m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.06 14:41
640
Чулуу хүний сэтгэлийг татах увидастай

Хүсэл тэмүүллээ олж, сонирхлоо мэддэг байх нь аз жаргалтай, эрүүл амьдралын түлхүүр болдог. Хобби, сонирхол гэдэг хэзээд хүний сонирхлыг татсаар ирсэн. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд л өөрийн хүсэл, сонирхлоороо жолоогоо хийж, амжилтад хүрсэн байдаг. Товчхоноор хэлэхэд сонирхол. Хобби хүнд өөрийгөө нээх боломжийг олгодог. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийнхөө зан араншин, үзэл бодол, хүсэл тэмүүлэлд тохирсон, хийх зуур таныг жинхэнээсээ аз жаргалтай болгож чадах тэр л хоббиг сонгох хэрэгтэй. Тэгвэл хүн амьдарсан шиг амьдарч чадна.

Хүн ямар ч хоббитой байж болно. Ном унших, кино үзэх, элдэв зүйлс цуглуулахаас эхлээд цэцэг харж суух, бүр шувуу ажиглаж суух ч дуртай хүмүүс байдаг. Гол нь өөрийнхөө хүсэл сонирхолдоо тууштай байж, хэнээс ч ичилгүйгээр түүнээсээ өөрөө таашаал, баяр баясгаланг авч байх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийнхаа хобби булангаар чулуугуур үнэт гоёл чимэглэл хийдэг С.Жаргалсүрэнг урилаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хэзээнээс анх чулуугаар үнэт эдлэл хийж эхэлсэн бэ?

-Би чулуунд их дуртай. Чулуу нь өөрөө хүний сэтгэлийг татах увидастай, мөн өөр өөрийн онцлогтой. Мөн эрдэнийн чулуутай холбоотой янз бvрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшил, үндэстэн болгонд үеийн үед хэвшин ирсэн, домог үлгэрүүд үе дамжин яригдаж ирсэн. Мөн өөрөө их эерэг энерги ялгаруулдаг. Чулууг хүмүүс зөвхөн гоёл чимэглэлд хэрэглээд зогсохгүй  гай түйтгэр, өвчин зовлонгоос авран хамгаалагч сахиус болгон хэрэглэсээр ирсэн. Жишээлбэл, гартаам нь хүнийг тайвшруулах увидастай бөгөөд нүд болон гадны янз бүрийн нөлөөллөөс хамгаалдаг. Хар мана нь аюулаас хамгаалахаас гадна ад зэтгэрийн хүчнээс сэргийлдэг гэх мэт маш олон увидастай гэж ярьдаг. Тиймээс би багаасаа л чулуун эдлэлд дуртай байсан. Тэгээд анх долдугаар ангидаа байхдаа сонирхож эхэлсэн. Тэр үед бас жижиг сажиг зүйл хийгээд хүний лангуун дээр тавиулж зардаг байсан. Тэгээд яг хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Би загвар зохион бүтээгчийн мэргэжлээр төгссөн. Тиймээс өөрөө гоёл чимэглэлүүдийнхээ загварыг зохиохдоо илл өвөрмөц, содон, дахин давтагдашгүй байлгахыг зорьдог.

-Чулуугаар үнэт эдлэл хийхийн давуу тал юу вэ?

-Ер нь ямар нэгэн гоёл чимэглэлийн зүйл эдэлгээ даахгүй байх тохиолдол байдаг. 1-2 жилийн дараа өнгөө алдаж, зэвэрч мууддаг бол чулуу эсрэгээрээ улам өнгө орж, гялалздаг. Үнэхээр гайхалтай. Гэхдээ хадгалахад бас их учир бий. Манайхан чулууг их буруу хадгалдаг. Чулууг хаа хамаагүй зүйлтэй холиод базаад хаячихдаг. Энэ нь өөрөө үнэхээр буруу. Чулууг аль болох даавуунд эвтэйхэн боож тавих хэрэгтэй байдаг. Ингэвэл 5-10 жилийн дараа ч өнгөө алдахгүй гоёмсог байдлаа хадгалж үлддэг.

-Та гоёл чимэглэлээ хийхдээ ямар багаж ашигладаг вэ?

-Нэг их онцгойлоод байх багаж байхгүй, голдуу бахь их ашигладаг. Сүлжиж хийвэл затуркан утас ордог, мөн төмөр оролцуулвал зориулалтын хадаас ашиглах хэрэг гарна. Би өөрөө чулуунуудаа хэвэнд оруулдаггүй, голдуу хэлбэргүй, байгалиараа байдаг чулууг ашигладаг. Харин заримдаа засаж хэлбэрт оруулсан чулуу хэрэглэдэг.

-Ямар чулуугаар голдуу гоёл чимэглэлээ хийдэг вэ?

-Алт, алмаз гэх мэтийн бүр тийм тансаг чулуунаас бусад бүх чулуугаар хийдэг. Тэр дундаас би ундрам чулуугаар хийх илүү дуртай. Ундрам чулуу нь өөрөө дотроо саатай юм шиг гялалзсан чулуу байдаг. Тэгээд бас ундрам чулууг эмэгтэй хүний сүлд чулуу гэж нэрлэдэг.

-Хүмүүс таны бүтээлүүдийг хараад хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх намайг долдугаар ангид байхад энэ урлаг өөрөө дөнгөж гарч ирж байсан. Ийм чимэглэлийн үнэт эдлэл зардаг дэлгүүрүүд хуруу дамар цөөхөн байсан. Тэр үед хүмүүс хараад “ямар гоё юм бэ, чи өөрөө хийсэн юм уу, итгэмээргүй юм аа” гээд л хүмүүс их магтдаг байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа.