m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.02 05:40
565
Л.Мягмарсүрэн: Бид дайнд ялсан хэрнээ газар нутгаа алдсан нь гашуун боловч үнэн

Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг сурвалжлахаар Дорнодод хэд хонолоо. Энэ үеэр Халх голын дайн болоод энэ бүс нутгийн талаар хамгийн сайн мэдэх хүнийг эрж хайтал Халх гол суман дахь “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнг зааж өгөв. Үнэхээр би зөв хүнтэйгээ уулзжээ. Түүнтэй цаг гаруй ярилцаж суухдаа Халх голын байлдаан, энэ нутгийн үүх түүх, хөгжлийн талаар чамгүй мэдлэгтэй болж авсан юм. Мягмарсүрэн гуайн ярилцлагыг хүргэе.

-Дорнод аймгийн Халх гол сумын түүхээс бидэнд сонирхуулна уу?

-Элдэв вангийн хошуу гэж 1689 онд байгуулагдсан юм гэнэ лээ. Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл 325 жил болж байна. Саяхан бид Элдэв вангийн хошуу үүсч байгуулагдсаны 325 жил, Хал гол сум байгуулагдсаны 90 жил, Их бурхант цогцолборыг аравнайлсны 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр, өнөөдөр Халх голын ялалтын 75 жил, манай музейн 30 жилийн ойг тэмдэглэж байна. Монгол Улсад орон нутгийн шинэчилсэн зохион байгуулалт хийсний дагуу 1924 онд сум болгосноос хойш 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм.

-Халх голын тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Угаасаа ийм нэртэй байсан уу, ямар түүхтэй гол вэ?

-Бидний өвөг дээдэс маань газар, уул, усны нэрийг ихээхэн бодолцож олгодог байсан ёс заншилтай. Халх гол гэдэг нэрийн хувьд 800 жилийн тэртээ, их эзэн хаан Чингисийн байлдан дагуулалт буюу Тойрол хаантай Халх нөмрөгийн орчимд тулалдаан хийж байх үед л ийм нэртэй байсан. Түүхч, судлаачид олон өнцөгөөс харж үүнийг тайлбарладаг л даа. Гол усныхаа хувьд Халх гол гэж нэрлэснийг зөв юмаа гэж би боддог. Өөрөөр хэлбэр халх монголчуудын гол гэсэн үг. Энд чинь Монголын олон овог аймаг нутаглаж байлаа шүү дээ.

Халхын голыг дайны цаг үетэй холбон судалж байгаа судалгаанууд их байдаг. Ер нь Халх голын дайн үүссэн гол шалтгаан нь газар нутгийн маргаан. Энэ голоор Манж Го улс, Монгол Улсын хил зааглах ёстой гэсэн байр сууринаас япончууд хандаж, энэ дайныг өдөөсөн юм.

1732 онд баргууд Монголоос нүүн гарч, Хайлаар хотоос хойш, Хөлөнбуйр аймгийн хойд талд суурьшсан. 1934 онд хэсэг баргууд бас нүүж гарсан. Баргууд ингэж хилийн цаана гарснаас эхлээд хил хязгаарын будлиан үүссэн юм. Тухайн үед Баргын Жагдан гэж ноён, манай Сэцэн хан аймгийн Чойжилжав нар гэрээ хэлэлцээ хийж, Нөмрөгийн Соёлз уулнаас Халхын таван уул хүртэлх газарт 16 газарт хилийн овоо тэмдэгт босгосон байдаг. Энэ цаг үеэс баргууд Манжийн харьяанд очсон юм. Ингээд Манж, Монголын хооронд хилийн маргаан үүссэн юм. Энэ асуудал ужгирч явсаар байгаад Халх голын дайн өдөөгдсөн түүхтэй.

-Халх голын дайн эхэлсэн үеийн талаар бидэнд сонирхуулаач?

-Түүхч, судлаачид Халх голын дайныг гурван үе шат болгон авч үздэг. 1939 оны тавдугаар сарын 11-нд Номонхан, Баянбүрдийн чиглэлээр Япон, Манжийн томоохон хүч түрэмгийлж орж ирсэн өдрийг Халх голын дайн эхэлсэн өдөр гэж үздэг. Ер нь 1935 оны нэгдүгээр сарын 24-нд Халхын сүм дээр Баргын 17 морьт цэрэг хил цөмрөн орж ирээд манай хилийн харуулын дайчидтай тулгарахад анх удаа буу гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдсэн байдаг. Үүнээс хойш 1939 оны тавдугаар сарын 11 хүртэл Монголын улсын хилийг 60 удаа зөрчиж, том жижиг мөргөлдөөн, тулгаралт хийж байсан. Харин 1939 оны есдүгээр сарын 16-нд Москва хотод Зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд Молотов, Японы элчин сайд Того нар гал зогсоох актад гарын үсэг зурснаар Халх голын дайн зогссон гэж үздэг.

