
Бид өмнө нь Халхын голын байлдааны талаар судлаач Л.Мягмарсүрэнгийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэсэн. Харин энэ удаа БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Мөнх-Очиртой уулзаж, энэ дайн геополитик талдаа ямар нөлөө үзүүлсэн талаар голлон ярилцлаа.
-Халх голын дайн эхлэх болсон учир шалтгаан юундаа байсан юм бол?
-1930-аад онд дэлхий дахинд улс төрийн нөхцөл байдал тун ээдрээтэй болоод байсан. Ази тивд нөлөөгөө тэлж, колони, эзэмшил орнуудаа томсгох гэсэн Японы эзэнт гүрний санаархал дээд цэгтээ хүрээд байв. Ийм ч учраас 1931 онд Хятадын зүүн хойд муж нутгуудыг эзлэн авч, Манж Го хэмээх тоглоомын улс байгуулан Манж чин улсын сүүлийн эзэн хаан Фү И-г ширээнд нь дахин залж, өөрийн гар хөл болгосон. Мөн 1936 онд коминтернийн эсрэг факт нэртэйгээр нацист Герман, фашист Итали, милитарист Япон гурав цэрэг, улс төрийн эвсэл байгуулсан юм. Энэ гурав зөвхөн Ази төдийгүй Европ, Африк тивд ноёрхлоо тогтоож, дэлхийд өөрсдийн дэг журмыг цэрэг зэвсгийн хүчээр тогтоох гэсэн санаархлыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Японы цэргийн дээд командлалын зүгээс 1937 онд Хятадын эсрэг бүрэн хэмжээний дайн дэгдээсэн. Улмаар 1936, 1937 онуудад БНМАУ-ын дорнод хил хязгаараар өдөөн хатгалгууд хийж эхэлсэн. ЗХУ-ын эсрэг Герман дайн зарласан тохиолдолд өөрийн холбоотон Германд тусламж үзүүлж, зүүн талаас нь довтлох бэлтгэлийг хангаж байсан хэрэг. Тухайн үед япончууд ЗХУ-ын Ази дахь хамгийн гол холбоотон БНМАУ-ыг хэсэгчлэн тасдаж авах, улмаар ЗХУ-ын эсрэг довтлох түшиц газар олох, манай улсын төрийн удирдлагад нөлөөлөх зорилгоор зэвсэгт түрэмгийлэл үйлдэх нь тодорхой болоод байв. Ингээд 1939 оны тавдугаар сард Квантуны арми болон Манж Го улсын барга, манж, цахар үндэстнээс бүрдсэн цэрэг Халх голын сав газар, Монголын дорнод хязгаараар хил зөрчин орж ирсэн байдаг. Улсын хилийн зөрчлөөр эхэлсэн энэ зэвсэгт мөргөлдөөн цааш бүрэн хэмжээний дайн болж, гурван сар гаруй үргэлжилсэн. Хэдийгээр байлдааны ажиллагаа болсон газар нутаг хязгаарлагдмал, үргэлжилсэн хугацаа урт биш ч гэсэн бүрэн хэмжээний дайн байсан юм. Яагаад гэвэл тухайн үед БНМАУ-ын цэргийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн үлэмж хувь байлдааны ажиллагаанд шууд болон бэлтгэл үүрэгтэн байдлаар татагдан орсон. Манай улсын эдийн засаг, одоогийнхоор ДНБ-ий 40-56 хувь нь энэ дайнд зориулагдаж байв. Хэрвээ бид энэ дайнд амжилт гаргаж чадаагүй бол манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдах байсан. Бүхлээрээ биш юм аа гэхэд Монголын Дорнод хязгаар Япон, Манжийн түрэмгийлэгчдийн гарт орох байлаа. Хүнд хэцүү энэ үед ЗХУ-ын улаан арми 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколын дагуу олон мянган цэрэг эрсийнхээ амийг золиослон байж манай улсыг хамгаалсан л даа.

1939 оны наймдугаар сарын сүүлээр дайн Зөвлөлт, Монголын ялалтаар дуусч, Японы цэргийн үлдэгдлийг хөөн гаргасан. Үүний дараа Японы засгийн газар ЗХУ-тай харилцан үл довтлох гэрээ байгуулсан түүхтэй. Энэ гэрээг байгуулснаар Японы арми дэлхийн хоёрдугаар дайны үед Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэргийн хүч рүү довтлох санаархлаа орхихоос аргагүйд хүрсэн. Хэрвээ оросууд Гитлерийн Германтай баруун фронтод байлдах үед Японы Квантуны арми зэрэг довтолсон бол энэ дайн Зөвлөлтийн ард түмний хувьд хэр удаан үргэлжилж, хэр олон сая хүний амь нас эрсдэж, хэр их хохирол учрах байсан нь ойлгомжтой. Зөвлөлтийн ард түмэн ганцхан Германтай дөрвөн жилийн турш байлдаж байж 1945 онд ялалт байгуулсан. Харин япончууд Зөвлөлтийн эсрэг довтолсон бол магадгүй дахиад гурав, дөрвөн жил сунжрах байсныг үгүйсгэхгүй.
