m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.23 08:14
551
Л.Банзрагч: Цэндээхүү гуайг намайг зоддог хэсгийг ээж минь үзээд учиргүй уйлж билээ

“Масс зочин”-ы энэ удаагийн урилгыг Л.Банзрагч хэмээх “ховор” хүнд илгээв. “Аль Банзрагч вэ, яагаад ховор гэж” та асууж болзошгүй. Монголын урлагийн алтан үеийн шилдгийн шилдэг “Сэрэлт” киноны уран бүтээлчдээс одоо амьд сэрүүн байгаа нь энэ хүн учир ховор хэмээн нэрийдсэн хэрэг. Энэ гайхамшигтай, Монголын нэгээхэн үеийн түүхийг хадгалж үлдэж чадсан бүтээл өдгөө 58 жилийн нүүрийг үзсэн ч монголчуудын үзэх дуртай киноны нэг гэдэгт эргэлзэх зүйл алга. Лам багшдаа саваагаар зодуулж, орос эмчээс чихэр авахдаа айн, бөмбөг анх удаа харж баярлан гүйдэг Лавлаа Дашийн хүү Пүрэвжавын түүхийг та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна.

 

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Тантай уулзаж, ярилцах завшаан тохиосонд би үнэхээр их баяртай байна?

-Сайн, сайн байна уу хүүхдүүд минь. Та бүхний баярлаж буй сэтгэлийг гундаахгүй ярилцахыг хичээнэ ээ өвөө нь.

-“Сэрэлт” хэмээх гайхалтай киног бүтээсэн хүмүүстэй уулзах юмсан, хаана яаж зураг авсан бол хэмээх олон асуулт намайг ээрээд удаж байна. Харамсалтай нь сайхан буурлууд маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр одоо цөөхөн хүн байдаг бололтой юм?

-Тийм шүү. Уран бүтээлчдээс хамгийн залуу нь орос эмчид тоглосон Доржпалам, миний эгч Сүрэнд  тоглодог жүжигчин Янжинжав бид нар. Гэхдээ би хамгийн бага нь байсан байх. Тийм ч учраас одоо надаас өөр хүн бараг үгүй болов уу.

-Та энэ кинонд тоглохдоо хэдэн настай байсан юм бэ. Найруулагч нь гол дүрийнхээ жүжигчдийг үнэхээр сайн сонгосон шүү?

-Тэр би үед 19 настай, Театр урлагийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Кино зохиолыг Л.Ванган багш бичсэн. Биширмээр энэ хүн миний мэргэжлийн багш, намайг залж чиглүүлсэн хүн байгаа юм. Багш шавь хоёр анги дотроо их дотно байсан. Нэг өдөр багш маань “Чи Жигжид дээр очоод проб өгөөдөх” гэдэг байгаа. Багшийнхаа үгнээс гарах биш лам дээл өмсөөд зургаа авахуулчихлаа. Пүрэвжавт тоглох хүн хайгаад олон залуус зурганд орсон юм билээ.

Хэд хоносны дараа Л. Ванган багш ” Чи хө Жигжид рүү дахиад оч” гэлээ. Яасан юм бол гэж бэргэсээр очлоо. Урлагийн тэр агуу хүмүүсээс би айж сүрдэлгүй яахав. “За Банзрагч кинонд тоглоно шүү. Урлагийн жинхэнэ мундаг жүжигчидтэй хамт тоглоно” гэсэн. Тухайн үед би баярлаагүй, харин айж би чадах болов уу гэж бодсон. Ингээд ширээний бэлтгэл эхэлж байгаа юм. Би өөрийгөө их азтай, хувь тавилантай хүн гэж боддог. Ц.Цэгмид, З.Цэндээхүү, Д. Ичинхорлоо, Т. Цэвээнжав гэх мэт Монголын урлагийн сор болсон хүмүүстэй хүүхэд байхдаа нэг уран бүтээлд оролцож, дүрээ мөнхөлнө гэдэг хүссэн бүхэнд олдох хувь тавилан биш шүү. Тэр мундагчууд чинь зохиолоо уншаад бэлтгэл янзын хийнэ. Яг л киноны зураг авахуулах гэж буй мэт.

