m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.24 14:18
3692
Далайн “нулимс”

Бүсгүй та сувд зүүдэг үү? Эмэгтэй хамгийн чамин эдлэлийн нэг болох сувдны талаарх мэдээллийг танд хүргэж байна. Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утгатай сувдны нэр огтхон ч өөрчлөгдөөгүй юм. Эртний Ром, Византии, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байжээ. Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэнэ.

Эрт балар цагын зэрлэг хүн хүнс хоолоо хөөцєлдєн явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэдэг. Сувд нь тэр цагаас өнөөг хүртэл үнэт эдлэлийн дунд онцгой байр суурийг ямагт эзэлсээр ирсэн билээ. Тэрээр тийм ч урт настай биш, эдэлгээ даадаггvй боловч түүний гайхамшигийг шагшин магтсаар ирсэн төдийгүй ховор том сувднууд аль ч үед маш үнэд хүрсээр ирсэн. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байруудад орсоор ирсэн юм. Тэрээр бөөрөнхий , өндөг, тал дугуй, товч, дусал гэх мэт /Цилиндр хэлбэртэй 450 каратын том сувд нэг үе Хоупын цуглуулганд байсан/ хэлбэртэй байдаг. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, саарал, хүрэн зэрэг өнгөтэй нилээн тод гялгатай байна.

Сувд нь 3.5-4 хатуулагтай тул маш болгоомжтой арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бөгжтэй бол гараа угаахдаа хүртэл тайлж байх шаардлагатай, өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргээж бараг болдоггүй. Чулуунаас ялгаатай нь түүнийг өнгөлдөггүй бөгөөд ер нь бол хамгийн гамтай хэрэглэлээ ч гэсэн 150 жилийн эдэлгээг даахгүй. Энэ нь органик гаралтай бодис болох конхиолины задралаас шалтгаалж байгаа хэрэг юм. 200 жилийн настай сувд хар өнгөтэй болж хувирах ба таних ч аргагүй болдог. Эртний оршуулганаас олдсон сувд нь гар хүрэнгүүт л үйрч нунтаг болчихдог бол үнэт чулууны /жишээ нь: анар/ хувьд олон зуун жилийн турш өөрчлөгдөлгүй үе дамжин ирдэг.

Эрт дээр үеэс персидийн булан, Цейлоны баруун хойд эргийн мaнаарын булангаас сувдыг олборлосоор ирсэн ба сувд ихтэй газарт Улаан тэнгис, Австрал, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, КалифорПолинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Калифорны булан, Англи, Ирланд, Франц, Герман, Австри, АНУ–ын цэнгэг ус, Бразилийн амазонк зэрэг олон газрууд орно.

Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. Харин Европд цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна. Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг. Сувд эхлээд өнгө алдан бүдгэрч дараа нь харлаад хатаж жижигрэн дуусна. Тэр бүхнээс илүү хүний бие, арьс, дулаанд нь дуртай. Гэхдээ тааралдсан болгонд биш. Жишээ нь Оросын сүүлчийн хатан хаан Александра Федоровнагийн арьс сувдыг үхүүлэх онцгой увидастай байжээ. Сувдаа залуужуулахын тулд тэрээр нэгэн залуухан тариачин бүсгүйг авч явдаг байсан аж. Бүсгүй түүний сувдыг өвөртлөн унтдаг байж. Учир нь түүний арьс сувдад шим тэжээл болох гаргадаг байсан гэнэ. Ер нь Романов хааны гэр сувдаар их алдартай байсан юм. Хатан хаан маш ховор ягаан сувдан зүүлттэй. Хааны удмын гүнж нарт төрсөн өдрөөр нь нэг том сувд бэлэглэдэг байж. Гүнжийг насанд хүрэхэд хэлхээ сувдан зүүлт бэлэн болох байв. Гэвч тэд насанд хүрэлгүй коммунистуудад цаазлагдсан тул сувдан зүүлтээ гүйцээж чадаагүй бол большевикууд хааны сувдыг худалджээ.

Далайн дулаан усанд нялцгай биетний яс махнаас төрж, танан хуягт өлгийдүүлсэн сувд өөрийн үзэсгэлэнгээр төгс төгөлдөр. “Перламутр” (тана) гэсэн үг нь “Сувдын эх” гэсэн герман үг. Түүнийг хараад байх тутам гоо сайхныг нь мэдэрнэ. Арга ч үгүй байх, тэр үхэж бүдгэрэн, сэргэж гялалзах амьд бие юм чинь. Египетийн хатан хаан Клеопатра сэтгэлээ өгсөн Марк Антонийг бишрүүлэхийн тулд цууны хүчилд сувд уусган түүний эрүүл мэндийн төлөө ууж байсан гэх домог бий. Сувд зөвхөн эмэгтэйчүүдийн гоёл байгаагүй юм. Энэтхэгийн махаражийн хувцас нь хэдэн кг сувдаар чимэглэгдэж байсан юм.

Сувд нь үүссэн газраасаа хамаарч, далайн болон цэвэр усны гэж ангилагдах бөгөөд яаж үүссэнээсээ хамаарч, байгалийн болон хиймэл гэж хуваагддаг ажээ. Байгалийн сувд олборлох ажил нь сүүлийн үед маш ховор болсон. Учир нь ганцхан ширхэг жинхэнэ сувдыг олохын тулд мянга мянган хясааг хагалж, тэднийг егүүтгэх хэрэгтэй болдог билээ. Тиймээс сувдыг хүмүүс өөрсдөө гаргаж авахыг илүүд үзэх болсон байна. Үйл явц нь байгаль дээрхиэс бараг ялгаагүй юм байна. Ганц ялгаа нь гэвэл хүмүүс өөрсдөө хясаан дотор гадны биетийг оруулдаг ажээ. Нэг сувд нь 2-7 жилийн дотор бий болдог байна.

Сувдны түүхэнд Японы Кокичи Микимотогийн нээсэн сувд хиймлээр ургуулах арга дуулиан тарьжээ. Түүний арга нь хясаанд элс суулгаж тэр яваандаа сувд болон ургах аж. Өөрөөр хэлбэл, сувд нь танан хясааны “өвчин” юм. Амьд байгалийн жамаар танан хясаа биедээ орсон гадны зүйлийг тусгай эдээр хучин тусгаарладаг юм байна.

Хясааны нулимс (сургамжит өгүүллэг)

Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.

Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв. Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа. Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов. Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв. Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу? Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?

Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа. Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ` Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ. Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ. Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ. Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.

Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ!