m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.04 03:42
328
Ц.Төмөрбаатар: Энэ яаманд урлаг ойлгодог нэг ч хүн алга

Нийтэлсэн огноо: 2014-03-11 14:06:58


Ц.Төмөрбаатар. Энэ нэрийг сонсохоор хурц, эрэмгий, дайчин хүний дүр төрх санаанд буух. Гэсэн атлаа уужуу сэтгэлт, ухаалаг монгол эр хүнийг ч бас мэдрүүлэх. Өдгөө ч уран бүтээлдээ үнэнч яваа тэрбээр ССАЖЯ- ны сайдын зөвлөхийн алба хашиж байна. Түүнтэй бүтэн өдөр өнжин байж хийсэн ярилцлага таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье гэж бодлоо. Хүүхэд насныхаа талаарх дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Би багадаа Цэргийн нисгэгч болохыг их хүсдэг байсан. Гэхдээ миний аав урлагийн хүн байсан болохоор ээж маань Аавынхаа мэргэжлийг миний хүү л өвлөх хэрэгтэй байна даа. Аав чинь амьд ахуй байхдаа “Миний мэргэжлийг энэ Төмөрбаатар л уламжлаж авна шүү” гэж хэлдэг байсан. Тиймээс миний хүү нэг шалгуулаад үз гэсэн. Тэгээд би Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид жүжигчний мэрэгжилээр шалгалт өгөөд тэнцэж жүжигчин болох анхны алхамаа хийж байлаа.

-Таны хүүхэд болон залуу нас кино урлагтай салшгүй холбоотой байх.

-Тийм шүү. Залуу нас бол яахын аргагүй кино урлагтай салшгүй холбоотой. Би анх Улсын багшийн их сургуулийн Кино драмын ангид 1974 онд элсэж ороод 1976 оноос кино урлагтай холбогдсон. 1978 онд “Суварган цэнхэр уулс” кинонд Саруултөгс гээд байлдагчийн дүрийг бүтээж энэ киногоороо дипломынхоо ажлыг хамгаалж байсан. Тэр үед миний киноны багш Г.Жигжидсүрэн найруулагч , Теарын багш УГЗ Д.Маамхүү байсан. Тэр үед би аавынхаа мэргэжлийг өвлөж авч байгаагийн хувьд надад итгэл хүлээлгэсэн ээж болон аавынхаа найз нөхөд, шавь нарынх нь итгэлийг алдахгүйн тулд хичээж ажилладаг байсан. Одоо ч мөн адил хичээсээр л байна даа.

739

-Та анх хэдэн настайдаа ямар кинонд тоглож байсан бэ?

-Анх 19 настай байхдаа Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн багшийнхаа найруулсан “Хүний амь” кинонд тоглож байсан. Тэр кинонд П.Цэрэндагва ах, Ш.Гүрбазар, бид гурав хамтран тоглож байсан. Удахгүй “Хүний амь” киноны маань хоёрдугаар ангийг хийх юм шиг байна лээ.

-Та тоглох уу?

- Мэдээж тоглоно. Намайг кино урлагт хөтөлсөн анхны кино шүү дээ.

-Та 25-хан насандаа  "Говь Хянганд тулалдсан нь" кинонд Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж байсныг монголчууд бид сайн мэднэ. Амьд хүний дүр бүтээх танд амаргүй байсан байх?

-. Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээх саналыг аваад надад хамгийн түрүүнд нэг л зүйл бодогдсон. Маршал Х.Чойбалсан “Бөмбөгөр ногоон театр”- т өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн жүжгийг үзэж байхдаа өөрийнх нь дүрд тоглосон хүнийг гаднаас нь хараад “Би ийм сайхан хүн юм уу. Тэгээд ийм тэнэг гэж үү” гэж хэлсэн гэдэг. Тиймээс яана даа л гэж бодож байсан. Яагаад гэхээр нэгдүгээрт түүхэн дүр, хоёрдугаарт тухайн дүрийн эзэн нь амьд сэрүүн байсан учраас чадах болов уу гэж эргэлзэж байсан. Тэр үед надад Батлан хамгаалах яамны сайд асан н.Цог генерал шаардлагатай зөвлөгөөг өгч, бүх талаар туслаж дэмжиж байсан.

-Ю.Цэдэнбал дарга тэр үед ирж уулзаж, таньд зөвлөж байв уу?

