Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөр дууссан. Үүнтэй зэрэгцэн инфляци 15 хувьд шүргэж, ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч, Төв банкны гадаад валютын албан нөөц бууран, хагас сарын өмнө бодлогын хүүгээ 1.5 пунктээр нэмсэн гээд манай улсын эдийн засгийн амьдрал үйл явдлаар дүүрэн байна. Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын эдийн засагч Ш.Алтанцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголбанк бодлогын хүүгээ нэмж, инфляци 15 хувьд дөхөж, төгрөгийн ханш суларсаар байна. Ер нь, манай улсын эдийн засгийн байдал ямар байв?
-Сүүлийн хоёр жилд манай улс эдийн засгаа тэлэх бодлого явуулж ирсэн. Үүний үр дүнд 2011, 2012 онд эдийн засгийн өсөлт 17-18 хувьд хүрсэн, харин 2013 онд энэ өсөлтийн хэмжээгээ барих бодлого баримталсны дүнд хоёр оронтой тоонд барьж чадсан. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийн өндөр үзүүлэлтийг бууруулахгүйн тулд эдийн засгийг тэлэх зөөлөн бодлого баримталсны үр дүн. Харамсалтай нь 2014 он гарснаар эдийн засгийн өсөлт харьцангуй удааширсан гэдгийг үзүүлэлтүүдээс харж болно. Энэ оны I улиралд 7.5 хувь, II улиралд 3.7 хувийн өсөлттэй гарсан. Энэ хоёр улирлын үзүүлэлтийг нэгтгэн эхний хагас жилийн байдлаар дүгнэвэл 5.3 хувийн өсөлттэй гарсан байгаа. Энэ бол өмнөх онуудын хоёр оронтой тоо бүхий өсөлттэй харьцуулах юм бол ухралт.
Гэхдээ олон улсын жишигт эдийн засгийн өсөлтийг 3-5 хувьтай бол хэвийн, харин 5-7 хувьд хүрвэл өндөр өсөлттэй хэмээн тооцдог.
Манай эдийн засаг өндөр өсөлттэй байгаа ч тодорхой хэмжээний эрсдэлтэй сөрөг үр дагваруудтай байдаг. Товчхондоо сүүлийн хоёр жилд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг тэлэх бодлогын дүнд эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж чадсан ч үүнийг дагаад сөрөг үр дагварууд гарсан. Инфляци гэдэг иргэдийн амьдрал, амьжиргаа, орлогын түвшинг илэрхийлж байдаг макро эдийн засгийн гол үзүүлэлт. Энэ оны эхний хоёр улирлын байдлаар инфляци 14.6 хувь, долдугаар сарын эцсийн байдлаар 14.9 хувьд хүрсэн нь хэрэглээний үнийн өсөлт өндөр байгааг харуулж байна. Инфляцийн энэ үзүүлэлт дундаас үнийн хувьд харьцангуй тогтвортой байдаг бүтээгдэхүүнүүдийг судлан, суурь инфляци гаргадаг. Суурь инфляци харин 16.2 хувь болж өссөн байгаа. Хамгийн тогтвортой байдаг бүтээгдэхүүнүүдийн үнэ ийм хэмжээгээр өсч байна гэдэг нь үнийн өсөлт ямар түвшинд явж байгааг харуулж байгаа хэрэг. Энэ бол эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалах гэж хэрэгжүүлсэн бодлогын сөрөг үр дагварын нэг.
Валютын ханшийн өсөлт бол өнгөрсөн жилүүдэд хэт өндөр өсөлтөд шүтсэн эдийн засгийн зөөлөн бодлого баримталсны үр дүн
-Долдугаар сарын дунд үеэс ам.долларын ханш өдөр өдрөөр өссөн. Өнөөдөр Монголбанкны албан ханш 1858 төгрөг байна. Ханшийн энэ өөрчлөлт ч гэсэн эдийн засгийг тэлэх бодлогын үр дүн үү?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны дунд үеэс тасралтгүй буурсаар 2014 оны II улирлын байдлаар 80.6 хувиар буурсан байна. 2013 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар 399 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 77.6 тэрбум ам.доллар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг Монгол Улсын валютын дотогшлох урсгалтай шууд хамааралтай. Эдийн засгийн өсөлт өндөр байсан үед гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байсан гэсэн үг. Засгийн газрын зүгээс эдийн засгийг боломжоор нь өсгөх бодлого баримталсан ч гадаадын хөрөнгө оруулалт гэдэг гадаад орчны тусгал байдаг. Гадаад орчин биднийг хэрхэн дүгнэж, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн тодорхойлж байдаг үзүүлэлт байтал 80.6 хувийн бууралттай байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан үед буюу валютын дотгошлох урсгал саарсан үед төрөөс эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд төгрөгийг зах зээлд нийлүүлэн эдийн засгийн зөөлөн бодлого хэрэгжүүлж байсан. Үүний дүнд манай зах зээл дээр эргэлдэж байгаа төгрөг, валютын тэнцвэр алдагдсан юм. Валют хомсдоод үнэ нь өссөн бол төгрөгийн нийлүүлэлт их байгаа учраас үнэ нь суларсан. Үүнээс болж Монгол Улсын эдийн засгийн өсөлт, монгол төгрөгийн баталгаа болж байдаг Төв банкны гадаад валютын нөөц ихээхэн хэмжээгээр буурч байна.
Бид экспортын бүтээгдэхүүнүүдээ гаргаж байгаа ч үүнээс орж ирж байгаа валют гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээний хаана ч хүрэхгүй байгаа. Товчхондоо энэ нөхцөлд тохирсон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа учраас эдийн засаг өөртөө тохиргоо хийж байгаа хэрэг. Экспорт сүүлийн хоёр сард бага зэрэг өсч байна, импорт буурсан, үүнтэй уялдаад гадаад худалдааны бланс, төлбөрийн блансын үзүүлэлтүүд яригдана. Зургаадугаар сарын байдлаар ДНБ 24 хувьтай тэнцэхүйц урсгал дансны алдагдал байна. Энэ юу илэрхийлж байна гэхээр Монгол Улсаас валют гадагшаа гарч байгаа ч эргэж орж ирэх хөрөнгө, тоног төхөөрөмж, валют аль аль нь бага байна. Энэ бол эдийн засгийг тэлэх зөөлөн бодлогын хоёр дахь сөрөг үр дагавар. Төлбөрийн тэнцэлийн тогтвортой байдал алдагдаж, урсгал тэнцэл сүүлийн гурван жил тогтмол өндөр байгаа нь макро эдийн засгийн тэнцвэр алдагдсаны илэрхийлэл, анхаарал татахуйц дохио. Үүнд тохирсон арга хэмжээ авах ёстой.
-Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж, мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмсэн. Үүний үр дүн хэзээ гарах бол?
-Зах зээл дээр байгаа валютын хэмжээг тогтвортой байлгах үүднээс Төв банкнаас хийж буй интервенцийн үр дүнд гадаад валютын албан нөөц багассан байгаа. Тиймээс долдугаар сарын эцсээр Төв банкнаас мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээ авч бодлогын хүүгээ 1.5 пунктээр нэмж 12 хувьд хүргэсэн.
Үүнийг Дэлхийн банкны зүгээс их дэмжиж байгаа. Бодлогын хүү нэмэхэд л шууд үр дүн нь харагдахгүй. Хамаг валют гадагшлаад, төгрөг зах зээл дээр эргэлдээд байна, зээл хэлбэрээр банкууд ихээхэн хэмжээний мөнгө гарсан байна. Банкуудын зээл 63 хувийн өсөлттэй байна. Ер нь аливаа улс орны зээлийн өсөлт 12-20 хувьд байвал эдийн засаг нь хэвийн, хурдацтай өсч байгаа үзүүлэлт болдог.
Манай 2008-2009 оны хямралын үед зээлийн өсөлт 78 хувьд хүрч байсан. Тэр үед эдийн засаг шууд хямралын хэмжээнд хүрч байсан. Харин өнөөдөр зээлийн өсөлт 62 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт. Бодлогын хүүг чангалснаар зээл олголтыг боомилж байгаа хэрэг биш. Банкууд зах зээл рүү гаргасан мөнгөө буцааж хуримтлуулах нэг арга. Ингэж арилжааны банк, Төв банк мөнгөний хуримтлалыг бий болгож дахин эргэлтэд оруулах арга юм.