 

Тэгж хийж байхдаа намайг жинхнээсээ нэг цохичихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарсан.

-Анхны авсан хэсэг нь аль вэ. Анзаараад байхад дөрвөн улирлын үйл явц өрнөдөг шүү дээ. Тэгэхээр бараг жил дамнуулж хийсэн байх?

-Кино зохиол 1956 онд бэлэн болоод уран бүтээлийн багаа бүрдүүлж, ажлаа хийсээр 1957 оны арваннэгдүгээр сарын 7-нд нээлтээ хийсэн. Бүтэн жил хийсэн гэсэн үг. Анхны зураг авалт төгсгөлийн хэсэг нь байгаа юм. Миний аав Даш, ээж хоёр мал сүрэг дундаа , идээ цагаагаа хийж буй хэсэг хамгийн анхны зураг авалт. Киноны явцад ямар ямар хэсэг байгааг сайн тооцоолоод тухайн улиралд нь багтааж авах нь хамгийн чухал байдаг учир тэр хэсгээс эхэлсэн.

-Одоо ч нүдэнд харагдаж байна, таны бөмбөгний араас гүйдэг хэсэг. Үнэхээр анх удаа бөмбөг харж байгаа, барьж үзэхийг хүсэж буй хүүхдийн дүрийг их сайн гаргасан шүү. Харахаар л инээд хүрээд болдоггүй юм. Та 19-тэй байсан юм чинь сагс, гар бөмбөг тоглоод сурчихсан байсан байлгүй. Тэгж гүйж, тийм байдал гарга гэдгийг хэн танд зааж өгсөн юм бэ?

-(инээв) Алтан үеийн мундагчуудаас өөр хэн байх билээ. Тэр хүмүүс үгээрээ, үйлдлээрээ намайг залаад аваад явчихна. Тэгээд ч зохиолоо сайн ойлгож уншсан, ширээний бэлтгэл сайн хийлгэсэн нь нөлөөлсөн байх. Өвөө нь гар бөмбөг, сагс дажгүй сайн тоглодог хүүхэд байсан ч чадвартай хүмүүсийн ачаар тэгээд л гүйчихсэн юм даа. Манай киноны найруулагч С.Гэндэн гуай үгээр, үйлдлээрээ жүжигчнээ хөтөлдөг хүн байж билээ. Янзын үзүүлнэ шүү дээ.

 

-Таны лам багшид тоглодог Цэндээхүү гуай таныг саваагаар балбаж буй нь киноны нэг хөгжилтэй хэсэг шүү. Та ч үнэхээр зодуулж байгаа хүүхэд шиг уйлаад л?

-Цэндээхүү гуай надад их зөвлөнө өө. Одоо би цохино, Пүрэвжав чи уйлаад байгаарай гээд л. Нэг онцлог нь бид зураг авалтын үеэр байнга киноныхоо хувцастай байна. Түүнээс гадна бие биенээ нэрээр нь бус дүрийнх нь нэрээр дуудаж, аав нь бол аав шиг нь, эгч нь бол эгч нь шиг нь харилцана. Тэгж л дүрдээ ороход нь тусалдаг байж тэр үеийн алдартнууд. Цэндээхүү гуай бид хоёр бэлтгэлээ хийж байлаа. Намайг урдаа суулгаад, нуруу руу цохихгүй хоёр тал руугаа балбаад “Ингээд чи орос эхнэрээс чихэр горьд” гээд л. Би бэлтгэл учир уйлахгүй худлаа орилоод л. Өшөө чанга жинхнээсээ өвдөж байна гэж бод. Чи худлаа уйлаад байна шүү гээд л. Гэтэл Цэндээхүү гуай савааныхаа өмнө давуу жиргээд боочихож. Дахиад бэлтгэл хийе гэж байна. Тэгж хийж байхдаа намайг жинхнээсээ нэг цохичихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарсан. Хашир туршлагатай хүн учир Жигжид гуай камераа бариад л бид хоёрын зургийг аваад байсан байгаа юм. Яг тэгж уйлахыг сэмхэн авсан нь найруулагчийн болоод зураглаачийн сэтгэлд нийцсэн юм билээ.

