m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.08 09:14
263
Халх голын ялалтын баярт Хэнтийчүүд 10 сая төгрөг төсөвлөжээ

Халх голын орчмоор цөмрөн орж ирсэн Японы цэргийн хүчийг Зөвлөлт, Монгол хоёр улсын цэргийн хамтарсан хүчээр бут цохин улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадсан Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна.

1999 онд Халхын голын байлдааны 60 жилийн ойгоор Хэнтий аймгаас Халхын голын байлдаанд оролцсон 110 ахмад дайчид бүртгүүлж байсан бол өдгөө 15 жилийн дараа гэхэд нэг нь ч үлдээгүй бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Харин 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 10, баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон хоёр, нийт 12 ахмад дайчин өдгөө энх тунх амьдарч байна.

“Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын төлөөлөгчдийн тойрон аялал, уулзалт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах, түүхийн хөшөө дурсгалуудад хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдын төлөөлөгчидтэй уулзуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, залуусыг өргөнөөр хамруулахыг ойг зохион байгуулах салбар ажлын хэсгээс Хэнтий аймагт тусгайлан үүрэг болгосны дагуу энэ сарын 19-30-ны өдрүүдэд ОХУ, Монгол улсын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, “Халх голын ялалт-75” зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе сэдэвт Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, үдшийн цэнгүүн болох бол 24-ний өдөр Хэнтий аймагт хүндэтгэлийн цуглаан, үлээвэр найрал хөгжмийн болон жагсаалын үзүүлэх тоглолт хийж, Чингис хотын төв талбайд байх ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын дурсгалын хөшөө, нэр нь үл мэдэгдэх зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан гэгээрлийн хурал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концерт, үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байгаа зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байна. Мөн Галшар сумын харъяат, Тамсагийн 6-р морьт дивизийн дарга агсан Ч.Шаарийбуугийн шарил дээр хөшөө самбар босгоно. Энэ бүх арга хэмжээнд аймгийн засаг даргын нөөц сангаас 10 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.