-Эдийн засагч, доктор Д.Батжаргал, эдийн засагч, судлаач Ч.Анхбаяр, СЭЗДС-ийн Санхүүгийн
удирдлагын тэнхимийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нартай
валютын зах зээлийн талаар ярилцлаа-
Он гарснаас хойш валютын ханш огцом чангарч, төгрөгийн ханш улам суларсан. Мөн өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс өдөрт 2-8 төгрөгөөр огцом өсч эхэлсэн. Үүнийг эдийн засагч, шинжээчид манай улсад валютын нөөц байхгүй байгаатай холбон тайлбарлаж байсан. Ялангуяа сүүлийн хоёр жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй үргэлжилсээр байсан аж. Түүнчлэн гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн тийм ч хангалттай бус байлаа.
Өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс ам.долларын ханш өдөрт 2-8 төгрөгөөр огцом өсч эхэлсэн
Иймээс төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргасан.
Ингэснээр иргэдийн авах гадаад валютын зээл хумигдаж, ам.долларын ханш буурна гэсэн хүлээлттэй байсан ч хүлээж байсан шиг нь ам.долларын ханш буурсангүй харин ч улам өссөөр 1900 төгрөг давсан. Гэтэл БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр огцом өсч байсан ам.долларын ханш буурч, манай улсын гадаад валютын ханш хэлбэлзэж эхэлсэн. Үүний шалтгааныг зарим эдийн засагч манай улсын өнгөрсөн долдугаар сарын гадаад худалдааны алдагдал буурч, гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарч, Хөгжлийн банкнаас их хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Энэ талаар Эдийн засагч, доктор Д.Батжаргал, эдийн засагч, судлаач Ч.Анхбаяр, СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нараас
-Сүүлийн хоёр сарын турш огцом өсч байсан валютын ханш энэ сарын дунд үеэс огцом буурч эхэлсэн. Ингэж буурахад юу нөлөөлж байгаа вэ. Энэ хэлбэлзэл улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Валютын ханш ийнхүү огцом буурах нь ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх үү?
-Таны бодлоор валютын ханшны сулрал хэр тогтвортой үргэлжлэх вэ? гэсэн гурван асуултад хариулт авлаа.
Эдийн засагч, судлаач Ч.Анхбаяр: Ам.долларын ханш 1720 төгрөгт хүрэх боломж байгаа
-Манай улсын валютын ханшны чиглэлүүд 2013 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн урт хугацааныхаа чиглэл рүү орж эхэлсэн. Энэ оны долдугаар сарын 5-ны өдрөөс энэ сарын 14-ны өдрийг хүртэл өссөн шиг валютын ханшны өөрчлөлт энэ онд гараагүй боловч өнгөрсөн онд хоёр удаа гарсан. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 12-ны хооронд 294 төгрөгөөр өсч байсан бол есдүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 135 төгрөгөөр өсч байсан гэсэн судалгаа бий. Харин энэ удаагийнх өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэ сарын 14-ны өдөр хүртэл нийт 272 төгрөгөөр өссөн байгаа. Ерөнхийдөө эдгээр өсөлт нь хугацааны хувьд нэлээд сунжирсан. Огцом өсөөд тэр чинээгээрээ буурна гэдэг нь зах зээлд хөндлөнгийн нөлөөлөл байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд нэг хэсэг хүмүүсийн тоглолт байна уу үгүй юу гэсэн хардлагыг төрүүлчихэж байгаа юм. Ер нь цаашдаа урт хугацаанд эдийн засгаа тогтвортой хөгжүүлье гэхэд гол садаа нь ханшийн савалгаа болон тэнд тоглодог тоглогч нар байгаа юм. Тиймээс валютын ханш огцом буурах шалтгаануудыг эдийн засгийн онолын үүднээс тайлбарлах амаргүй байна. Харин нөлөөлж магадгүй гэсэн хүчин зүйлүүд нь гэвэл саяхан болсон БНХАУ-ын даргын айлчлалаас үүдээд манайд ам.долларын урсгал орж ирэх юм байна, том гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтээр дамжаад ханшид нөлөөлсөн юм болов уу гэсэн горьдлого байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн ханш дээр тоглодог хүмүүс цаашдаа ам.долларын ханш хэд хүртэл явахыг тааж мэдэх аргагүй учраас нөөцөлсөн валютуудаа зарсан байж болох юм. Нөгөө талаар хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор төгрөгийн хэрэгцээ их гарч ирсэн болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар яг энэ сарын гадаад валютын статистик тоо гараагүй байгаа. Тэндээс бол долларын хадгаламж төгрөгийн хадгаламж руу хэр их хөрвөж байна вэ гэдгийг харж болно.
