m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 11:55
147
Үхлийн хөндийн хөвөгч чулууны учир тайлагдав уу

АНУ-ын Калифорни, Невада мужийн хооронд байдаг Үхлийн хөндийн чулуунууд 1940 оноос хойш нүүгээд байгаа нь ажиглагдсан байдаг. Энэ нь олон хүний анхаарлыг татдаг бөгөөд эрдэмтэд ч учрыг нь олж чадахгүй байна. Эдгээр чулуунууд хүн, амьтны нөлөөгүйгээр нүүдэг учраас "Хөвөгч чулуу" хэмээн нэрлэжээ. Судалгаагаар хөвөгч чулуунууд 2-3 сард 250 метр хүртэл хол нүүдэг бөгөөд хамгийн хүнддээ 318 кг жинтэй байдаг аж. 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар 60 гаруй чулуу нүүж байна гэсэн судалгаа гарсан байна.

Калифорнийн их сургуулийн Далай судлалын сургуулийн судлаачид уг үйл явдлыг өөрсдийнхөөрөө тайлбарлажээ. Үхлийн хөндийд нь өмнө нь Плаяа хэмээх нуур байсан бөгөөд шөнөдөө маш сэрүүн болж мөсөн бүрхүүл тогтож, өдөртөө маш халуун болж тогтсон мөсөн бүрхүүл хайлдаг аж. Тиймээс өдөр нь мөснүүд хайлж ширүүн салхины улмаас бүгд туугдан нүүдэг гэнэ. Энэ зуур чулуунууд мөсийг хагалан салхинд туугдан урагшилдаг хэмээн тэд тайлбарлажээ. Уг хөндий нь заримдаа гүехэн устай байдаг, ширүүн салхитай газар аж. Гэхдээ энэхүү тайлбарыг бүхнийг шийдсэн төгс тайлбар гэж хэлэх боломжгүй юм. Чулуунууд зарим нь маш том хэмжээтэй байдаг ч нүүдэг бөгөөд тэнд байдаг бүх чулуу байрнаасаа хөдөлдөг. Зарим чулуу нь огт хөдөлгөөн хийхгүй зогссон, бүтэн эргэсэн ч байдаг ажээ.

Өмнө нь эрдэмтэд харь гаригийн хүчин зүйл, соронзон орон зэрэгтэй тайлбарлан үздэг байсан гэнэ.

Хөвөгч чулуу зам татуулан нүүсэн байгаа нь

Эрдэмтдийн зургийг нь авсан мөснүүд

Г.Төгөлдөр