-Баянцагааны давааны тулалдаан Халх голын дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ талаар тайлбарлаж өгөөч.

-Халх голын дайныг гурван үе шат болгон авч үздэг гэж би түрүүн хэлсэн. Эхнийх нь тавдугаар сарын 11-28-ны тулалдаан. Энэ үед япончууд манайх руу томоохон хүчээр дайрч, өөдөөс нь хилийн цэрэг, хүч нэмэгдүүлсэн ардын армийн сумангууд байлдаж, 17 хоногт Монголын хил рүү 22 км цөмөртөл хамгаалан тулалдаж чадсан юм. Тэгээд тавдугаар сарын 17, 18-нд Орос, Монголын нэмэгдэл хүч ирж, хоёр хоногийн дотор Монголын хилээс хөөж гаргасан. Хоёр дахь нь Баянцагааны тулалдаан. Долдугаар сарын 2-5-ны хооронд япончууд Халх голын баруун талд хөвдөг гүүр тавиад гарч ирсэн. Япончууд 10-аад мянган хүнтэй, Орос, Монголын тал мянга орчим хүнтэй. Зэвсэг, техникийн хувьд Японы тал зургаан хуягт машин, 84 танктай. Манай тал 266 хуягт машин, 184 танктай байсан. Энэ тулалдаанд ЗХУ, Монгол Улсын баатар Яковлевийн удирдсан танкийн 11-р бригад анх удаа явган цэрэггүйгээр, марш дундаас хүч задлах операцийг зохион байгуулж, шууд тулалдаанд орсон онцлогтой. Энэ олон танк, техникийн хүчээр Халх голын баруун талд орж ирсэн япончуудыг ухрааж эхэлсэн. Харин япончууд долдугаар сарын 4-нд тэр олон танк, техникийг голын зүүн талд гаргахгүйн тулд өөрсдийн барьсан гүүрээ дэлбэлсэн. Маргааш нь япончуудыг гол руу шахаж, ихэнхийг нь устгасан. Ердөө дөрөвхөн хоногт арваад мянган хүний амь эрсэдсэн ийм аймшигтай тулаан болсон юм.

Ер нь Халх голын дайнд хүн, зэвсэг, техник шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Нөгөө талаар манай Халхын гол маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ энэ гол байгаагүй бол япончууд аль эрт баруун эрэгт гарч, цааш давших байсан.

-Жинхэнэ утгаараа халхалж байж дээ?

-Харин тийм. Ханагар нутгийг минь хамгаалж, хана хэрэм болсон Халхын гол гэсэн сайхан дуу хүртэл байдаг юм. Ер нь монголчууд уул усаа шагнаж, хэргэм цол олгож байсан олон жишээ бий. Богд дүнжингарав, Орхон түшээ гүн, Дархан хулд уул гээд жишээ олныг дурдаж болно. Яг үүн шиг Халхын голыг шагнуулаасай гэж олон жил бичиж, олон жил ярьж ирлээ. Эх орны дайнд баатар болсон ЗХУ-ын 21 хот байдаг. Үүн шиг Халх голыг баатар болгоё гэсэн санал санаачилга гарч байсан. Гэвч манай улсад сум, хотыг баатар цолоор шагнах эрхзүйн акт байдаггүй гэнэ ээ. Харин сая Халх гол сум маань Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Энэ бол баатарлаг түүхтэй нутгаар овоглож явдаг хэн бүхний омогшлыг төрүүлсэн сайхан үйл явдал.

-Та түрүүн дайны гурван үе шат байдаг гэж ярьсан. Сүүлийн шат нь юу юм бэ?

