Бүрэгхангай сумын Дэрст багийн нутагт орших “Соронзон” хайрханы бэлд төмрийн хүдрийн баяжуулах, нойтон баяжмалын үйлдвэр ашиглалтанд орлоо.
Монгол-Хятадын хамтарсан Focus Metal Minning LLC-н тус үйлдвэрийн барилгын ажил 2012 оны арван сард эхлээд энэ сарын 6-нд нээлтээ хийлээ.
"Булган аймаг анхдагчаараа алдартай. Үүний үргэлжлэл "Focus Metal Minning" LLC-н энэхүү уурхай болж байна. Учир нь Монгол улсад анхны төмрийн хүдрийн баяжуулах, нойтон баяжмалын үйлдвэр ийнхүү ашиглалтанд орж байгаа бөгөөд энэ нь Орхон аймагт орших Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй эн зэрэгцэх үйлдвэр юм" хэмээн Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан онцоллоо.
Бүрэгхангай сум нь Булган аймагт уул уурхай эрхэлдэг ганц сум бөгөөд уул уурхайн аж ахуй нэгжүүдтэй түншийн харилцааг дэмжин ажилладаг аж. Тус уурхайд 85 үндсэн ажилтан байгаагаас 45 нь Бүрэгхангай сумын иргэд байна. Энэ нь 2016 он гэхэд улсын “жишиг” сум болох зорилт тавин ажиллаж байгаа Бүрэгхангайн иргэдийг ажилтай орлоготой болоход ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм байна.
Олборлолтоо эхлээд олон улсад нийлүүлэх "Focus Metal Minning" LLC-н төмрийн хүдрийн баяжуулах, нойтон баяжмалын үйлдвэр нь жилд 600,000 тонн хүдэр, 300,000 тонн төмрийн бэлдмэл олборлох хүчин чадалтай.
Үйлдвэрийн нээлтэнд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хот төлөвлөлтийн байнгын хороон дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Ганбат, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЗГ-ын гишүүн, Үйлдвэр, ХАА-н дэд сайд Цогтгэрэл, Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат болон албаны бусад хүн оролцлоо.