m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.13 01:52
405
Дипак Чопра: Би 30 жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ нэг ч удаа маргаж байгаагүй

Нэрт нэвтрүүлэгч Опра Уинфри олон жилийн өмнө тэмээ унасан Энэтхэг бүсгүйн зургийг хайчлан авч тэнд очино хэмээн мөрөөдөж байжээ. Гэхдээ хэзээ гэдгийг нь тэр мэдэхгүй байсан гэнэ. Тэрбээр өөрийн ярилцлагуудыг буулган суухдаа “Дараагийнх нь хэн бэ?” хэмээн бодсоор “Дипак Чопра ямар вэ” хэмээн продюсераасаа асуусан байна. Опрагийн продюсер түүнд студидээ урьж ярилцлага хийвэл ямар вэ гэж санал болгосон ч тэрбээр Энэтхэгт очиж ярилцвал зүгээр юм байна хэмээн шийджээ. Дипак Чопра Энэтхэгийн Дели хотноо мэндэлсэн бөгөөд тэрбээр олонд танигдсан зохиолч, эмч, илтгэгч аж. Дипак Чопра одоогоор 60 гаруй ном бичээд байгаа гэнэ.

Опра: Энэтхэгт ирэнгүүтээ би шоконд орлоо. Би бүх зүйлийг нэг удаагийн харалтаар харахыг хичээсэн боловч харах зүйл дэндүү их байлаа. Ягаан саритай бүсгүй скүүтерээр явж, хэсэг залуус бөөгнөрөн тамхи татах нь харагдана. Мөн  үхэрнүүд хог идэж, хүмүүс нь улаан гэрлээр зам гарцгаана. Энд улаан гэрэл нь бараг зөвшөөрөгддөг юм шиг харагдав. Бэлэвсэн эмэгтэйчүүд гудамжинд мөнгө гуйж, жижигхэн автобусанд чихцэлдэн явж, зургаан алхам гэрт л тав зургуулаа амьдрах боловч тэд аз жаргал дүүрэн харагдаж байлаа. Мөн Мумбай хотоос Таж Махал хүртэл миний урьд өмнө нь үзэж байгаагүй хамгийн сайхан спа сувилалууд байсан.  Тиймээс энэхүү аялалыг дүгнэхэд гайхалтай гэх үг л тохирч байлаа.

 

Опра: Таньтай энд суугаад ярилцах надад сайхан санагдаж байна. 1993 онд та миний шоунд ирж байснаа санаж байна уу. Тэгэхэд хүмүүс оюун ухаан-бие-сэтгэлийн харилцан холбоог мэддэггүй байсан. Харин та өөр бодолтой байж билээ?

Дипак: Тийм ээ, надад энэ талаар тодорхой мэдлэг байсан. Үүнийг би оюун санааны уламжлал гэж боддог юм. Ээж аавыгаа ажиглаж байхад оюун санаа болоод бие махбод ямар нэгэн холбоотой байгааг анзаардаг байсан. Харин одоо бол тархины үйл ажиллагаа бодол, мэдрэмж, бие тэр ч бүү хэл дархлааны системтэй холбоотой гэдгийг мэддэг болсон.

Опра: Эд бүгд холбоотой.

Дипак: Бүгд холбоотой.

Опра: Та бол энэ цаг үеийн хамгийн агуу бодолтой, зөв хүн, удирдагч. Би хорвоо дэлхийг харах өнцгөө улам л өргөн болгох сонирхолтой байдаг. Гэхдээ эхлээд би таньтай Энэтхэгийн талаар ярихыг хүсч байна?

Дипак: Миний өсч төрсөн нутаг эндээс хэдэн зуун километрийн зайд бий гэдгийг та мэдэх байх.

Опра: Танд гэртээ ирж байгаа юм шиг санагдаж байна уу. Эсвэл АНУ-д амьдрахаас арай өөр санагдаж байна уу?

Дэлхийн хаана ч байсан надад гэртээ байгаа юм шиг санагддаг

Дипак: Дэлхийн хаана ч байсан надад гэртээ байгаа юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж энд ирэхэд байгалийн өнгө, анхилуун үнэр, барилга байгууламжийн бүтэц зэрэг зүйлс миний дурсамжийг сэргээж байна.

