m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.05 08:26
121
Цэргийн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Батлан хамгаалах яаманд өнөөдөр боллоо.


Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг хамруулж, гүйцэтгэгчээр Австри улсад бүртгэлтэй “АМЕ Интернэйшнл” компанийг шалгаруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны  долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг БХЯ-нд өгсний дагуу өнөөдөр уг гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Австри улсын “АМЕ Интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал ноён Эккехарт Штремитцер нар гарын үсэг зурлаа.


Гэрээ байгуулснаар нийт долоон сая евро буюу 18,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн лаборатори, дүрс оношлогоо, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгуудад нэг жилийн дотор нийлүүлэх юм. Ингэснээр цэргийн госпиталийн шинэ барилга ашиглалтад орох цаг хугацаатай давхцан нэн шаардлагатай, орчин үеийн, анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын тэргүүлэх технологийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.


Түүнчлэн цэргийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг гадаад улсын хөнгөлөлттэй зээлээс гадна өөрийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлэх тал дээр Батлан хамгаалах яам анхаарч ажиллаж байна. Тухайлбал, дижитал суурин рентген оношлогооны төхөөрөмж болон багаж хэрэгслийг вакум уураар ариутгагч төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалах яамны зүгээс шийдвэрлэх арга хэмжээг авч, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 2014 оны төлөвлөлтөд тусгаж, батлуулсан байна.