Халх голын ялалтын75 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” дэлгэцийн шинэ уран бүтээл нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн зээ хүү В.Агар, продюссер, найруулагчаар Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг, зураглаачаар УГЗ, Улсын филармонийн дарга Даваасүрэнгийн хүү Д.Ангараг нар ажилласан юм. Тэгвэл бид эдгээр уран бүтээлчид дотроос тус киноны продюссер, найруулагч С.Очирхуягийг зочноор урилаа.
-Юуны өмнө эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучуудад эх орны үнэ цэнийг мэдрүүлэхээр бүтээгдсэн “Эх орон дуудаж байна” уран сайхны кино нээлтээ хийсэнд баяр хүргэе. Ярилцлагаа таны талаар эхлүүлье гэж бодож байна. Ямар замналаар энэ киног продюссерлэх болов?
-Би Соёл урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангийг 2004 онд төгсөөд Х-ТҮЦ хамтлагт жүжигчнээр орсон. Тэгээд хоёр, гурван жил Англид сургууль соёл гэж яваад ирсэн л дээ. Буцаж ирээд л бие даасан уран бүлээлийн ажлаа эхлүүлсэн. “Эх орон дуудаж байна” киноноос өмнө 2012 онд “Оюутны нууц амраг” гэдэг кинон дээр ажиллаж байсан. Тийм учраас киноны уран бүтээлчид санал тавьсан байх.
-Кино зохиолын сэдэл хүн бүрт сонин байдаг шүү дээ?
-Киноны анхны сэдэл Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн зээ хүү найруулагч В.Агарт төрж зохиолыг нь бичээд надад санал тавьсан. “Би нэг ийм Халхын голын тухай зохиол биччихлээ. Чи хамтарч ажиллаач” гэсэн. Миний хувьд биднийг хүүхэд байхад л “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” “Говь хянганд тулалдсан нь” гээд дайны үеийн кино гардаг байснаас сүүлийн үед иймэрхүү натур кино гараагүй шүү дээ. Тийм ч учраас маш сайхнаар хүлээн авсан.
-Кино ямар хугацаанд бүтсэн бэ?
-Найруулагч В.Агар, зураглаач Д.Ангараг бид гурав ярилцаад, санаа нэгдээд энэ оны гуравдугаар сарын сүүлээс зураг авалтандаа орсон. Залуу уран бүтээлчдийнх болоод тэр үү, зураг, дуу гээд бүх л юм хурдтай, эрчимтэй эхэлсэн дээ. Тусалж дэмжсэн ч хүмүүс олон байсан болохоор богинохон хугацаанд киногоо гаргалаа. Жишээ нь Монгол цэргийн музейн хамт олон кинонд хэрэглэгдсэн тэр ховор зэр зэвсгүүдийг гаргаж өгсөн. 1939 онд манай цэргүүдийн бариад явж байсан тугийг нь хүртэл гаргаж өгсөнд баяртай байгаа. Үнэхээр том дэмжлэг үзүүлсэн. Мөн Солонго захиралтай Монгол киноны нэгдлийн хамт олон өөрсдийн цэргийн хувцас, машин техник гээд бүх юмыг гаргаж өглөө. “Апу” компани дэмжлэг үзүүлсэн.
Гэхдээ санхүүгийн тал дээр Цолмон ах маань их тусалсан даа. Өөрөө хувиараа бизнес эрхэлдэг, эхнэр нь хөгжимчин болохоор тэр үү урлагт элэгтэй хүн. Тэр талаасаа бүх хөрөнгө, мөнгөний ажлыг маань зохицуулж өглөө. Тэгээд л ерөнхийдөө түүхэн кино маань хурдтай, эрчимтэй явсан юм. Энд бас 151-р цэргийн ангийн удирдлагуудыг онцолмоор байна. 50 гаруй цэрэг дайны халуун цэгийг харуулахад массын хэсэг дээр үнэн сэтгэлээсээ тусалсан. Ер нь нийтдээ 60-70-аад хүний бүрэлдэхүүнтэй байсан.
-Дайныг ерөнхийд нь харуулах боломжгүй байх гэж бодож байна. Тэгэхээр дөрвөн сар үргэлжилсэн дайнаас тодорхой нэг үйл явдлыг сонгосон уу?
-Миний зорилго ч тэр, киноны үйл явдал ч тэр зөвхөн дайнд орохдоо дан ганц буу шийдэм агсах биш зэвсгээр өрсөлдөх хэрэгтэй гэдгийг харуулахыг зорьсон. Дээр нь түүх соёлоо мэдэх юунд хэрэгтэй, газар шороогоо хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг монгол хүн, тэр дундаа залуучууд сайн ойлгож аваасай гэж хүссэн. Яг л тэр байдалд уран сайхны талаас нь өөрсдийнхөө хэлэх гэсэн санааг оруулж өгсөн.
-Кино богинохон хугацаанд бүтсэн гэж та хэлсэн. Тэгэхээр өөрийн чинь хувьд 1939 оны дайны талаар хэр их мэдлэг хуримтлуулж кинод нэгдэж байсан бэ?