Аливаа улсын зээлийн өсөлт 12-20 хувьд байвал эдийн засаг нь хэвийн гэж үздэг бол манай зээлийн өсөлт 62 хувьд хүрсэн
Үгүй бол өнөөдөр зээл ханасан түвшинд хүрчихсэн байгаа тул зээл олголтыг цааш үргэлжлүүлэхийн тулд төгрөг хэвлэхээс өөр аргагүй. Харин төгрөг хэвлэх юм бол тэр хэрээр төгрөгийн ханш суларч, үнийн өсөлтийг хөөрөгдөх болно. Тиймээс мөнгөний бодлогоо өсгөсөн нь эдийн засгийг тогтвортой байлгахын тулд авсан арга хэмжээ. Эдийн засаг хэт халж, тэлсэн энэ үед бодит байдал руу дөхүүлэхэд нэлээд оновчтой шийдэл болсон гэж дүгнэж байна. Энэ арга хэмжээний үр дүн нь 3-4 сарын дараа харагдана.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг дэмий өнгөрөөгөөгүй
-Улс орны тогтвортой байдал гэдэг төрийн залгамж чанартай шууд холбоотой гэдэг. Тэгвэл эдийн засгийн асуудал ч үүнтэй холбоотой юу?
-Аливаа улс орны эдийн засгийн бодлогын залгамж чанар гэж байдаг. Ямар ч Засгийн газар гарсан улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа тогтвортой болгох макро түвшний зорилтууд тавьдаг. Бодлогын залгамж чанар гэдэг маш чухал. Улс орноо хөгжүүлье, том төслүүдээ гараанаас нь гаргая гэх зэрэг макро түвшний эдийн засгийн бодлогын залгамж чанар Монгол Улсад бий, маш сайн хэрэгжиж байгаа. Харин хэрэгжүүлэх арга зам нь янз бүр байгаа. Арга хэмжээнүүдийг тухай бүрт нь дотоод болон гадаад нөхцөлтэй уялдуулан авч хэрэгжүүлж чадвал үр дүн илүү байна.
-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүнг танай байгууллагаас хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийн ямар нэг арга хэмжээ 3-6 сар, бүр нэг жил буюу богино хугацаанд үр дүн нь гардаггүй. 2-3 жил буюу дунд хугацаанд эхний үр дүн харагдах юм. Цаашлаад урт хугацаандаа эдийн засаг илүү эрүүл, хэвийн, тогтвортой байх үндэс суурийг тавьж өгсөн байх ёстой. Эдийн засгийн өндөр өсөлт биш харин урт хугацаанд тогтвортой жигд өсөлттэй байхыг хангах бодлого баримталж чадах юм бол өнөөдөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүн иргэдийн амьжиргаа, улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.
100 хоног буюу гурван сар гэдэг эдийн засгийн ямар нэг арга хэмжээ хэрэгжүүлэхэд маш богино хугацаа. Харин энэ хугацаанд эдийн засгийг дунд болон урт хугацаанд ашигтай болгох үндэс суурийг тавих боломж бол бий. Түүнээс биш уначихсан байгаа эдийн засгийг босгох, эсвээс өндөр өсөлттэй байгааг нь унагах гэх мэт эрс арга хэмжээ авах боломжгүй богино хугацаа.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан эдийн засгийн зөвлөл ч гэсэн таны хэлсэн шиг үр дүнг амласан. Харин олон нийт бодитой өөрчлөлт, үр дүн хүлээгээд байх шиг байна?
-Засгийн газар эрчимжүүлнэ гэдэг үгийг онцолж байсан, үүнийг 100 хоногт хийж болно. Энэ хугацаанд ямар хууль, тогтоолууд батлав, үүний үр дүн хэр хугацаанд хэрхэн гарах вэ гэдгийг тооцох нь зүйтэй. Энэ хугацаанд Төв банк бодлогын хүүгээ нэмсэн, үүний үр дүн 2015 оны зургаадугаар сард хэрхэн гарах ёстой юм гэдгийг тооцох ёстой. Энэ мэт 100 хоногт авч хэрэгжүүлсэн аливаа нэг бодлогын арга хэмжээний 2-3 жил, цаашилбал 5-6 жилийн үр нөлөө ямар байх вэ гэдгийг тооцох ёстой. Тухайлбал, Засгийн газраас Таван толгойн цахилгаан станц-Рио Тинтотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өнөөдөр гарын үсэг зурмагц маргааш цахилгаан станцтай болчихгүй. Гэхдээ олон жилийн хугацаанд үр ашгаа өгөх гэрээ болсон.