-Төгсгөлийн шат бол наймдугаар сарын 20-31-ний хооронд болсон тулалдаан. Наймдугаар сарын 20 хүртэл хоёр тал хориглолтын байдалд шилжээд байв. Манай тал наймдугаар сарын 20-нд давших тактикийг сонгосон нь бас учиртай. Дайны үед тагнуулын мэдээ мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй байдаг. Японы нийслэл Токиод Германы ЭСЯ-нд ажиллаж байсан Оросын нэрт тагнуулч Рихард Зорге 1939 оны наймдугаар сарын 24-ний өдөр япончууд Монгол руу их давшилт хийх гэж байна гэсэн маш чухал мэдээг Сталин руу дамжуулсан байдаг. Сталин үүнийг сонсоод 24-ний өдрөөс өмнө өрсөж довтол гэсэн тушаалыг Жуков, Чойбалсан нарт өгсөн. Тэгээд сөрж довтлохын тулд наймдугаар сарын 20-ний бүтэн сайн өдрийг сонгосон. Довтлохын өмнө дайснаа төөрөгдүүлэхийн тулд өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажлыг даацтай өрнүүлсэн байдаг. Япончууд энэ аргад хууртаж, манайхныг мөд довтлохгүй юм байна, эндээ бэлтгэлээ базааж өвөлжих нь гэж ойлгоод фронтод байсан ихэнх офицеруудаа арагш татаж, амраасан юм. Тэгээд наймдугаар сарын 20-ний өглөө таван цаг, 30 минутад 150 дайрагч онгоц, 150 бөмбөгдөгч онгоц агаарт зэрэг хөөрсөн. Ингээд япончуудыг гурван цагийн турш бөмбөгдсөн. Үүнтэй зэрэгцээд 160 их буугаар нэгэн зэрэг галласан. Япончууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг эмх замбараагүй болоход манай морьт цэргийн зургаа, наймдугаар дивиз баруун, зүүн талаар давшиж, 24-ний өдөр бүслээд авсан. Ингээд наймдугаар сарын 31 гэхэд япончуудыг буулгаж авсан юм. Харин есдүгээр сарын 16-нд Москвад хоёр тал гал зогсоох актад гарын үсэг зурснаар Халх голын дайн төгссөн түүхтэй. Нийт 128 хоногийн турш орос, монгол цэргүүд хувцсаа тайлалгүй дайтаж байж энэ ялалтыг авчирсан даа.

-Дайны үеэр хоёр талаас хэдэн дайчин оролцсон бол. Нас барсан цэргийн тоо хэд байдаг вэ?

-Ноднин манайд олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ үеэр ОХУ, Хятад, Япон, Монголын 27 эрдэмтний илтгэлийг хэлэлцүүлсэн. Тэр үед хэд хэдэн зүйл дээр санал нэгдсэн. Энэ бол дайн байсан юм гэдгийг Орос, Хятад, Монголын тал хүлээн зөвшөөрдөг. Харин япончууд үүнийг дайн биш, хилийн мөргөлдөөн, газар нутгийн маргааны төдий асуудал гэж үздэг. Харин Японы зарим судлаач үүнийг дайны хэмжээнд авч үзэх ёстой гэдэг дээр санал нийлсэн. Хэдийгээр цаг хугацааны хувьд богино боловч оролцсон хүн хүч, зэвсэг техник, олон улсын шинж чанараараа яах аргагүй дайн. Энэ дайнд хоёр талаас 120-иод мянган хүн оролцсон. Хүчний харьцаа ерөнхийдөө ойролцоо. Орос, Монголын талаас 57 мянга, Япон, Манжийн талаас 60 мянга орчим. Би нэг тоо баримт сонирхуулья. Энэ дайнд оролцсон Оросын 17121 хүнийг сайн байлдлаа гээд төрийн одон медалиар шагнасан байдаг. Харин Монголын төр засаг 726 хүнийг шагнасан. Энэ хоёр тоо бол Орос, Монголын цэргийн хүчний харьцааг илэрхийлж байгаа юм. Дайнд Оросоос 25850 хүн, манай Монголоос 990 хүн амиа алдсан. Бид энэ тоог өсгөөд мянга гэж үзэж болно. Японы тал 38 мянган хүнийхээ амь насыг алдсан. Манай талаас үхсэн 27 хүн тутмын 26 нь орос байсан. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, та бидний сайн сайхан, өнөөдрийн монголчуудын амьдралын төлөө Оросын тэр олон дайчин амь насаа алдсан юм.

-Дайны үр дүнгийн талаар эрдэмтэн, судлаачид юу гэж үздэг бол?