-Яг жинхэнээсээ цохисон хэсгийн зураг авалт кинонд байгаа нь  мөн үү?

-Мөөн мөн. Цэндээхүү гуай сүүлд нь “Сая жинхнээсээ цохичихсон уу” гээд инээж билээ.

-Кино зургийг аль аймгийн нутагт авсан юм бэ. Анх удаа кинонд тоглож буй хүү их загнуулж байв уу?

-Зургийг Төв, Булган аймгийн нутагт авсан юм. Нэг хэсгийг нь Толгойтын баруун салаанд авсан. Дотор авсан зураг ч олон бий. Намайг зодож байгаа хэсэг, доктор Сүрэнг авч явсныг хараад бороо орж буй цонхоор хараад зогсдог хэсэг гээд цөөнгүй хэсэг бий. Цэцэг усалдаг саванд ус хийгээд шил дагуулаад урсгаж зураг авах гээд ахмадууд яаж үнэмшилтэй болгоход мэддэг, чаддаг бүхнээ зориулна шүү дээ. Алтан үеийнхэн чинь тэгж загнаж зандраад байхгүй л дээ. Яг л нэг гэр бүл, тухайн орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлчихээр хүн дүрдээ илүү ордог юм билээ. Тэгээд  ч тэр сайхан хүмүүс зааж зөвлөсөн учир тэр бүр загнуулж байсангүй.

 

-Зуны улиралд авсан зурганд та гуталтай харагддаггүй. Хөл нүцгэн явахад хэцүү байв уу?

-Өвөө нь хөдөөний хүүхэд болохоор өглөө эрт ээж, аавдаа адуу малыг дөхүүлэх гээд гүйгээд сурчихсан учир гайгүй л байсан. Гэхдээ эрт хотод ирсэн болохоор амаргүй үе байсан. Цайвар царайтай болохоор бор будаг  тавина. Хөлөө хүртэл будаж, шавар шавхай болгоно. Будагтай нүүртэй өдөржин байхаар сүүлдээ загатнаад хэцүү юм билээ.

-Хясаан дээрээс морь унаж байгаа хэсгийг хүүхэд байхдаа үзээд их айж билээ. Морь үхчихлээ гээд уйлж байсан юм даг?

-Алтан үеийн найруулагч, зураглаач нарын уран бүтээлийн үнэ цэнэ, чадвар нь аливаа зүйлийг яг бодитоор хийж чаддагт байдаг гэж би боддог. Манай Сүрэн эгч гэртэйгээ шатдаг хэсгийг Толгойтын баруун салаанд авсан юм. Нар яг жаргаад улаан туяатай байхад гэрээ шатаасан.

 

 

 

 

Хашир туршлагатай хүн учир Жигжид гуай камераа бариад л бид хоёрын зургийг аваад байсан байгаа юм.

 

-Бүтэн  гэр шатаасан юм уу?

-Тэгсээн. Сайхан гэр байсан. Бид хажууд нь харж зогсохдоо “Муу гэр шатаачихгүй, хайран гэр” гэж ярьж сууснаа санаж байна. Хясаан дээрээс морь унадаг тэр хэсгийг Төв аймгийн Баянчандмань сумын цаахна байсан Жаргалантын сангийн аж ахуйд авсан. Өвөл хаврын заагт авсан болохоор цас хайлах гээд их төвөгтэй байсан л даа. Мориныхоо хөлнөөс оосор уячихаад яг хясаан дээр ирэнгүүт татчихсан. Бид хоёр яг бодитоор унасан. Эмчийн маань нүүр ,ам тэр чигтээ цас, шавар, миний дух халцарсан.

