Өнөөдөр нэрт улс төрч, ардчиллын түүчээлэгч Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Тэртээ 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Монголын ард түмний хайртай хүү мэндэлж байжээ. Өдгөө амьд сэрүүн байсан бол 52 насыг зооглох байж. Түүний төрсөн өдрөөр Ардчилсан нам, Монголын Ардчилсан Холбоо, Иргэний Зориг нам, Зориг сан, түүний найз нөхөд, цагаан морин жилээр хамт Д.Сүхбаатарын талбайд жагсаж байсан хүмүүсийн төлөөлөл цуглалаа. Тэд 14 жилийн өмнө болж байсан ардчилсан хувьсгалын талаар ярилцаж, С.Зориг агснаа дурсан санацгаав.
1990 оны 4 дүгээр сарын 20-нд С.Зориг агсан Дархан хотын Залуучууд театрын өмнө ардчиллын цуглаан зохион байгуулж, өөрчлөлт шинэчлэлийн төлөө салхийг анх сэвэлзүүлж байсан түүхтэй
"Нэн тэргүүнд улс орны эрх ашгийг, хамгийн сүүлд хувийн ашиг сонирхлоо тавья" гэсэн С.Зориг агсны зурагт хуудас бүхий самбар хөшөөнийхөө ард фон болсон харагдав. Энэ үеэр түүний дүү С.Оюун "Ахынхаа төрсөн өдрөөр янз бүрийн ажил зохион байгуулдаг. Энэ жил түүний нэрэмжит илтгэлийн уралдаан, хүүхдийн сумо бөх, өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн зэргийг зохион байгуулна" гэсэн юм.
Хүүхдийн сумо бөхийн тэмцээн нь "HAKUHO CUP-2014" нэртэйгээр зохиогдох аж. Энэ тэмцээн нь Япон Улсын Токио хотноо жил бүр "Wanpaku" нэртэй болдог бөгөөд анх удаа гадны улсад тэр дундаа Улаанбаатар хотноо болох гэж буйгаараа онцлог. Өсвөр насанд түрүүлсэн гурван хүүхдийг 8 дугаар сарын 3-нд болох Япон Улсын хүүхдийн сумо бөхийн тэмцээнд оролцуулах ажээ.
Мөн С.Зориг сангаас ардчиллын анхны цуглаан болсны 15 жилийн ойд зориулж "Ардчиллын аман түүх" нэртэй ном, дүрс бичлэгийн архив гаргах гэж байгаа аж. Энэ нь ардчилсан хувьсгалд оролцож байсан хүмүүсийн аман яриа, түүх баримтаас бүрдэж байгаа юм. Түүнчлэн оны сүүлээр ардчиллын зурагт түүхийг харуулсан фото альбом хэвлэхээр шийдээд байгаа гэнэ.
1990 оны 4 дүгээр сарын 20-нд С.Зориг агсан Дархан хотын Залуучууд театрын өмнө ардчиллын цуглаан зохион байгуулж, өөрчлөлт шинэчлэлийн төлөө салхийг анх сэвэлзүүлж байсан түүхтэй гэдгийг ардчиллын партизан Г. Цэрэвжавгуай дурдсан юм. Түүний төрсөн өдрөөр Монгол Улсад ардчилал төрж байжээ.
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэх сайхан үг, түүнтэй хамт бидний дунд амьдарсаар...