“Монос” эмийн сангийн Гурван гал эмнэлэгт байрлах салбарын жор баригч хариуцлага алдаж, фенобарбитал эмийн насанд хүрэгчдийн тунг хүүхдэд андуурч өгснийг хэрэглэсэн 16 нярай, хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа. Иймд ШӨХТГ-аас Моносын эмийн сангуудыг битүүмжлэн шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнг ШӨХТГ-аас танилцууллаа.
Тодруулбал Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа "Монос Улаанбаатар" ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудын 18 нь уг хяналт шалгалтад хамрагджээ. Нийтлэгээр дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил илэрсэн байна.
"Монос Улаанбаатар" ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудыг уг хяналт шалгалтад хамруулсан
• Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр II эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй зөрчил илэрсэн.
• Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
• Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
Тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан
• Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний нэгдүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байна.
• Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
Хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан
• Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.
• Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ. Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав.
• Монос Сонсголон эмийн санд /Нэгдүгээр зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул ....брэндийн сок ширхэгийг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав. Эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрсэн.
• Монос Хар Хорин эмийн санд /1-р зэрэглэл/ Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг бүтээгдэхүүний хадгалах хугацаа алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
Бүтээгдэхүүний хадгалах хугацаа алдаатай бичигдсэн
• Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна.
Салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан
Энэ мэтчилэн дээрх эмийн сангуудаас нийтлэг олон зөрчил илэрсэн байна. Иймээс цаашид стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөн ажлуулах талаар мөрдөн ажлуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болжээ.