-Судлаачид олон төрлийн судалгаа, архивын баримт дээр тулгуурлан Халх голын дайн бол дэлхийн хоёрдугаар дайны эхлэл юм гэж үздэг. Дэлхий хоёр хэсэгт яах аргагүй хуваагдах нөхцөл байдалд энэ дайн эхэлсэн юм шүү дээ. Социалиаст гэж нэрлэгдэж байсан Орос, Монгол хоёр нэг талд. Нөгөө талд Итали, Герман, Япон гурав цэргийн эвсэл, холбоотон болж, дэлхийн хуурай газрыг гурвуулахнаа хуваан авах санаархалтай байсан. Энэ дайны үр дүнд тухайн үеийн ЗХУ зэвсэг техник, цэргийн ур чадварын хувьд муугүй юм байна гэдгийг дэлхийд харуулж чадсан. Японы Квантуны арми 1928 оноос хойш Солонгосыг эзлээд, Хятадын зарим мужийг өөрийн болгоод, Манж Го улсыг байгуулах зэргээ Ази тивд ялагдашгүй гэдэг сүр хүчийг үзүүлээд байсан. Олон дайн тулалдаанд орж, дайтаад сурчихсан тэр том армийг Зөвлөлтийн зэвсэгт хүчин ялж чадсан. Хоёрдугаарт, энэ ялалт хүний эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, дарлал гэдэг юмнаас Ази тивийг чөлөөлөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Бид 1939 онд ялчихаад 1945 онд хятадуудыг Японоос чөлөөллөө шүү дээ. Энэ бол Халх голын ялалтын л үр дүн.

-Манай улс хэдийгээр дайнд ялсан ч гэсэн газар нутгийнхаа нэгээхэн хэсгийг алдсан байдаг. Энэ талаар тодруулж өгөөч?

-Бид өнгөтэй, өөдтэй болгоноо ярьж, бичсээр өнөөг хүрлээ. Харин одоо түүхийн гашуун үнэнийг хүнд хүргэх л ёстой. Энэ дайны улмаас монголчууд газар нутгаа алдсан нь үнэн. Тухайн үед ЗХУ-ын гол зорилго нь Халх голын дайныг хурдан хугацаанд зогсоох явдал байсан. Сталин Германтай харилцан үл довтлох гэрээ байгуулсан ч баруун талаас довтлох аюул нүүрлэсээр байлаа. Хэрвээ Халх голын дайн сунжирч, баруун талаас Герман довтолбол хоёр тийшээ фронт нээгдээд, ялагдахаас өөр аргагүйд хүрнэ. Сталин үүийг маш сайн олж харсан байгаа юм. Тиймээс Халх голын дайныг маш хурдан зогсоож, Монголын хилийг тогтоохыг хичээсэн. Тэр гал зогсоох актанд Япон, Монголын цэргийн байрлаж байсан газраар хилийг урьдчилж тогтооно гэж тусгасан юм. Тухайн үед бид зүүн хилээсээ гадагш гарч, давшиж зогсоогүй. Харин ч зарим газар хилийнхээ наана зогссон байсан. Жишээ нь өмнөд талаар Халхын халуун рашаан, Нөмрөг, Мана уулын чиглэлээр ар тийшээ ухарч, Японы цэрэг ороод ирчихсэн байсан. Ингээд тэр протоколын дагуу хил хязгаар тогтоогдож, бид өнөөдөр япончуудын балгаар Хятад улсад газар нутгийнхаа зарим хэсгийг алдсан байдалтай байна.

-Хамгийн их цөмөрсөн хэсгээрээ хэдэн км байдаг бол?

-Халхын халуун рашаан гэхэд Монголын хилээс цааш 25 км-т байна. Мэдээж бид Манжийн нутагт байгаа рашааныг Халхын халуун рашаан гэж нэрлэхгүй шүү дээ. Баянхонгорын Шаргалжуутын рашаантай төстэй 34 төрлийн халуун рашаан байна. Тэр сайхан нутгаа алдчихсан. Үүнээс гадна Буйрын баруун талаар, Шилийн худгийн чиглэлээр, Номонханы чиглэлээр их нутаг алдсан даа.

Япончууд 1939 онд салам цохиулсан болохоор дэлхийн хоёрдугаар дайны үед наашаа дахин давшиж чадаагүй. Гэхдээ оросууд Японыг давшиж магадгүй гэж болгоомжлоод алс дорнодын цэргийн хүчээ энд байлгаад байсан. Тэгээд германчууд Моксвад ойртоод ирэхийн цагт арга буюу фронтоо татсан түүхтэй.  

-Халх гол сум дайны дараа ямархуу нөхцөлд байв. Социализмын үед хэрхэн хөгжиж байсан бол?

-Япончууд Халх гол өөд дайрч довтолсны гол зорилго бол Манжийн нутгийн хилийг тэлэх байсан. Энэ бол тодорхой. Үүнээс гадна Халх гол орчмын үржил шимтэй хөрсөнд шунасан юм. Өнөөдөр энд 14 төрлийн жимс, жимсгэнэ ургаж байгаа. Хонин толгойд шилжүүлбэл таван сая бог мал бэлчих бэлчээрийн даац байна. Өнөөдөр Халх голд тарьсан улаан буудай, түүнээс гарсан гурил, гурилан бүтээгдэхүүнээр Монголын таван хүн тутмын нэгийг тэжээх боломж байна. Монголын хөдөө аж ахуйн задлагдаагүй үүц Халх голын бүс нутагт байгааг эндээс харж болно. Юун тэр Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт. Уул уурхай бол ухаад л дуусчихдаг эд шүү дээ. Гэтэл хөдөө, аж ахуйн ийм том материаллаг бааз, нөөц энд байна. Үүнийг япончууд олж харсан юм. Дайнд ялсныхаа дараа би Халх голд жимсний цэцэрлэг байгуулна гэж бичсэн япон цэргийн тэмдэглэл хүртэл байдаг.

Халх голын район дайны үед Баянгол нэгдэл гэж байлаа. Гэвч дайны хөлөөс болж энэ сумын иргэд нүүн дүрвэж, 1939-54 оныг хүртэл эзгүйрсэн. Тэгж байтал Тамсагийн сангийн аж ахуй байгуулагдаж, мал аж ахуй эрхэлж эхэлсэн. Гэтэл ялаа, шумуул, чоно ихтэй байна гээд сангийн аж ахуй маань нүүх болсон. Харин 1960 онд Хүчит гээд ХААДС-ийг агрономичоор төгссөн хүнээр ахлуулсан 13 хүн ирж, Халх голын хязгаар нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажлыг эхлүүлсэн. Судалгаа хийгээд энд 13 сангийн аж ахуй байгуулах боломж байна. Агро үйлдвэрлэлийн 1, 2-р зэргийн хар хүрэн буюу язмагт үеийн хөрстэй шороо байна. Энд жимс, шувуу, тахиа, зөгийн аж ахуй хөгжүүлж, тосны ургамал тариалж, мал аж ахуй эрхэлж болох нь гэдгийг судалж тогтоосон. Үүний үндсэн дээр 1972 онд 40 мянган га талбайтай, 50 мянган үхэртэй, 5 мянган бяруу бордох цогцолбортой том  аж ахуйг байгуулсан юм. Энэ сангийн аж ахуй 1986, 1989 онд улсын ургацын аваргаар тодорч байлаа. Зах зээл эхэлснээс хойш улсын хөрөнгө эзгүйдэж, дампуурч сүйрлээ шүү дээ. Тэр дагуу Халх голын сангийн аж ахуй сүйрсэн. Харин сүүлийн жилүүдэд том том компаниуд дэлхийн шилдэг технологийг оруулан ирж, газар тариалангийн бизнес эрхэлж байна.

Ер нь Халх голын бүс нутаг асар их ирээдүйтэй газар. Загас агнуурын аж ахуй хөгжих хамгийн боломжтой нутаг бол Буйр нуур. Монголын агнуурын ач холбогдолтой загасны 50 хувь нь энд байна. Мөн зөгий, тахиа шувууны аж ахуй хөгжих бүрэн боломжтой. Энд 400 гаруй төрөл зүйлийг балт ургамал байна. Үүнээс гадна уул уурхай, газрын тос гээд асар их баялаг газрын хэвлийд байгаа учраас Халх голын бүс нутаг хөгжих нь дамжиггүй.

-Наашаа ирж явахдаа Мэнэнгийн их талд төмөр зам тавьчихвал энэ нутгийн хөгжилд хэрэгтэй юм гэж бодож байлаа. Төмөр зам тавих асуудал дээд түвшинд яригдах юм уу?

-Энд тариа тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд Улаанбаатар руу 1000 км машинаар зөөнө гэвэл алдагдалд орно. Тиймээс хамгийн хямд зардалтай төмөр зам байх нь гарцаагүй. Ер нь Ази, Европыг холбосон хэвтээ тэнхлэгийн А32 ангиллын авто зам, төмөр зам Тамсагаас эхлээд Рашаан хотоор хил гарах зураг төсөл нь хийгдчихсэн, одоо хандивлагч орнуудтай яриа хэлэлцээ хийх шатандаа яваа. Харин өнөөх нарийн, өргөн царигаас болоод ам хэлээ олж чадахгүй мунгинаад байна. Энэ асуудлаа шийдчих л юм бол Ази, Европын төмөр замтай хэвтээ тэнхлэгээр холбогдох ирээдүй харагдаж байна. Энэ асуудал ойрын арваад жилд биелчих байх аа.

-Сайхан ярилцсанд баярлалаа.

Олон дайн тулалдаанд орж, дайтаад сурчихсан Японы тэр том армийг ялснаар ЗХУ зэвсэг техник, цэргийн ур чадварын хувьд муугүй юм байна гэдгийг дэлхийд харуулж чадсан