Байгалийн нөөцөд суурилсан эдийн засагтай улс орнуудын статистикийн асуудлаар Улаанбаатар хотын бүлгийн Удирдах зөвлөлийн гурв дахь удаагийн хурал Австри улсын Вена хотод энэ оны наймдугаар сарын 06-нд эхэлсэн байна. Энэхүү хурлыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), Үндэсний статистик хороо, Австрали улсын Статистикийн товчоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд есөн улс, олон улсын байгууллагын 24 төлөөлөгчид хуран цугларч хуралдаж байгаа аж. Монгол улсаас Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Б.Бадамцэцэгээр ахлуулсан төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцож байна.
Улаанбаатар хотын Удирдах зөвлөлийн хурал Вена хотод боллоо
Тус хурал нь Улаанбаатар хотын бүлгийн ажлын үндсэн чиглэлүүдийн хүрээнд гишүүн улс орнуудын хийсэн ажлын явцын тайлан, эдийн засгийн статистик үзүүлэлт, нийгмийн статистик үзүүлэлт, байгаль орчны статистик үзүүлэлт, тайлбар толь бичгийн хэлэлцүүлэг болон уул уурхай, уул уурхайн холбогдолтой үйл ажиллагааг тооцох гарын авлагын хэлэлцүүлэг гэсэн зургаан салбар хуралдааны хүрээнд явагдаж байна.
Монгол улсын төлөөлөгчид гишүүн улс орнуудын хийсэн ажлын явцын тайлан, эдийн засгийн статистик үзүүлэлт, нийгэм эдийн засгийн үзүүлэлт болон байгаль орчны статистик үзүүлэлт гэсэн салбар хуралдаанд 5 илтгэл тавих аж.
Хурлын эхний өдөр гишүүн улс орнуудын хийсэн ажлын явцын тайлан болон эдийн засгийн статистик үзүүлэлтийг хэлэлцсэн байна.
НҮБАҮХБ-ын төлөөлөгчийн тавьсан илтгэл нь уул уурхай, олборлох салбарын статистик үзүүлэлт, холбогдох тодорхойлолт, тус салбарын холбогдолтой сүүлийн үед гарсан ном товхимол, Улаанбаатар хотын бүлгийн эн тэргүүнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн асуудлыг голлон хөндсөн аж.