Энэ мэт гурван сарын хугацаанд иймэрхүү бодлогын шийдвэр хэд гарав, үр ашгууд хэр хугацаанд гарах вэ гэдгийг бодох ёстой. Мөн энэ хугацаанд Засгийн газар, хувийн хэвшлүүд эрдэмтэн мэргэдтэй хамтарч ажилласан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад хамтарч зөвшилцдөг боллоо, яриа хэлэлцээр хийлээ. Энэ мэт нааштай чухал үзүүлэлт гарлаа. Энэ өнцгөөс нь авч үзэх юм бол 100 хоногийг дэмий өнгөрөөгөөгүй.
Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж болно, харин эдийн засгийн ямар нэг арга хэмжээ хэрэгжүүлэхэд маш богино хугацаа
-Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байхад нь ам.долларын ханш огцом өссөн гэдэг шүүмжлэл Засгийн газарт хаяглагдаад байгаа?
-Ам.долларын ханшийн өсөлт бол сүүлийн 2-3 жилд авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын маань үр дүн. Энэ талаар Дэлхийн банкнаас 2012, 2013 онд Төв банкны бодлого зөөлөн байна, урсгал дансны алдагдал өндөр байна гэх мэтээр анхааруулж л байсан. Манайх бол хөндлөнгийн бие даасан үнэлгээ өгдөг мэргэжлийн байгууллага учраас тухай үед нь хэлж байсан. Дээрээс нь бидний тооцоолж чадахгүй гадаад нөхцөл байдал тааламжтай биш байна. Тухайлбал, зэс нүүрсний эрэлт дэлхийн зах зээл дээр буурч байна. Орос, Украины харилцаа газрын тосны үнэд нөлөөлж байна. Энэ мэт биднээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд манай Засгийн газар болон холбогдох байгууллагууд тухай бүрт нь уян хатан арга хэмжээ авч байгаа гэж би харж байна. Биднээс шалтгаалахгүй зүйл бий.
-Дэлхийн банк хөндлөнгийн бие даасан мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа манай улсын эдийн засгийн тойм, зөвлөмж, дүгнэлт гаргадаг. Өнөөдрийн нөхцөл байдалд ямар зөвлөмж гаргасан бэ?
-Өсөлтөд шүтсэн биш макро эдийн засгаа тогтвортой байлгах бодлого баримтлах нь зүйтэй гэдэг Дэлхийн банкны байр суурь маш тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар шаардлагатай бол төсөв болон мөнгөний бодлогоо тодорхой хугацаатайгаар, хооронд нь уялдаатайгаар бага зэрэг чангаруулах хэрэгтэй гэдэг зөвлөмж гаргаад байгаа. Дотор нь задлаад үзэх юм бол мөнгөний бодлого, төсвийн бодлогоо хэрхэн уялдуулах вэ, төсвийн бодлого дотор жишээлбэл, ихээхэн хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр эдийн засагт нийлүүлж байгаа Хөгжлийн банкны шугмаар гарч байгаа зээлүүдээ албан ёсны төсөвт хэрхэн суулгах вэ, тайланг ард түмэн, УИХ-д яаж нээлттэй тайлагнах вэ гээд эхэлнэ. Хэлж байгаа нэг зөвлөмжийн цаана хэрэгжүүлэх механизм гээд олон арга хэмжээ бий. Ямартай ч макро эдийн засгийг өндөр өсгөх биш тогтвортой байлгах шаардлага бий. Эдийн засаг нэг жил 16-18 хувиар өссөнөөс 3-5 жилийн 5-7 хувийн жигд өсөлт Монгол Улсыг хөгжлийн шинэ шатанд гаргана. Хоёрдугаарт, ойрын хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал буюу урсгал дансны алдагдлыг багасгах. Үүний тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ганц аргаар шийдвэрлэнэ. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, хөрөнгө оруулалт татах, Монгол Улс руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.