-Киноны зураг авалтын үеэр нэг л удаа уулзаж байсан. Гэхдээ зөвлөгөө энэ тэр авч чадаагүй. Зөвхөн тэр хүний царайны хувирал, ярианы өнгө, үйл хөдлөлийг нь л сайн ажиглаад судлах гэж оролдсон. Гэхдээ сургуулиа төгсөөд удаагүй залуу жүжигчин учраас ямар ч туршлагагүй, мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Гэхдээ оросын мундаг жүжигчид найруулагчидтай хамтарч ажиллаж байсан болохоор тэд надад туслаж зөвлөгөө өгч байсан. Ялангуяа Урлагийн гавьяат зүтгэлтэн Төрийн  соёрхолт кино найруулагч Б.Сумхүү гуай надад маш их туслаж, их олон зүйлийг зааж сургасан. Мөн миний гарт кино урлагийн алтан боломжийг атгуулж өгсөн хүн гэж би боддог. Би насан туршдаа Б.Сумхүү гуайг мартахгүй, үргэлж хүндлэн дээдлэж явах ёстой хүн дээ.

-Кино гарсаны дараа Ю.Цэдэнбал даргатай уулзсан уу. Ямархуу сэтгэлдэлтэй байсан бол?

-Киног Ю.Цэдэнбал дарга, Анастасия Ивановна, Филатова нар үзсэн. Тэгээд кино дууссаны дараа Филатова босч ирээд “Ю.Цэдэнбалаа чи залуудаа яг л ийм хүн байсан шүү дээ” гэж хэлэхэд нь би маш их баярлаж байсан. Ю.Цэдэнбал даргын дүрд тоглох боломж олдсон нь миний амьдралд тохиосон хамгийн том аз завшаан гэж боддог.

8fe5394c1c8547a8big

-Энэ дүрийг бүтээгээд та удалгүй Төрийн шагнал хүртсэн юм билээ.1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөний үеэр шагналаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн гэсэн. Яагаад тэгсэн юм бэ?

-Хүмүүс Ю.Цэдэнбал даргын дүрд тоглосон учраас татгалзсан гэсэн ойлголттой байдаг. Би Ю.Цэдэнбал даргад тоглосон учраас шагналаа буцааж байна гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Хамгийн гол нь би залуухан 25- тай төрийн шагнал авсан учраас надад хүмүүс маш их атаархаж, элдвээр ярьж дарамталж байсан. Залуу хүн бүр л алдаатай, хөдөлгөөнтэй байдаг. Би залуу хүн учраас алдаж эндэх зүйл байсан. Тэр бүхэнд маань хүмүүс ийм хүнд Төрийн шагнал өглөө. Яах гэж өгч байгаа юм. Буцааж ав гэх мэтээр маш ихээр дарамт учруулж байсан. Энэ нь надад хүнд байсан учраас Би яах вэ гээд ээж дээрээ уйлаад очиж байсан удаа ч надад бий. Тиймээс  л би шагналаа буцааж өгөхийг хүссэн. Тэр шагнал тэмдгийг л буцаагаад өгчих юм бол энэ бүх дарамт байхгүй болно гэж бодсоны үндсэн дээр л би буцаах саналыг тавьсан.

-Таны саналыг яаж хүлээж авсан бэ?

-Төр өгсөн шагналаа буцаадаггүй ээ. Энэ шагнал тань хүчин төгөлдөр гэсэн хариуг хэлсэн. Би төр засгийнхаа надад өгсөн шагналыг үнэлээгүйдээ буцаая гэсэн юм биш надад учирч байсан  тэр их дарамт шахалтаас ангижрах гэсэн миний хүсэл байсан юм шүү гэж л хэлмээр байна даа.

-“Улаанбаатарт байгаа миний аав” кинон дээр таны аавын жинхэнэ мөн чанар харагдаад байх шиг санагддаг юм.Таны аав тийм л хөгшин байсан байх.Та аавынхаа талаар бидэнд ярьж өгөхгүй юу?

