Дэлхийн кино урлагийн стандартад нийцсэн "Ээжээ надтай гэрлээч" кино өчигдөр 18.00 цагт Өргөө кино театрын нэгдүгээр салбарт нээлтээ хийлээ. Тус киног "Милл" кино компани, "Монгол фильм", "UB фильм" хамтран бүтээсэн бөгөөд дэлхийн шилдэг "Аватар", "Хоббит", "Дайны морь" зэрэг киноны дуу дүрсэн дээр ажилласан Бээжингийн кино студид өнгө дүрсийг нь хувиргасан аж. Киноны зөвлөхөөр "MASS AGENCY" группын ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр, найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /есөн настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ. Тус кинонд гэр бүлийн зөрчил, салалт хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон нь танхимд цугласан үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж зарим нэг нь сэтгэлээ барьж дийлэхгүй нулимс дуслуулж байсныг нуух юун. Дашрамд сонирхуулахад киноны нээлтийн үеэр жүжигчин Б.Хулан СТА цол тэмдэг хүртсэн юм.
"Ээжээ надтай гэрлээч" киноны хамгийн бяцхан жүжигчин болох есөн настай Г.Ган-Очиртой киноны нээлтийн дараа цөөн хором ярилцсан юм.
-Өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуульд сурдаг хэддүгээр анги вэ?
-Намайг Г.Ган-Очир гэдэг. 33 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг.
-Кинонд тоглохоор болсоноо анх сонсоод юу гэж бодсон бэ?
-Анх амархан гэж бодсон сүүлдээ хэцүү гэдгийг нь мэдсэн.
-Чамд юу нь хэцүү санагдсан бэ?
-Жүжиглэх нь илүү хэцүү санагдсан.
-Чи ямар кино үзэх дуртай вэ?
-Микроны босс
-Дуртай киноныхоо гол дүрийн жүжигчинтэй хамт кинонд тоглосон байна шүү дээ. Мэдээж гоё байсан байх?
-Тэгсэн Батаа ахтайгаа хамт кинонд тоглосондоо маш их баяртай байна. Маш олон шинэ зүйлийг сурч мэдэж авсан.
-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Жүжигчин болно гэж боддог.
-Сая өөрийнхөө тоглосон киног үзлээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Маш гоё санагдсан. Өнөөдөр киноны нээлт амжилттай боллоо. Надад зааж зөвлөж байсан ах, эгч нарт баярлалаа гэж хэлмээр байна.