-Миний хувьд дайны талаар мэдлэггүй байсан гэж хэлж болно. “Эх орон дуудаж байна” уран бүтээл дээр ажиллахдаа хүмүүсээс их юм сонслоо. Залуус бид цаг нь тулаад ирвэл яаж байлдах бол? Тэгэхээр юмны наад цаадахыг багахан ч болов мэдчихээд хүмүүст яримаар санагдсан. Жишээ нь залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагвасүрэн ахтай уулзаж их юм мэдэж авсан даа. Тэр хүн бидэнд яг дайны талаар жинхэнэ бодит болсон түүхийг кинод харуулахад их тус болсон. Аавынх нь хувцсыг нь, өөрийнх нь хэрэглэж байсан сэлэм гээд бүгдийг нь кинод оруулсан. Гэх мэтчилэн маш олон хүнээс судалгаа авч, яриулж, зөвлөгөө авч, санал бодлоо хуваалцсан.
-Таны кино багт орохоос өмнөх мэдлэг киноны явцад өргөжиж гэж ойлголгоо. Тэгвэл “Эх орон дуудаж байна” киног үзсэн хүмүүс яг тэр ойлголтыг авч чадна гэсэн үг үү?
-Би киногоороо Халхын голын дайны тухай ойлголтыг өгөх гэж зориогүй. Угаасаа хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг. Баримт, нотолгоонууд ч зөндөө бий. Гол нь ямар нэгэн дайн ганцхан хүйтэн зэвсгээр байлддаггүй юм шүү, оюуны зэвсэг хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Ер нь мэдлэг чухал учраас сайн боловсроорой гэдгийг л залуустаа ойлгуулахыг хүссэн.
-Таныг Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гуайн хүү гэдгийг хүмүүс мэддэг байх. Аав тань таны энэ удаагийн киног хэрхэн хүлээн авсан бэ?
-Ер нь дургүйцсэн. Зохиолыг нь хараад л “Энэ зохиол биш” гэсэн. Тэгсэн ч гэсэн би “Зохиол бишийг яагаад зохиол болгож болохгүй гэж” бодсон л доо. Бас залуу хүн байна, юмыг яагаад багаас нь эхэлж болохгүй гэж. Тэгж байж би өөрийгөө хөглөнө. Би тийм агуу жүжигчин хүний хүүхэд болохоор томоос нь эхэлнэ гэж байхгүй шүү дээ. Ер нь аав маань миний уран бүтээлд дэмжлэг огт үзүүлдэггүй. “Чи өөрөө юмаа хий, би өөрөө хийсээр л ирсэн” гэдэг хүн дээ. Шүүмжлэл л хэлдэг гэж болно. Аавынхаа шүүмжлэлийг зөвлөгөө гэж хүлээн авдаг.
-Ер нь багшийн хүүхэд багш болдог, эмчийн хүүхэд эмч болдог гэдэг шиг сүүлийн үед алдартай жүжигчдийн маань хүүхдүүд ихэнх нь кино урлагт хүчээ үзэж, найруулагч болоод байх шиг санагддаг. Таны хувьд бас л тийм замаар кино урлагт орсон уу?
-Ээж маань урлагийн хүн болгохгүй гэдэг байсан. Тэгээд би хуульч мэргэжлээр сурч байсан л даа. Гэтэл яагаад ч юм цаанаасаа намайг жүжигчний мэргэжил татаад байсан. Тэгээд хоёрдугаар курсээсээ СУИС-д нууцаар бүртгүүлээд, шалгалтаа өгч тэнцчихээд гэрийнхэндээ хэлж байсан. Тэгэхэд аав маань “За өөрөө мэд дээ” гэсэн. Тэгээд л урлагт эргэлт буцалгүй орсон доо. Жүжигчин Г.Дашхүү гуайн хүү Д.Галбаяр бид хоёр нэг ангид сурч байсан. Мундаг найруулагч болсон байна лээ. Тэр залууг найруулагч Д.Галбаяр гэхээсээ илүүтэй Г.Дашхүү гуайн хүү гэдгийг хүмүүс олон жилийн туршид санах байх. Тэгэхээр аавынхаа нэрийг бас байнга дурсгаж явна гэсэн үг шүү дээ. Ер нь би ч гэсэн аавынхаа үр үндсийг мартуулахгүй юмсан, тасалчихгүй юмсан гэсэндээ энэ мэргэжлийг сонгож авсан байх. Тэгээд ч хар багаасаа л тайзны ард өслөө шүү дээ. Ээж маань бас урлагийн хүн. Би бол драмын театрт Д.Мэндбаяр эгчээс салдаггүй л байлаа. Өдөржингөө тайзны ард байсан хүүхэд чинь орой гэртээ хариад л дагаж хийдэг болчихдог юм билээ. Тэгсээр байгаад үлгэрийг ч зүгээр уншихгүй, дүрд нь ордог болсон. Ямар сайндаа цэцэрлэгийн багш маань “За Очирхуягаа найзууддаа үлгэр уншаад өгөөрэй” л гэдэг байсан. Тэгээд л урд нь гарч зогсоод ярьж өгнө шүү дээ.
-Залуу хүний хувьд их зүйлийг хийж бүтээх байх. Таны цаашдын зорилго?
-Би багаасаа л аавынхаа тоглолтод их оролцсон. Р.Чойномын нэрэмжит “Ганц хүний театр” байгуулахад нь ч тоглолтон дээр нь дуулж, бүжиглэдэг байлаа. Өөрөө дуулах дуртай болохоор оюутан байхдаа цомог хүртэл гаргасан. Тийм болохоор дахиад цомог гаргах хүсэл минь ойрын зорилтуудын маань нэг байна. Түүнээс гадна нэг зохиол бичсэн. Энэ нийгэмд мөнгө ямар байр суурьтай байна, мөнгөнөөс болж ямар асуудал гарч байна гэдэг талаас нь харуулах зохиол байгаа юм. Тэр ажилдаа бас орох төлөвлөгөө байна даа.
Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.