-Аавыгаа би сайн мэдэхгүй ээ. Намайг долоон настай байхад бурхан болсон. Миний үеийн долоон настай хүүхэд одоогийн долоон настны хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Аавынхаа талаар бүүр түүрхэн л санахаас биш тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ “Улаанбаатарт байгаа миний аав” киног үзэхээр яг миний аав амилаад босоод ирсэн юм шиг санагддаг. Хувцас нь л өөр байсан болохоос биш миний аав яг л тийм хүн байсан. Миний аав ямар ч уургүй, их тайван хүн байсан. Ээжтэй минь ам зөрж үзээгүй, бидэнд чанга дуугаар үг хэлж, гар хүрч үзээгүй хүн дээ. Миний аав ээжийг маань нэрээр нь дуудаж байгаагүй миний хүү гэж боддог байсан гэсэн. Маш завгүй ажил ихтэй байсан  хэрнээ чөлөөт цагаараа гэртээ хоёр хөлөндөө алчуур зүүж байгаад мөлхөж байгаад л шалаа угаадаг байсан. Ээжийг маань гал тогооны ажилд ер хүргэдэггүй хормогч зүүгээд л хоол хийгээд гүйж байдаг байсан. Маш хөдөлмөрч сайхан сэтгэлтэй хүн байсан даа миний аав.

-Таны аав олон зүйлийн анхдагч байх аа?

- Миний аав Сүхбаатар, Чойбалсаны дүрийг анх тайзнаа амилуулж байсан. Мөн анхны гавьяат жүжигчин, ардын жүжигчин болж байсан гэж бодохоор маш олон зүйлийн анхдагч болж явсан мундаг хүн дээ. Аав маань “Түмний нэг” кинон дээр багшийн дүрд тоглодог. Өөрөө ч амьдрал дээрээ маш олон шавьтай. Өөрийнх нь шавь нар анх Хүүхэд залуучуудын театрыг байгуулсан түүхтэй.

-Таны аав яахын аргагүй Алтан үеийн сор болсон жүжигчин билээ. Таньд аавынхаа тухай уран бүтээл хийх бодол байдаг уу?

-Цаг нь болохоор хийнэ гэж боддог. Одоохондоо бол бодож төлөвлөсөн юм алга л байна. Яагаад гэж хүмүүс гайхаж магадгүй л дээ. Миний аав битгий хэл тэр үеийн Монгол Улсынхаа төлөө зүтгэж явсан мундаг хүмүүсийн амьдрал уран бүтээлийн талаар юу ч хийгдэхгүй байгаа. Тэр хүмүүсийг дурсах ч үгүй байгаа шүү дээ. Зүгээр л өөрсдийнхөө компанийг мөнгөжүүлэхийн төлөө, өөрсдөө нэр алдартай болохын төлөө л болсон болоогүй юм хийж байнэ. Одоо тэр үеийн их түүхийг бүтээж явсан хүмүүсийн талаар асуухад залуус юу ч мэдэхгүй нь харамсалтай.

-Манай улс Тив Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчиддаа гурван сая төгрөгөөс дээш мөнгөн урамшуулал олгодог болсон. Үүнийг маш зөв гэж боддог. Харин насаараа урлагт зүтгэсэн хүмүүсээ яаж урамшуулах юм бол. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Та өнөөдөр салбар хариуцсан сайдын зөвлөх учир ийм зүйл асууж байгаа юм шүү?

- Ямар ч арга хэмжээ авдаггүй. Тийм бодол, бодлого ч байхгүй

-Цаашдаа ямар арга хэмжээ авах юм бэ? Урлагт насаараа зүтгэсэн хэрнээ одоо орох оронгүй айлд толгой хорогдож буй хүн ч байна шүү дээ?

-Ер нь урлагийнхан бүгд ядарсан амьдралтай хүмүүс байдаг шүү дээ. Баян хүн гэж бараг байхгүй. Жишээ нь Цэндээхүү гуай, Оюун багш, Н.Цэгмид гуайн урлагт насаараа зүтгэсэн хэрнээ яаж зовж зүдэрч байсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ар гэр нь ядуу, төр засгаас ямар ч тусламж байхгүй. Мөнгөгүйн эрхэнд ганцаардаж, өлсөж, цангаж байж өнгөрсөн. Олонд нэрлэгдсэн “Гарьд магнай” киноны Равсал панз, Алтан-Өлзий ах гээд дурьдаад байвал маш олон хүн тааруухан амьдарч байна шүү дээ. Төр засгаас харж үзэж байгаа юм юу ч байхгүй. Одоогийн их хурлын гишүүдийн дотор урлагийнхны амьдралыг харж үзье, дэмжье, туслая гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй. Би үүнийг бардам хэлнэ. Гэтэл соёл урлагийнхан спорттой адилхан монголынхоо нэрийг гадаадад гаргаж л байгаа. Аливаа баяр ёслол Монгол Улсын нэрийг гаргах чухал үйл ажиллагаанд хамгийн түрүүнд урлагийнхныг л урдаа барьдаг шүү дээ. Манайд нэг кино хийх гэж хэдэн найруулагч нар нь хүн болгон дээр очиж дэмжээч, туслаач хамтран ажиллаач гэж гуйдаг. Ингэж гүйснийхээ эцэст арай гэж нэг юм кино нь бэлэн болохоод үзэгчдэд хүргэхэд ашгийн 50 хувийг нь кино театрууд авна гэдэг. Ингэхээр яаж кино хийх юм бэ. Үлдсэн 50 хувь нь киноныхоо зардлыг бараг нөхөж чадахгүй байна. Би ганцхан киног шүүмжлээд байгаа юм биш. Кино театрт ч төрийн бодлого алдагдсан гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

