m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.27 03:14
164
Н.Энхбаярыг интерполоор эрэн сурвалжилж болзошгүй

ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Н.Энхбаярыг хэрэгтэй  холбогдуулан байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ. Хэрэв заасан хугацаанд ирж байцаалт өгөхгүй бол хуулийнхны дараагийн авах арга хэмжээ нь интерполоор эрэн сурвалжлах аж.

 Ирж байцаалт өгөх хугацааг тухайн хэргийг шалгаж буй байцаагч шаардсан бичигтээ тусгаж өгдөг . Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр байцаагчийн заасан хугацаанд ирж байцаалт өгөх ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд  хэргийг түр түдгэлзүүлж, интерполоор эрэн сурвалжилж эхлэх юм.


МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан цагаасаа хойш БНСУ-д амьдарч байгаа юм. Н.Энхбаярыг өнгөрсөн долдугаар сард багтан эх орондоо ирнэ гэх мэдээллийг МАХН-ын зүгээс өгч байсан ч БНСУ-ын эмч нарын гаргасан дүгнэлтээс болж тодорхойгүй хугацаагаар ирэх нь хойшилсон гэж мэдэгдсэн. Харин Н.Энхбаярын ирэхгүй байгаа шалтгааныг хууль хүчний байгууллагаас дахин эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой гэж хардах хүмүүс байсаар байгаа юм.

Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Түүнийг 2010 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нэг хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат  талбай бүхий хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт залилсан хэрэгт буруутган шалгаж  байгаа. Н.Энхбаяр нь уг байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцож, төрсөн дүү Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй Эскон ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэнгэлээр худалдан авах гэрээ байгуулуулсан ч үлдэгдэл нэг сая доллараа өнөөдрийг хүртэл төлөөгүй АНУ-ын иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан гэж эх сурвалжууд хэлээд байгаа юм. 

Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Н.Энхбаярыг дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол интерполоор эрэн сурвалжилна.