Харин хясаан дээрээс чихмэл морь унагаж зургийг нь авсан юм. Хоёр ногоон онгоц авчираад сэнсийг нь ажиллуулахаар хүчтэй цасан шуургатай мэт болдог. Онгоцны портмеханик нь Умайн Дарвагар гэж хүн байсан юм. Жигжид гуай онгоцны дор суугаад камераараа хараад салхины хүчээ ийшээ, тийшээ гээд сууж байтал гэнэт онгоц асаж толгойг нь цохих шахаж билээ. Нөгөө портмеханик маань унтчихаад гэнэт сэрээд сандрахдаа онгоцоо асаан нь тэр юм билээ.

-Киноны нээлт арваннэгдүгээр сарын 7-нд болсон нь бас учиртай юм билээ. Та анх удаа тоглосон киногоо үзээд ямар санагдаж байв?

-Тиймээ, энэ кино агуулгын хувьд маш өргөн л дөө. ЗХУ, манай хоёр орны ах дүүгийн найрамдлын харилцааг харуулсан, тухайн үеийн  Монголын нийгмийн хөгжил, шинэ цагийн эмнэлэг хэрхэн нэвтэрч байсныг харуулсан. Тиймээс ч тэр өдөр нээсэн хэрэг. “Оч” нэртэй байсныг нь оросууд үзээд “Сэрэлт” болгосон юм.

Анх үзээд өөрөө болон хүмүүс нэг их оошоогоогүй байх. Тухайн үед хүмүүс баяр хүргэж байсан л даа. Гэхдээ үзэх тусмаа энэ уран бүтээлийн чанар, жүжигчдийн чадварыг мэдэрдэг бололтой юм билээ. Нэлээд хэдэн жилийн дараа  олон хүнээс захидал ирж, талархал дэвшүүлж байсан шүү.

 

-Таны аав, ээж хэзээ киног чинь үзсэн бол?

-Нэлээн хэдэн сарын дараа үзсэн. Манай ээж их уян зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ. Лам багш намайг зодохоор “Миний хүүг зараад, зодоод байх юм” гээд дагаад л уйлаад байсан гэдэг.

-Та тэр үедээ залуусын дунд од болж байжээ. Гол дүрийн жүжигчинд их мөнгө өгнө биз?

-Од болох ч юу байхав. Тэр үеийн хүмүүс тийм зүйл мэдэх биш. Харин мөнгө бол өгсөн шүү. Надад 2500 төгрөг өгсөн. Маш их мөнгө шүү дээ. Өөртөө сайхан пальто авч өмсөөд үлдсэн мөнгөө аав, ээждээ аваачиж өгөхөөр Гүнгалуутай руу таксидчихаж билээ.

-Ямар хол явсан юм бэ. Тэр үед такси тийм хол явдаг байсан юм уу. Тэгээд хэдэн төгрөг гарсан?

-Аав, ээж маань нутагтаа байсан юм. Такси цөөхөн, хэдхэн жолоочоо андахгүй таньдаг болчихсон. Гэр рүүгээ таксидахад 25 төгрөг гарч байсныг санаж байна.

-Цэвээнжав гуай тарваганы баас иднэ гэж ам гарсан тухай нэг яриа байдаг юм билээ. Чухам юу болсон юм бэ?

 

-Тэр их инээдтэй явдал болсон. Кино зураг авалтын үеэр юм шүү дээ. Жигжид гуай ажлын цаг, амралтын цагийг нарийн баримталж өөрөөр хэлбэл хэзээ хэнтэй юу ярихаа сайн мэддэг хүн байсан. Нэг өдөр “Пүрэвжав өнөөдөр зураггүй. Хоёулаа тарваганд явъя” гэхэд нөгөө хэд маань явуулж байна аа. Энэ хоёр юу алдаг юм гээд л. Тэгтэл Цэвээнжав гуай “Хэрвээ тарвага алаад ирвэл би баасыг нь идье” гэж байна. Гэтэл Ичинхорлоо гуай би үстэй толгойг нь иднэ гэлээ. Харин нүүр хувиргагч эмэгтэй би цөсийг нь иднэ гэлээ. Жигжид гуай “За та нар хүлээж байгаарай” гээд намайг аваад явлаа. Нэг муу калибраа үүрээд явлаа. Араас их шоолж байна аа нөгөө хэд. Бид хоёр дош хараад л яваад байлаа. Юм олдох шинж алга. Жигжид гуай “За хоёулаа балрах нь байна. Юм олдох шинж алга шүү гэснээ тэнд  хэдэн дош байна. Тэндээс л  нэг юм унагаад авбал уу” гэж байна. Намайг холхон хэвтүүлээд “За чи инээв ээ” гээд өөрөө гүйгээд явчихлаа. Хэвтэж хэвтэж буу тасхийгээд л явчихлаа шүү.  Нэг өндийснөө гүйгээд газарт нэг юм саваад байна.