Манай улсын эдийн засаг, одоогийнхоор ДНБ-ий 40-56 хувь нь энэ дайнд зориулагдаж байв
Японы цэргийн хүчин Халх голд ялагдсаны дараа хуурай замаар Хятад, Монгол, Зөвлөлтийн эсрэг бүрэн хэмжээний дайн өрнүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж, тэнгисийн цэргийн хүч нь Номхон далайн арлууд руу, Филиппин, Индонез, цаашлаад АНУ-ын эзэмшилд байсан Хавайн арлууд руу довтлох стратегийн өөрчлөлт хийсэн. Үүний үр дүнд 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Перл Харбор дахь Америкийн тэнгисийн цэргийн баазыг Японы тэнгисийн нисэх хүчин, агаарын хүчин хамтран бөмбөгдсөн. Энэ нь АНУ-ыг дайнд татан оролцуулсан юм. Америкийг дайнд оролцуулсан нь Холбоотны ялалтыг наашлуулахад үүрэг гүйцэтгэсэн гэж цэргийн түүхчид үздэг. Ингээд харахад Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны ялалтад олон талаараа нөлөөлсөн байдаг. Энэ ч утгаараа дэлхийн хоёрдугаар дайны анхны байлдаан гэж нэрлэдэг.
Халх голын дайн Монголын хувьд улс төрийн асар их ач холбогдолтой байсан. 1920-иод оноос хойш БНМАУ-ыг зөвхөн ЗХУ хүлээн зөвшөөрч байлаа. Өрнөдийн том гүрнүүд Монголыг дундад иргэн улсын нэг хэсэг гэж үздэг байв. Харин Халх голын дайн БНМАУ нь ЗХУ-ын Ази дахь гол холбоотон юм байна, ийм цөөн хүн амтай, буурай хөгжилтэй улсыг ЗХУ хамгаалдаг юм байна, Зөвлөлтийн стратегийн чухал холбоотон юм байна гэдгийг дэлхий дахинд харуулж өгсөн. Ингэснээр Монгол бол холбоотны нэг хэсэг юм гэдгийг харуулсан. 1945 онд манай улс чөлөөлөх дайнд оролцсоны дараа ЗХУ, Их Британи, АНУ, Дундад иргэн улсын удирдагчид манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хил хязгаарыг одоогийн байдлаар тогтоосон байдаг.
-Дайнд оролцсон хоёр талын цэрэг, техникийн хүчийг харьцуулбал хэр ялгаа гарах бол?
-ЗХУ, Япон хоёр тухайн үед цэрэг, зэвсгийн тэргүүлэгч гүрнүүд байсан. Энэ хоёр гүрний зэвсэг техник, хүн хүч, бэлтгэл сургуулилтыг харьцуулбал эн тэнцүү гэж хэлж болохуйц өрсөлдөгчид байв. Оросын түүхчид хүчтэй, эрэлхэг зоригтой, авхаалжтай дайсантай тулалдсан гэж Японы армийг үнэлж байсан. Азийн хамгийн том аж үйлдвэржсэн гүрэн, тухайн үед хөгжлийнхөө өндөр шатанд гараад байсан улстай ЗХУ, Монгол хоёр тулалдсан юм.
Тухайн үед хөгжлийнхөө өндөр шатанд гараад байсан улстай ЗХУ, Монгол хоёр тулалдсан юм
-ЗХУ 1939 оны дайнд орсноор зэр зэвсгээ сайжруулж, цэргийн хүчээ дадлага туршлагатай болгосон байх. Үүнийхээ хүчээр дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан болов уу гэж би боддог юм...
