантад хаа газрын нинжа нар ирж, алт олдохгүй бол хулгай хийдэг учраас цагдаа нар долоо хоног болгон явж зургийг нь авч бүртгэлжүүлдэг гэнэ. Т.Болд дэд хурандаагийнх ам бүл тавуулаа сайхан амьдарч байна. Хол газар зорьж очсоных хэдэн жилийн өмнө алтны компаниас хахууль авсан хэмээн хэвлэлээр бичүүлээд байсныг нь асуухад “Хүнээр байшин бариулья гэсэн чинь нэлээд том байшингийн суурь тавьчихсан байсан. Нураалтай нь биш гээд тэр чигээр нь орхисон. Одоо болтол торх хэвээрээ байгаа. Тэгсэн гадаадад байдаг дүү нар интернэтээр үзээд хөрөнгө оруулахаа больсон” хэмээн хошигносон юм.
Би өөрийнхөө удирддаг цагдаа нарын эхнэрийг ярих юм байвал надтай ярь гэдэг” гээд инээж суусан
ХӨДӨӨД 32 ЖИЛ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ХИЙЖ БАЙНА
Цагдаагийн алба цаг наргүй ч эр хүний хийморийг сэргээсэн бахархмаар сайхан алба хэмээн яриагаа эхэлсэн энэ эрхэм бол Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа М.Батнасан. Тэрээр Улаанбаатарт төрж, Дарханд өсчээ. Аав нь мэргэжлийн гэрэл зурагчин байсан тул багаасаа аавыгаа дагаж явсаар хэргийн газрын зургийг авч баримтжуулахыг чадамгай сурчээ. Анх 1983 онд Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа их зүйл сурсан гэв. Тэр үед унаа тэрэг байхгүй, хөтөлгөө морьтой хэргийн хойноос явдаг байж. Тэрээр “Номгон, Ерөө суманд хэсгийн төлөөлөгч хийж байхдаа хөдөө малчдынхаа гэрээр нэг бүрчлэн ордог байсан. Морь унаж явахад бие чангараад өвчин тусахгүй, хүмүүстэй ярилцаад суухад чөлөөтэй. Одоогийн хүүхдүүд байнга машин мотоцикль гэхээсээ илүү морь унавал дээр” хэмээн ой мод, ус ургамал жигдэрсэн сайхан нутагт ажиллаж байсан үеэ дурссан. Түүнээс яагаад олон жил тосгонд ажиллаж байгаа талаар асуухад “Төвөөс ажлын санал их ирж байсан ч хөдөө амьдрах хүсэлдээ хөтлөгдөөд явья гэж эргэлзэж байсангүй” гэв. М.Батнасан дэд хурандаа Номгон, Ерөө суманд 32 жил хэсгийн төлөөлөгч хийж явна. Түүнд Цэргийн гавьяаны одон, хүндэт медаль, “Цагдаагийн гавьяа” тэмдэг, цагдаагийн газрын гурван удаагийн хөдөлмөрийн аварга гээд цөм бий. Сэлэнгэ аймаг өгөөжтэй сайхан нутаг хэмээн бахархан ярьсан. Өдгөө гавьяаныхаа амралтанд гарах гэж байгаа ч залуу насандаа хэдэн сараар хэргийн хойноос явж бүлэг хулгайчид зэрэг олон удаагийн хэргийг илрүүлж явжээ. Дэд хурандааг хамт олон нь эмнэг морийг өөрөө сургаад, хөтөлгөө морьтой хэргийн хойноос явдаг байсан моринд хөтлүүлсэн цагдаа гэдэг юм билээ. Тэрээр “Анх Ерөө суманд ирж байхад дөнгөж мэндэлж байсан хүүхэд одоо 20 нас хүрч явна. Хамгийн гол нь цагдаа нарын ажиллах орчин их чухал. Мөн иргэдэд хууль дүрмийг сайн сурталчлах хэрэгтэй.Шинээр ирж байгаа цагдаа нарыг юманд яваад ирэхэд эхнэр нь уурлах юм. Би өөрийнхөө удирддаг цагдаа нарын эхнэрийг ярих юм байвал надтай ярь гэдэг” гээд инээж суусан. Түүний Ерөө суманд хийж бүтээсэн зүйл их. Сумынхаа талбайг нарны энергиэр асдаг гэрлээр тохижуулжээ. Мөн хашаандаа тохилог байшин барьж, олон төрлийн жимс тарьсныг харахад түүний хөдөлмөрч занг илтгэнэ.
79 НУУЦ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙЖЭЭ
Ерөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Н.Баярсайхан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж өсчээ. Барилгын техникумд суралцаж төгсөөд цэргийн алба хааж улмаар цагдаагийн байгууллагад хүчин зүтгэжээ. Алтанбулагаас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр Орхон, Сайхан сум, Баруунбүрэн, Цагааннуур гээд Сэлэнгэ аймгийн олон суманд ажиллаж байсан байна. Цагдаа нарыг ширүүн зантай гэж дүгнэх хүн олон ч Н.Баярсайхан дэд хурандаагаас амар амгалан мэдрэгдэх ажээ. Түүний ажил, амьдралдаа баримталдаг нэг зарчим бол шударга, юм бүхэнд сэтгэлээсээ хандах. Тэрээр цас бороо, салхи шуурганаар өдөр шөнөгүй, нойр хоолгүй явсан ч сэтгэлтэй л байх юм бол шантрахгүй гэдгийг залууст захисан юм. Дэд хурандаа Н.Баярсайхан баяр ёслол тэмдэглэлт өдрөөр гэрийнхэнтэйгээ ховор байх амаргүй албанд 26 жил зүтгэж явна. Сайн эр хүний ард сайн гэргий байдаг гэдэг. Түүний гэргий цай аягалангаа “Заримдаа хэдэн хоног, сараар сураггүй алга болчихно. Тэгээд нэг л өдөр ороод ирнэ. Үүнд нь бид дасчихсан” гэсэн юм. Гэрийнх нь хойморт “Цагдаагийн гавьяа” тэмдэг, цагдаагийн газрын хөдөлмөрийн гурван удаагийн аварга тэргүүтэй гавьяа шагнал байна. Гэргий нь сумынхаа малын эмчээр ажиллаж хүүхдүүд нь тусдаа гарчээ. Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 79 нууц хэргийг илрүүлж байснаа хуучлахад залуу цагаа дурсаад ч юмуу сэтгэл нь догдолж байв. Мөн тэрээр “Цагдаа хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийг чирэгдэлгүй л байлгах хэрэгтэй. Харин сүүлийн үед Судан руу цагдаагийн албан хаагчдыг энхийг сахиулах ажилд явуулж байгаа нь зөв. Олон орны дайчин эрстэй үүрэг гүйцэтгэж их юм сурчихаад эх орондоо ирнэ хэмээн их л сайшаасан. Хэдийгээр олон жил цагдаагийн албанд зүтгэж байгаа ч цаашид залуустай зөвлөх, орон нутагтаа хийх зүйл их байна. Ядаж л сумаа камержуулчих юм бол хэрэг төвөг буурна” гэсэн юм.
Гурван дэд хурандаа гавьяаныхаа амралтад гарахаар залгамж халаагаа бэлдээд, залууст зааж зааварлаад завгүй явна. Цаанаа л тайван дуу цөөнтэй мөртлөө цагдаагийн байгууллагын хэдэн арван жилийн түүхийг бичилцэж яваа эдгээр эрхэм хүмүүстэй яриад суухад сэтгэлд нэг л дулаахан байлаа.