Тарваганы баас Жигжид гуай бариад завьжинд нь хүргэтэл “Жигжид ээ, би дахиж ам гарч байхгүй” гээд огиж билээ.

 

Гүйгээд очтол нэг мөндөл буудаж. “За болоод явчихлаа шүү” гээд буцлаа. Майхан руугаа дөхөж яваад ойролцоо модны ёроолд тарвагаа нуулаа. Гэтэл майхнаас нэг нь гарч ирээд буцаад орлоо. Нөгөө хэд маань хараад шоолж байна аа. Бид хоёрыг юу ч буудаагүй гэж бодсон бололтой. Нийлж аваад лоозон бариад жагсаад ирж байна шүү. Жигжид гуай “Өшөө дөхөг хүлээж бай” гээд л байна. Нэлээн ойртоод ирэхээр нь  буцаж гүйгээд нөгөө тарвагаа аваад ирлээ. Цэвээнжав, Ичинхорлоо гуай хоёрын  зугатааж байгаа гэж. Жигжид гуай нас ойролцоо болохоор Цэвээнжав гуайн араас хөөлөө. Унаж тусаад л гүйгээд байна. Нэг харсан нөгөө Бумаагийнхаа өмсдөг дээлээ тайлаад толгойгоо битүү боочихож. Бөөн инээдэм. Тарваганы баас Жигжид гуай бариад завьжинд нь хүргэтэл “Жигжид ээ, би дахиж ам гарч байхгүй” гээд огиж билээ. Харин Ичинхорлоо гуай “Би дахиж ам гарахгүй, өршөө, өршөө” гээд зугатсан. Харин нөгөө нүүр хувиргагч эмэгтэй цөсийг нь шууд залгичихсан. Биед сайн гэдгийг мэддэг байсан юм билээ. Энэ мэт хөгтэй явдал их болно оо. Би алтан үеийн алдартай жүжигчидтэй нэг жил хамт байхдаа ямар ч их дээд сургуульд сурснаас илүү зүйл мэдэж, сурч авсан хүн дээ би.

-Таныг Цэндээхүү гуай хүүгээ болооч гэдэг байсан гэж дуулсан юм байна?

-Цэндээхүү гуай гэр бүлгүй байсан юм. Кинонд багш шавь болж хамт байсаар бараг аав, хүү хоёр шиг болчихгүй юу. Аав, ээж маань хөдөө байсан болохоор би оюутны байр, ах дүүсийнхээрээ байна. Түүнийг мэдээд л манайд хүрээд, миний хүү бол гэдэг байсан юм.

 

-Та ч том уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн оюутан гээд шууд л онц төгссөн байх даа?

-Багш нар маань их дэмждэг юм билээ. Банзрагчтай юу ярих вэ гээд л. Тэр кинонд тоглосон гээд Соёлын яамнаас Хүндэт жуух бичиг өгсөн. Хүүхдэд том шагнал шүү дээ.

 

-Тэгээд бас 100 төгрөгийн цалинтай оюутан  хотод газардахгүй байсан байлгүй?

-Тэр үеийн 100 төгрөг гэдэг одоогийн бараг 500 мянган  төгрөгтэй тэнцэх байх аа. Их мөнгө шүү. Оюутнууд нутаг буцах болохоор мөнгө олдохгүй, аав, ээждээ хоосон очихгүй байх санаатай. Манай ангийн Эвлэлийн дарга н.Дамдинжав бид хоёр цусаа өгөөд үзье гэж ярилцлаа.