-1930-аад онд ЗХУ, Монголын нийгэмд харамсалтай нэгэн гамшигт хар сүүдэр дайрсан. Энэ бол улстөрийн хэлмэгдүүлэлт. Энэ хэлмэгдүүлэлт хоёр улсын сэхээтнүүдийг, шилдэг соруудыг түүж одсон. Ялангуяа цэргийн дээд командлалыг бүрэн шахуу устгасан. Монгол ардын хувьсгалт цэргийн дээд командлалд байсан олон арван нэртэй, туршлагатай, боловсролтой эрдэм чадалтай жанжид энэ хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алдсан байдаг. Зөвлөлтийн улаан армийн хувьд бүр ярих ч зүйл байхгүй. Энэ бүгдийн дараа Зөвлөлтийн армийн дээд командлалд чадварлаг удирдагч цөөн үлдсэн. Харин Халхын голын дайнаар бидний мэдэх цэргийн урлагийн том жанжин, хожмын ЗХУ-ын маршал болсон, тухайн үед корпус командалж байсан Г.К.Жуков, нисэх хүчний командлагч Я.Смушкевич, армийн нэгдүгээр зэргийн командлагч Г.Штерн гээд олон арван залуу, авьяаслаг жанжид тодрон гарч ирсэн. Манай армийн хувьд ч гэсэн чадварлаг жанжидаар хомсдоод байх үед Лхагвасүрэн жанжин, Цог генерал, бид бүхний мэдэх Дандар баатар гээд удирдагчид төрөн гарсан. Дайн өөрөө цаг үеийнхээ баатруудыг төрүүлж гаргасан нь энэ. Халх голын дайнаас төрж гарсан цэргийн дарга нарын туршлага хожим эх орны дайнд асар их хэрэг болсон гэж үздэг.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир (mpa.mn)
-Жуков жанжныг маш сайн тактикч, цэргийн мундаг удирдагч байсныг бид мэднэ. Харин сүүлийн үед түүнийг цэргийнхээ амийг хайрлалгүй гарцаагүй үхэл рүү явуулдаг харгис нэгэн байсан мэтээр бичиж байна. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Жуков бол Оросын үндэсний баатар хүн. Агуу их орны дайны үед хамгийн эгзэгтэй, гол гол тулалдаануудыг авч гарсан. Тухайлбал Москва, Сталинградын төлөөх тулалдаан, Ленинградын бүслэлтийг сэтлэх, Берлинийг эзлэх гээд хамгийн чухал тулалдаануудыг Жуков командалсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд, 1990-ээд оноос хойш иймэрхүү юм бичээд байгаа. ОХУ-ын цэргийн тагнуулын газар ажиллаж байгаад эх орноосоо урваж Англид гарчихсан, Суворов гэдэг зохиомол нэрээр ном бүтээлээ туурвидаг Резун гээд хүн бий. Энэ хүний номон дотор л Жуков цэргүүдээ улаан галын өөдөөс илгээж, махны машинд оруулан харгислаж байж ялалт байгуулдаг байсан, энэ бол цэргийн суут жанжны чадвар биш гэсэн зүйл бичээд байгаа. Үүнийг бид зөв ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Москва, Сталинградын төлөөх тулалдаан, Ленинградын бүслэлтийг сэтлэх, Берлинийг эзлэх гээд хамгийн чухал тулалдаануудыг Жуков командалсан байдаг.
Нэгдүгээрт, энэ бол дэлхийн том дайн. Энэ том дайнд хоёр тал хүн хүч болоод техникийн хүчин чадлыг дээд чинээнд нь тултал шавхаж байж ялалтад хүрдэг байсан. Аль аль талаасаа үхэж үрэгдэх явдал асар их гарсан. Үүн дээр ганц Жуковыг онцолж буруутгах нь дэндүү өрөөсгөл үзэгдэл. Хоёрдугаарт, түрүүн миний хэлсэнчлэн тагнуулын албанд ажиллаж байгаад эх орноосоо урвасан хүний л бичсэн ном. Үүнийг зарим уншигч Оросын цэргийн түүхч эрдэмтдийн бичсэн сүүлийн үеийн шинэ хандлага, судалгааны бүтээл мэтээр буруу ойлгоод байдаг. Үүнийг бид нэг мөр болгох хэрэгтэй. Бид ямар ч үед Георгий Константинович Жуков гэдэг хүний талаар ямар нэг сөрөг бодол тээж, ийм үг дуугарч явах ёсгүй. Монголчууд бид ач буян санаж явдаг сайхан уламжлалтай ард түмэн.
-1945 оны чөлөөлөх дайны талаар тодорхой ойлголт бидэнд өгнө үү?
-Бидний хэлж заншсанаар чөлөөлөх дайн гэдэг бол Монгол ардын хувсгалт цэргийн морьт механикжуулсан бүлэг Зөвлөлтийн армитай хамтран Хятадын зүүн хойд мужууд, Өвөр Монгол, Манжуурыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлсөн дайн юм. Чөлөөлөх дайн бол дэлхийн хоёрдугаар дайны Алс Дорнод дахь байлдааны төгсгөлийн ажиллагаа, дэлхийн дайнд манай орны оруулсан хувь нэмэр. Нөгөө талаар хөрш найрамдалт Хятад, ах дүү Өвөр Монголын ард түмнийг булаан эзлэгчдээс чөлөөлсөн дайн юм. Халхын голын дайн Монгол, Оросын ард түмний найрамдал нөхөрлөлийг зузаатгах, цусаар гагнахад чухал үүрэг гүйцэтгэсэн бол 1945 оны чөлөөлөх дайн Монгол, Хятадын ард түмний сайн хөршийн найрамдалт харилцааг зузаатгасан чухал үйл явдал байсан юм.
-Ярилцсанд баярлалаа.
