Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)ны Удирдах зөвлөлийн хурал анх удаа Монгол Улсад болж байна. Энэ сарын 26-28-нд нийслэлд болж байгаа бөгөөд ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британийн иргэн А.Одел, ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын хүндэт зочид оролцож байгаа юм.
Хурлаар олон улсын оюутны спортын стратеги, бодлого үйл ажиллагааны асуудал, зохиогдсон наадам, тэмцээнүүд ялангуяа ирэх оны Универсиад наадмуудын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын ажиллагаа, холбооны санхүүгийн асуудал, ХЭГ-ын үйл ажиллагаа, тулгарч байгаа асуудыг шийдвэрлэх арга зам, дараагийн Гүйцэтгэх хорооны хэлэлцэх ажил, түүний дараалал зэрэг олон талт асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Олон улсын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна
ОУОСХолбоо нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Монголын оюутан залуус 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IVдүгээр Универсиадад наадмаас эхлэн баг тамирчидаа оролцуулснаас хойш 50 жилийн хугацаанд энэ хоёр байгууллага харилцан, хамтран ажиллажээ.
Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд баг тамирчидаа тогтмол амжилттай оролцуулж байна. Ийнхүү Универсиад наадмаас Монголчууд алт 9, мөнгө 13, хүрэл 23 нийт 45 медаль, оюутны ДАШТ- нээс алт 21, мөнгө 10, хүрэл 28 нийтдээ 59 медаль хүртсэн билээ.