Опра: Би Кирбигийн загалмайлсан охинтой хамт Мумбайд газардсан. Тэгээд бид хоёр замаар явж байхад тэр “Автомат тоглоомны гол дүрд орсон юм шиг санагдаж байна. Энд маш их зүйл тохиолдож байна. Гэхдээ та аль руу нь харахаа мэдэхгүй байна” гэсэн. Харин би хариуд нь “Чи аливаа зүйлийг өөрийнхөөрөө л харж байна. Надаас өөрөөр харсан юм шиг санагдсан үедээ хэлж байгаарай” гэж хэлж билээ. Түүний зөв байсан. Бид бүхнийг авч чадахгүй.

Дипак: Энэ бол зуун жилийн соёлт Энэтхэг. Энд байхад тохилог сайхан байдаг. “Халдлага” гэдэг бол сэтгэлд л байдаг зүйл.  Гэнэтийн бас зөрчилдөөн.

Опра: Сонирхолтой л юм. Мумбай, Агра, Жайпур хотуудаар явж байхад гадаад хүмүүст бол зөрчилдөөнтэй, замбараагүй юм шиг харагдах л байх. Харин тэд тайван, дөлгөөн харагддаг. Тэдний хэн нь ч бие бие рүүгээ хашгирахгүй байсан.

Дипак: Ядуурал хүмүүсийг уурлуулдаггүй. Гэхдээ хэт хүнд нөхцөлд байгаа хүмүүс заримдаа бухимддаг. Африкийн орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн олон зуун хүүхэд байдаг. Тэр улс ч гэсэн эдийн засгийн хөгжил рүү явж байдаг. Тэнд та ямар ч уур хилэнг олж харахгүй.

Опра: Яагаад?

Дипак: Бүгд биш л дээ. Гэхдээ өнгөрсөн үед тохиолдсон зовлон бэрхшээл  нь бидэнд сорилт болж өгдөг. Энэтхэг улсын хувьд энэ бүхнийг сэтгэлзүйн мөн чанараараа давдаг.

Опра: Мөн чанар гэж юу вэ. Энэтхэгт байхдаа би дээд зиндааны, дундад түвшний, борчуудын хорооллынхон гээд хэнээс ч асуусан тэд кармаг сайн мэддэг юм байсан. Энэ нь хэрвээ би хэн нэгэнд муу ч зүйл хийсэн сайн ч зүйл хийсэн ирээдүйд эргэж ирнэ гэдэг санаа юм билээ.

Дипак: Тийм ээ. Энэтхэгийн хүүхдүүд сайхан амьдрахын тулд сонголт хийх хэрэгтэй гэдгийг мэддэг болж өсдөг. Таны амьдрал бол сонголтуудын үргэлжлэл. Илүү их зүйлийг ойлгосон хүн илүү сайхан амьдралаар амьдрах магадлалтай. Хүний амьдрал ийм л байдаг. Миний амьдралыг тодорхойлох гурван үг бол үнэн, ухамсар, баяр хөөр. Таньд үнэн, ухамсар, аз жаргал байхад бүх сайхан зүйл бүрдлээ л гэсэн үг.

Опра: Та бага байхдаа өөрийн үг үзэл бодлоор бусдыг өөрчлөх юмсан гэж хүсдэг байсан уу?

Дипак: Миний ээж их ухаалаг хүн байсан. Тэр янз бүрийн зөв үзэл санааг үлгэрт оруулан надад ярьж өгдөг байсан. Харин аав минь Их Британид суралцсан зүрхний эмч хүн байсан. Ээж минь зүүний, аав минь барууны үзэлтэй. Би өөрөө Католик бас эмчийн сургуульд сурсан. Тийм болохоор үзэл бодлын тал дээр их будилж, зөрчилддөг байсан.

Опра: Та эмнэлэгийн даргаар ажилладаг гэсэн. Тэдний мөн оюун санаатай ажилладаг уу?

Дипак: Би өвчтөнгүүдээсээ асуудаг юм. “Та яагаад эдгэх хэрэгтэй юм бэ?” гэхэд тэд “Өвчнөө эдгээхийг хүсэж байна”  гэдэг. Би тэднээс “Өвчнөө эдгээх нь ямар хэрэгтэй юм бэ?” гэхэд “Би ажилдаа явна” гэдэг. “Ажилдаа явах ямар хэрэгтэй юм бэ?” гэхэд “Би төлбөрөө төлөх боломжтой болно” гэдэг. “Та яагаад ийм зүйлүүдийг хүсдэг юм бэ?” гэхэд тэд “Амаа тат аа. Аз жаргалтай байхын тулд эдгэмээр байна” гэдэг. Харин би тэдэнд яагаад анхнаасаа л “Аз жаргалтай байхын тулд” хэмээн хэлж боддоггүй юм бэ гэж хэлдэг.

Опра: Та өдөр бүр аливаа зүйлийг эргэцүүлэн бодож байдаг уу?

