Хувьсал продакшны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл "Зүрхээр наадагч" уран сайхны киноны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт боллоо. Киноны нээлтийг хөтлөгч Э.Гантулга хөтөлж, дуучин A Cool буюу О.Анхбаяр, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин А.Хишигдалай, "Мотив" хамтлагийн дуучин Б.Ганбаатар нар ирж ая дуугаа өргөлөө.
Киноны уран бүтээлчид таван хэсэг тасарч ирсэн бөгөөд бүгд нээлтийн ёслолоо хийж байгаадаа маш их сэтгэл хангалуун байсан юм. Улаан хивсний ёслолын салхийг хагалж жүжигчин Н.Цэнгэлжаргал уран бүтээлчдийн хамт ирлээ.
Харин хоёр дахь цуваанд СТА жүжигчин Д.Ганцэцэг гэр бүл болж тоглосон багийн хамтаар ирлээ.
Тэгвэл гурав дахь зочид нь тус киноны арын албыг хариуцаж ажилласан үсчин, нүүр хувиргагч, зураглаач бусад уран бүтээлчдийн баг хамт олон байлаа.
Улаан хивсний ёслолын дөрөв дэх зочид бол кино зохиолыг бичсэн СТА жүжигчин, А.Ганчимэгийн гэр бүл болж хамтарч тоглосон багийн гишүүд байлаа.
Хамгийн сүүлд тус киноны гол дүрийн жүжигчин, ерөнхий найруулагчаар давхар ажилласан МУГЖ У.Уранчимэг бусад уран бүтээлчдийн хамтаар морилон ирснээр "Зүрхээр наадагч" киноны улаан хивсний ёслол өндөрлөсөн юм.