Ам.долларын ханш 1720 төгрөгт хүрэх боломж байгаа
-Валютын ханшны өсөлт буурал нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг шууд хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг үеэ бодвол гадагшаа хандах хандлага манайхны дунд ихэссэн. Гадаадад ч мөн адил монголчууд байгаа. Эдгээр хүнд энэ нь шууд дарамт болж байгаа юм. Дээр нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүнүүд бүгд гаднаас орж ирж байна. Тэр бүрт ам.доллар, юань шаардагдана. Тэгэхлээр бизнес эрхлэгчид, наймаачдад хүнд цохилт болж байгаа юм. Тэгээд яах ч аргагүй зардлаа үнэндээ шингээхээс өөр аргагүй байдаг учраас эргээд энэ нь худалдан авах чадварыг бууруулж, инфляцийг өсгөдөг. Харин инфляцийн өсөлт нь ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.
-Аливаа динамик процесс өөрийн гэсэн энерцитэй, мөн чиглэлээсээ хазайх хазайлттай байдаг. Үндсэндээ тэр хазайлтуудтай холбоотойгоор цаашид хэд хүрч болох вэ гэдгийг таамаглах боломж их байдаг. Урт хугацааны хандлагаас хамгийн хол зайд хазайж байсан хазайлтаар хэмжээд үзвэл одоогийн ам.долларын ханш 1785 төгрөг хүртэл буурах боломж байгаа. Бүр нарийн техник шинжилгээгээр тооцож үзвэл 1750 хүртэл буурна гэсэн таамаглал байгаа юм. Өнгөрсөн онд 294 төгрөгөөр өсөөд 106 төгрөгөөр буурч байсан, мөн онд 135 төгрөгөөр өсөөд 296 төгрөгөөр буурч байсан. Энэ зүй тогтлыг аваад үзвэл долларын ханш 177 төгрөгөөр буурах боломжтой. Тэгэхээр 177 төгрөгийг хасаад үзвэл 1720-д хүрэх боломж ч байгаа гэж үзэж байна. Ам.долларын ханш 1800 дээр тогтоно гэсэн ард иргэдийн дунд үүссэн хүлээлт бол хамгийн энгийнээр харагдаж байгаа зүйл юм. Мөн буулгах хэд хэдэн нөхцөл байж болно. Хэрвээ БНХАУ-ын дарга айлчлаагүй, том хэлэлцээрүүдэд үзэглээгүй байсан бол ханшны бууралт аль хэдийн эргэх боломжтой байсан. Эдийн засгийн үүднээс ханшийн бууралтыг авч үзвэл гадаад худалдааны алдагдал буурч, экспорт өсч, импорт буурч, ханш 1800-гаас дээш гараад ирсэн тохиолдолд гадаад худалдааны алдагдлыг тэг болгож, улмаар ашигтай болгох тэнцвэрийн түвшинд хүрэх юм гэсэн хандлага сүүлийн үед нэлээн тод ажиглагдах боллоо. Бид эдийн засгийнхаа тогтвортой хөгжлийг хадгалах, улсынхаа зэрэглэлийг бууруулахгүйн тулд ханшийг 1800-аас дээш барих тохиолдолд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах боломж бүрддэг. Тэгэхээр Монголбанк болон эдийн засагчдын зүгээс гадаад худалдааны алдагдал буурах тусмаа эдийн засагт сайн, тэр хэмжээгээр гадаад валютын гарах урсгал хязгаарлагдаж байна гэсэн үг юм. Энэхүү хязгаарлалтаар валютын нөөц тогтвортой байх боломж нь хангагдаж байгаа учраас оны эцэс хүртэл валютын ханш 1800-аас дээш байвал улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө, харин 1800-аас доошоо буувал ард иргэдэд ашигтай байгаад байгаа юм. Гэхдээ хэт доошоо буувал эргээд гадаад худалдааны алдагдлаа нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс ханш өсөх, буурах хоёрын аль нь зөв болохыг яг таг хэлж болохгүй байгаа юм.
СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Монгол Улс гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр байнга алдагдалтай байдаг
-Ер нь валютын ханшийг өнгөрсөн оноос алдчихсан шүү дээ. Валютын өсөлтийн гол шалтгаан нь гадаад валютын нөөц дуусч, дотогшлох урсгал буурсан. Түүнчлэн Монгол Улс бол эдийн засгийн бүтцийнхээ хувьд импортын орон, үйлдвэрлэгч орон биш учраас гадаад валютын гарах урсгал байгаа боловч орох урсгал буурсны улмаас валютын ханш өссөн. Сайн муугийн хувьд валютын хэмжээ өсөх нь манай улсад тийм ч сайнаар нөлөөлөхгүй, харин буурах үзэгдэл нь ард иргэд болоод бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Харин цөөн тооны экспортын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст л валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй байж болох юм. Миний бодлоор валютын ханш өссөн гол шалтгаан нь нэгдүгээрт, нийгэм дэх хүмүүсийн хүлээлт, хоёрдугаарт гадаад валютын дотгошлох урсгал нээгдсэнтэй холбоотой гэж бодож байна.
Монгол Улс гадаад валют, гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл дээр байнга алдагдалтай байдаг
-Монгол Улс гадаад валют, гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл дээр байнга алдагдалтай байдаг юм. Мөн валютын орох, гарах урсгал хоёрын гарах урсгал нь давамгайлж явдаг юм. Тиймээс ханшийн өсөлт нь манай улсад эерэг зүйл биш, тэгэхээр эсрэгээрээ буурах үзэгдэл нь ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Ер нь өмнөх жилүүдийн статистик тоо баримтаас харвал ам.доллар болон юанийн ханш наймдугаар сарын сүүлч болон есдүгээр сарын эхээр урсгалаараа өсдөг. Харин энэ жил тодорхой хэмжээний валютын хомсдолтой байж байгаад сая тодорхой цэгээс валютын дотгошлох урсгал нээгдэж, нөөцөд нэлээд их валют орж ирэх шиг боллоо. Манай улсын бүх гол нэрийн бүтээгдэхүүний 40-50 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тиймээс гадаад валютын 30-40 хувийн өсөлт ард иргэдийн нуруун дээр шууд бууж байна.
-Валютын ханшийн буурах үзэгдэл цаашид ч мөн тогтвортой үргэлжлэх хүлээлттэй байна. Мэдээжийн хэрэг энэ нь манай улсын хоёр хөрш орны айлчлалтай холбоотойгоор үүсч байгаа хүлээлт юм. Гэхдээ цаашид хэд хүртэл буурахыг сайн хэлж мэдэхгүй байна.
Эдийн засагч, доктор Д.Батжаргал: Ам.долларын ханшийн уналт нь инфляцийг тогтворжуулж байна
-Гадаад валютын зах зээлд коррекц хийснээр ам.долларын ханш буурах трэнддээ орлоо. Зах зээл дээр нэг хэсэг ханшийн өсөлт бий болсон бол эргээд буурах ёстой байдаг. Монголбанк өнгөрсөн сард мөнгөний бодлогын хүүг 12.0 хувьд хүргэж, инфляцийг барих оролдлого хийсэн. Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг сайжруулснаар валютын ханш буурах төлөвтөө орж байна гэж үзэж байна. Ханшны өсөлтийн шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаатай холбож тайлбарлаж болно. Энэ нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байсан. Түүнчлэн өнгөрсөн оноос шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж байсан. Харин БНХАУ-ын даргын айлчлалаар гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулж ирэх томоохон гэрээ хэлэлцээрийг байгуулснаар олон нийтийн дунд хүлээлт үүсэж, үүнээс үүдэн ханш тодорхой хэмжээгээр буурч байна. Энэ нь инфляци тогтворжих эерэг нөлөөтэй юм.
Ам.долларын ханш огцом өсөөд тэр чинээгээрээ буурна гэдэг нь зах зээлд хөндлөнгийн нөлөөлөл байна гэсэн хардлагыг төрүүлж байна
-Энэ нь улс орны амьдралд шууд нөлөөлж байна. Ялангуяа манайх шиг үйлдвэрлэгч биш, импортлогч орон учраас хүмүүсийн худалдан авах чадварт шууд бусаар нөлөөлж байгаа хэрэг юм. Ам.доллар валютын зах дээр 1905 төгрөгт хүрсэн. Мөн цаашид ч өсөх хандлагатай байсан учир ард иргэд, наймаа эрхлэгчид ихээхэн хэмжээний ам.доллар, юань тэр үеийн ханшаар авсан боловч одоо огцом буурч байгаагаас үүдэн тэр хүмүүст асар их алдагдал хүлээх болж байна.
-Би бол үүнийг цаашид удаан тогтвортой үргэлжлэх байх гэсэн хүлээлттэй байна. Цаашлаад 1700 төгрөг дээр тогтох болов уу гэж бодож байна.