-Хуучны кинонууд шиг чанартай кино хийхийн тулд төр засгаас ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бол?

-Манайд чадварлаг найруулагч нар маш олон байна. Тэд нарын дунд тендер зарлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тендерт шалгарсан найруулагчид “Канийн фестивалд юм уу. Оскарт зориулж кино хийх үүрэг, итгэл өгөөд төрөөс мөнгийг нь өгөх хэрэгтэй. Тэгэхэд чанартай сайн бүтээл гарч л таарна.  

-Танай яамнаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-ССАЖЯ- нд урлаг ойлгодог хүн байна уу, нэг ч хүн байхгүй. Уг нь би урлагийг хөгжүүлье, анхаарлыг нь түлхүү хандуулъя гэж энэ яаманд сайдынх нь туслах хийгээд сууж байна.

-Та өөрийнхөө бодлыг хэрэгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Урлагийг хөгжүүлэхэд юу саад болоод байна вэ?

-Энэ яаманд урлаг ойлгодог урлагийн хүн байхгүй нь саад болоод байна даа. Урлагийн нарийн ширийнийг ойлгохгүй чөлөөтэй байлгах хэрэгтэй гээд байгаа. Энэ нь тархай бутархай байдлыг үүсгэж байна.

-Кинонд тоглох санал ирж байна уу?

-хоёр, гурван газраас ирсэн. Би төрийн ажил хийж байгаа болохоор зав зай тун бага тиймээс түрдээ хойш нь тавьсан. Бас америкийн кино найруулагчдаас кинонд тоглох санал ирсэн. Зохиолын судлах шатандаа явж байна даа. Гэхдээ одоохондоо гэрээ энэ тэр бол хийгээгүй. 

-Таны дүрүүд дотроосоо шатсан, оргилсон байдаг. Одоо нэг тийм дүр бүтээчих юмсан гэж бодож явдаг дүр бий юу?

-Гүндүүгүй сайхан монгол эрийн дүр дээр ажиллах сонирхол байна. Хөдөөний малчин ч юмуу. Яагаад гэхээр би “Сэрэлт” киног анх үзээд аавынхаа тоглодог дүрийг хараад нэг иймэрхүү л дүрд тоглох юмсан гэж бодож байсан даа.

-Таньд иймэрхүү дүрд тоглох санал ирвэл шууд тоглон гэсэн үг үү?

-Дуртайяа хүлээж авна.

-Авьяас удам дамжин өвлөгддөг гэдэг. Та өөрөө мундаг жүжигчний удмыг залгаж яваа хүний хувьд хүүхдүүдээ жүжигчин болгоё гэж боддог уу?

-Манай хүүхдүүд жүжигчин болно л гээд байдаг. Би өөрийнхөө өнцгөөс одоогийн урлагийг дүгнэхээр эмэгтэй хүнд урлагийн амьдрал жаахан тиймэрхүү юм шиг санагддаг.

-Уг нь Цагааны Цэгмид, Цэгмидийн Төмөрбаатар, Төмөрбаатарын тэр гээд л удам дамжаад явбал сайхан биш үү?

-Мэдээж удмаа таслахгүй үлдээнэ ээ. Миний том охин Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид сурдаг. Би охиныгоо жүжигчин болгоно гэж бодож байгаа.

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Төрийн ажлаа амжуулахын хажуугаар олон сайхан дүр бүтээж, түмэн олноо баярлуулж яваарай.

Т.Болормаа