Засгийн газар нэр бүхий 27 хэвлэл мэдээллийн байгууллагатай 395 сая төгрөгийн хаалтын гэрээ хийсэн талаарх баримтыг “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, түүний дэргэдэх “Иргэний хяналтын газар”-аас олон нийтэд дэлгэсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр эргээд өөрсдийнх нь үнэн, бодит мэдээлэл авах эрхийг нь хаасан эл үйлдэл нь эрх баригчдын увайгүй үйлдэл хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлж байгаа.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр энэ талаар тайлбар өгөхөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандлаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар нь ямар нэг хэвлэл мэдээллийн байгууллага өмчилдөггүй. Ард түмний төлөө явуулж буй үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэдэг. Монголд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслүүд бүгд хувийн хэвшлийнх. Эдгээр байгууллагын санхүүжилт нь 100 хувийнх, олон хүнийг цалинжуулж, улсад татвараа төлдөг аж ахуйн нэгж юм. Гэтэл Засгийн газраас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчил гэж шаардах нь учир дутагдалтай. Иймээс үе үеийн Засгийн газар хэвлэл мэдээлэлд зарцуулахаар багахан хэмжээний хөрөнгө төсөвлөж, түүгээрээ "Хамтран ажиллах гэрээ" байгуулж ирсэн уламжлалтай.
Гэтэл үүнийг зарим төрийн бус байгууллага "Хаалтын гэрээ" хэмээн мушгин гуйвуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулан, хэвлэлд өөрсдийн цензурыг тогтоох гэсэн оролдлого хэмээн тайлбар хийж байна.
Засгийн газар болон түүний хэвлэл мэдээллийн албанаас хамтран ажиллах гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэлийн бодлогод нөлөөлж, нийтлэл, мэдээ сурвалжлагад нь хяналт тогтоож байсан удаагүй. Засгийн газрын хийсэн ажлыг хэрхэн олон нийтэд хүргэх нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлого, сэтгүүлчийн ажил байдаг.
Ц.Мөнхтөр: Засгийн газар 390 орчим сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ хийсэн
Засгийн газрыг 395 сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулсан гэх тоог мөн дээрх төрийн бус байгуулагаас гаргасан. Тэгвэл Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ биш хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээнд 200 сая төгрөг төсөвлөсөн. Үүнд орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс сэтгүүлчдийг олон удаа хөдөөгүүр дагуулан явсан. Үүний зардалд Эдийн засгийн хөгжлийн яам нэмэлт хөрөнгө гаргаж өгсөн. Ингээд нийтдээ 390 орчим сая төгрөгийн гэрээ хийгдсэн. Энэ гэрээг Засгийн газар олон нийтээс нууж байгаагүй.
Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах зардалд Эдийн засгийн хөгжлийн яамнаас 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Эцэст нь хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газар хаалтын гэрээ хийж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.