Дипак: Тэгэлгүй яахав. 40 гаруй жил. Би эргэцүүлэл дүүрэн ертөнцөд амьдрахыг хүсдэг. Та намайг уурлуулж юм уу санааг минь зовоож чадахгүй гэдгийг би хэлж чадна.

Опра: Үнэхээр тийм гэж үү?

Дипак: Юу ч болж байсан.

Опра: Тийм үү. /Инээв/. Та яаж ингэж чаддаг юм бэ?

Дипак: Би үргэлж өөрийгөө анзаарч байдаг. Энэ нь сүүлдээ бүр автомат болчихсон.

Опра: Та шүүмжлэлээ яаж барьдаг вэ?

Дипак: Сайн биш. Би түүнийг сайн барьж чаддаггүй. Би гомдож, маргаж, дайралтанд ч өртдөг. Гэхдээ би энэ үедээ өөрийнхөө хариу үйлдлийг ажиглаж эхэлдэг. Тэгээд би Нелсон Манделагийн миний амьдралыг өөрчилсөн үг, ишлэлүүдийг уншдаг. Тэр нэгэнтээ “Аливаа хүний эсрэг дургүйцэл нь хор ууж байгаатай адил. Харин итгэл бол дайсныг тань хөнөөнө” гэж хэлсэн байдаг. Би үүнийг хэзээ ч мартахгүй ээ.

Опра: Та өөрийгөө сайн удирддаг гэсэн үг үү?

Би 30 жилийн турш тэдэнтэй нэг ч удаа маргалдаагүй

Дипак: Миний эхнэр, хүүхдүүдээс асууж болно. Би 30 жилийн турш тэдэнтэй нэг ч удаа маргалдаагүй.

Опра: Та үргэлж өсч байдаг байх нь ээ?

Дипак: Тийм шүү. Би шинжлэх ухааны сэтгэхүйн хязгаарыг ойлгож эхэлж байгаа. Шинжлэх ухаан биднийг гайхашралд оруулдаг ч гэлээ энэ бол бидний тархины л бүтээл. Гэхдээ хэрвээ та эрдэмтдээс энэ бүхэн хаанаас гардаг вэ гэж асуувал тэр мэдэхгүй. Бүтээл, зорилго, хүсэл, сонголт хаанаас гарч ирдэгийг хэн ч мэдэхгүй. Гайхалтай байгаа биз. Зөвхөн та өөрийн ухамсрыг ойлгож, зөвхөн та өөрийн мөн чанарыг мэдэрдэг.

Опра: Эндээс би яагаад бүх зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдгийг ойлгож байна. Бас та олон ном бичсэн нь надад үнэхээр сайхан санагддаг.

Дипак: Би 65 ном бичсэн.

Опра: Энэ их хичээл зүтгэлийг би үнэлж байна шүү?

Дипак: Би зарим номдоо юу бичсэнээ ч мартчихсан.

Опра: Таны хамгийн сайн багш чинь юу байв?

Дипак: Чимээгүй байдал.

Опра: Тийм гэж үү?

Дипак: Би ямар нэгэн зүйлийг мэдэхийг хүсвэл чимээгүй болж, эргэцүүлэн бодож, өөрийгөө сонсдог. Эхнэр минь ч адилхан. Бид нэгдүгээр сар болгон ууланд очиж бүтэн сарын турш чимээгүй байдаг.

Опра: Бурхан минь.

Дипак: Тэр минь 20 жилийн турш үүнийг хийж байна даа.

Опра: 30 өдөр чимээгүй байх. Би оюун ухаанаа алдах байх. Магадгүй олж ч болох юм. /Инээв/

Дипак: Бид нэг удаа Утах мужийн хавцалд очиж хамтдаа чимээгүй байж билээ. Бид хоёр бүх хүмүүсээс харилцаагаа түр хугацаагаар тасалж ямар ч утас болон гадаад орчинтой харилцах хэрэгсэлгүй чимээгүй байлаа. Бид өөр өөрсдийн кабинд байдаг байсан. Гэхдээ өдөрт нэг удаа хамт гадуур алхах бөгөөд энэ хооронд мөн л ярихгүй. Бичиж ч болохгүй, чимээгүй л байсаар байдаг.

Опра: Ердөө л чимээгүй байх.

Дипак: Манай өрөөнд олон хулгана байдаг байсан. Би ч, хулганууд ч чив чимээгүй.

Опра: Тэд танд төвөгтэй биш үү?