-Оюутнууд цусаа өгдөг нь таны үед ч байсан юм байна?

-Цусаа өглөө. Цус өгдөг газар УБИС-ийн ойролцоо байсан.Эмч нар нь цус аваад гуанз зааж өгөөд хоол ид гэлээ. Оюутанд гуанзны хоол сайхан байсан гэж жигтэйхэн. Хоёулаа баярлаад дахиж өгөх үү гэж ярилцаж билээ. Хоёр хоногийн дараа ирж мөнгөө аваарай гэлээ. 10 төгрөг л өгөх байх гэж бодсон чинь 100 төгрөг өгдөг байгаа. Тэрүүгээрээ аав, ээждээ хангалттай зүйл аваад очиж билээ.

-“Сэрэлт”-д тоглосноос хойш танд кинонд тоглох урилга ирж байв уу?

-“Сэтгэлийн дуудлагаар” кинонд тоглох урилга ирсэн. Гол дүрийн Ишхүүд тоглох гэж байтал ажлаар Польш явах болчихсон.

-Та манай салбарын хүн юм билээ.Бас ч үгүй сайхан шүлэгтэй гэдгийг дуулсан.

-Нутгийнхаа тухай бичсэн нэг шүлгээ хэлчих үү?

Нутгийн буурал уулс минь

Буурал Хэнтийн оргилоос хийлийн аялгуу оргилоход

Бурхан Халдун уул мэлмий алдран мишээнэ

Үнэг шившээ салхи санчиг аргадан сэвэлзэхэд

Үүргэлсэн болжмор нойрноосоо сэргэж үүрийн гэгээг угтан шулганана

Эрдэнэ уулын уяан дээрээс эмээлт морь үүрсэхэд

Энгэр шандын бэлээр ивээлт наран ээвэрлэнэ

 

Буяны алтан өлгийдөө цацал өргөн мөргөмүй

Буурлын шүтээн бурхан Халдун ууландаа овоо нэмэн тахимуй

Өүлэн эхийн бүүвэйтэй үрийн заяа үнэрлэсэн

Өрлөг их Чингисийн өлмий оршсон нутаг мину

Тэнүүн Тэрэлжийн усанд ангир тольдон намжирдахад

Тэнхээт хурдан хүлэг зуузай холбон хатрина

Мөнгөлөг өнгөлөг өлгийдөө тэнгэрлэг заяатай зүмбэрлэсэн

Мөнгөн морьтой уулс миний ардын гал голомт

Хорол тоонотын хойморт бадамлах зулын гэрэл өөдөө

Хотлыг жаргаах хорин нэгэн Дарь-Эхийн ачлал өршөө өршөө

Хурай хурай хурай

-Сайхан шүлэг байна. Бурхан Халдун уулаа шүтэж биширч явдаг хүн юм аа?

-Тэгэлгүй яахав. Дээр үед Чингис гэвэл бараг толгойгоо авахуулах дөхдөг байлаа. Өвөө МАХН-д элсдэггүй, үзэл бодол таардаггүй нэг л тиймхэн байсан. Сумынхаа даргад уул ус, их хааны нутаг гэх мэт зүйл яриад буруудах шахсан үе бий.

-Хийсэн ажилтай, хэлэх үгтэй бидний өвөг дээдэс та бүхнээс сурах зүйл асар их байдаг. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд танд болон танай гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Алтан үеийн алдар цуутнаа хэсэг хугацаанд хөөрөлдөөд Банзрагч гуай баярлан, бас сэтгэл нь хөдөлж буй нь анзаарагдав.

...Өүлэн эхийн бүүвэйтэй үрийн заяа үнэрлэсэн

Өрлөг их Чингисийн өлмий оршсон нутагт... төрсөн Л.Базрагч хэмээх Монголын радиогийн сэтгүүлч найруулагч энэ хүн үнэхээр азтай, хувьтай бас энгийн нэгэн аж. Буурлын заяа мөнх орших болтугай.