Нийтийн тээврийн автобусууд өнөөдрөөс арван хоногийн турш шинэ чиглэлээр зорчих болсон. Энэ үйлчилгээг иргэд сайн ойлгохгүй байгаа нь автобусны буудал дээр анзаарагдаж байлаа. Түүнчлэн автобусны маршрутын талаар ямар ч мэдээлэл байхгүй байсанд нэлээд бухимдсан юм.
Өөрөөр хэлбэл автобуснуудын үйлчилгээний өмнөх чиглэл нь өөрчлөгдөж богино эргэлт хийх маягаар явах болсонд иргэд хаашаа аль чиглэлд ямар автобус явах талаарх мэдээлэл дутмаг байсан юм. Харин кондуктор болон тасалбар түгээгчид чиглэл асуусан хүн бүрт боломжоороо тайлбарлаж өгөхийг хичээж байсан юм.
автобусны маршрутын талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан
Мөн тухайн өдөр үйлчлэх тасалбарыг автобусны буудал дээр үйлчилгээний ажилтан зарж байгаа бөгөөд хэрэв кондуктороос /өмнө нь хэрэглэдэг байсан/ тасалбарыг авбал хүчингүй бөгөөд тухайн автобусандаа л үйлчлэх гэнэ. Тэгвэл 500 төгрөгийн тасалбар авсан бол хэдэн удаа ч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой юм.
Өнөөдрөөс энэхүү шинэ үйлчилгээ нэвтэрнэ гэдгийг огт мэдээгүй иргэд ч байсан юм. Харин өмнө нь энэ талаар дуулсан хэдий ч чухам яг аль чиглэлийн автобусаар хаашаа явах маршрутаа төдийлөн сайн мэдэхгүй иргэд их байлаа. Тэд ирсэн автобус бүрийн үүдэнд зогсон кондукторуудаас чиглэл асууж байсан юм. Ч12: Цэцэг төв-Төв цэнгэлдэх-Баянмонгол хороолол-Нарны гүүр чиглэлийн автобусны зорчигч нар маршрутаа тодорхой болгох хэрэгтэй. Ялангуяа автобусны буудал бүр дээр маршрутаа наах хэрэгтэй гэсэн санааг хэлж байв. Тэгвэл нийтийн тээврийн газраас бүх маршрутыг харуулах зөвхөн android утсанд зориулсан аппликейшн “dortsov” маргаашнаас нэвтрүүлэхээр болжээ.
500 төгрөгийн тасалбар авсан бол хэдэн удаа ч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой
Нийслэлийн нийтийн тээврийн газраас уг үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм. Өмнө 115 чиглэлийн автобус зорчиж байсан бол өнөөдрөөс 86 чиглэлд 916 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа гэнэ. Тус газраас судалгаа явуулсны үндсэн дээр Таван шар-Офецер чиглэлийн автобусны тоог нэмж, зарим чиглэлийн маршрутыг өөрчилсөн байна.
бүх маршрутыг харуулах зөвхөн android утсанд зориулсан аппликейшн “dortsov” маргаашнаас нэвтрүүлэхээр болжээ
Энэ үйлчилгээний давуу тал
Иргэд 500 төгрөгний тасалбар авч хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Энэ нь ялангуяа олон дамжиж зорчдог иргэдэд эдийн засгийн хэмнэлттэй юм.
Нийтийн тээврүүд богино эргэлттэй, хоёр минут тутам явж байгаа учир иргэд буудал дээр удаан хүлээх шаардлагагүй.
Зорчигч маршрутаа сайтар мэдэж байвал хүрэх газраа хурдан хүрэх боломжтой.
Иргэдийн зүгээс юу шаардлагатай вэ?
Иргэд өөрсдийн өмнө хариуцлагаа ухамсарлаж автобусны маршруттай танилцаж, чиглэлээ сайн мэдэх хэрэгтэй.
Энэхүү үйлчилгээ нь нэг талаас эдийн засгийн хэмнэлттэй, нөгөө талаас замын хөдөлгөөний бөглөрлийг сааруулах зэрэг сайн талтай тул иргэд энэхүү шинэ үйлчилгээнд бухимдалгүй, хүлээцтэй хандаж чадвал хэн хэндээ хэрэгтэй юм.