Дипак: Тэнд очсон гурав дахь хоног дээр би эхнэрийнхээ бүхээгт очлоо. Тэр байдаггүй. Би ч шоконд орж түүнийг байж болох бүх газар хайсан. Гэсэн ч тэр харагдахгүй л байлаа. Би ч санаа зовж эхэллээ. Дөрөв хоногийн дараа ямар ч найдваргүй боллоо. Хэсэг бодож бясалгасны эцэст би тээр тэнд харагдаж байгаа уулын зүг явбал түүнийгээ олох юм шиг санагдан тийшээ явлаа. Харин тэгтэл тэр уулын цаана нэг жижигхээн байшинд их дуу чимээ гаргачихсан тэр минь телевиз үзчихсэн сууж байдаг байгаа. Би цаас аваад “Юу болов?” гэж бичээд харуулахад тэр “Хулгана” гээд асуултын тэмдэг тавьж билээ.

Опра: /Инээв/. Тэгэхээр та хулганатай цуг бясалгасан байх нь ээ. 2010 онд та нэг сар лам болсон гэл үү?

Дипак: Тийм ээ. Би Тайландын ганданд очиж үсээ хусуулаад, хоолоо гудамжинд суун хүмүүсээс гуйдаг байсан. Бас нүцгэн хөлөөрөө явдаг байсан. Манай хийдийн ахлах лам надаас “Хөл чинь өвдөж байна уу?” гэж асуухад би “Нүцгэн хөлөөрөө явж байгаа болохоор өвдөж байна” гэсэн.  “Хөлийн өвдөлт аяндаа намдчихна. Гэхдээ нүцгэн хөлөөрөө явахад нэг сайхан мэдрэмж төрнө. Түүн дээр анхаарлаа хандуул” гэж билээ.

Опра: Гайхалтай.

Дипак: Энэ бүхнээс би зовлон эсвэл аз жаргал нь хүний юун дээр төвлөрч байгаагаас шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгож авсан.

Опра: Хөөх, энэ чинь таалагдаж байна шүү. Харин нэг зүйл асуухад мөн чанар гэж юу вэ?

Дипак: Мөн чанар гэдэг бол таны үндсэн чанар, гол зүрх. Таны бие, оюун ухаан таны мөн чанар дотор байдаг. Гариг ертөнц ч бүхлээрээ чиний мөн чанар дотор оршдог. Эргээд таны мөн чанар орчлонгийн ухамсрын нэг хэсэг байдаг.

Опра: /Гүн амьсгал авав/. За. /Инээв/.

Дипак: Дашрамд хэлэхэд, таны бодлууд дунд орон зай байдаг. Бодол болгон өөр өөрсдийн гэсэн орон зайтай.

Опра: Бодлуудын дунд орон зай байдаг. Болж байна. Ингэхэд та амьдралын туйлын зорилгыг юу гэж боддог вэ?

Дипак: Аз жаргалыг түгээх, хайрлах боломжтой байх, нигүүлсэл. Бас өөрийн дотор байгаа бүтээлч нөөц, боломжид хүрэх гэж би ойлгодог.

Опра: Аз жаргалтай амьдралын нууц нь юу вэ?

Дипак: Аз жаргалтай амьдралын нууц нь нөхцөл байдлаас үл шалтгаалан бүтээлч боломжуудаар дүүрэн байх, бусдыг аз жаргалтай байхад нь туслах гэж боддог.

Опра: Ойлголоо. Одоо та миний хэд хэдэн өгүүлбэрийг гүйцээж өгөхгүй юу? Амьдрал бол...

Дипак: Гоо үзэсгэлэн, үнэн, зохицлыг бий болгоход чиглэсэн хязгааргүй боломж, аз завшааны талбар.

Опра: Дэлхийд хэрэгтэй зүйлүүд нь ...

Дипак: Илүү их өрөвдөх сэтгэл, хайр

Опра: Хайр бол...

Дипак: Дур хүсэл, сэтгэл хөдлөлийн аль нь ч биш. Бид өөр өөр дүрд хувирсан байгаа ч эцсийн дүндээ бүгд ижил.

Опра: Би талархахыг хүсч байна...

Дипак: Асуулгүйгээр надад хайрыг өгсөн бүх хүмүүст талархахыг хүсч байна

Опра: Би уучилж өршөөхөд бэлэн байна

Дипак: Би аль хэдийнэ уучилсан

Опра: Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Өөр юуг та баттай мэдэх вэ?

Дипак: Юуг ч биш.

Опра: Би ганц л зүйлийг мэдэж байна. Таньтай ярилцах намайг аз жаргалтай болголоо.

 

 

Г.Төгөлдөр