m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 07:51
98
Хатагтай Андрулла Василиу: Монголд ч бас хүнд үе тохиож байсныг би мэднэ

“Улаан гэр” арт галерейд “Европын түүх” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоос авсан сэтгэгдэлийг хүргэж байна. Европын комиссын боловсрол, соёл, олон хэл судлал, залуучуудын асуудал эрхэлсэн комиссар хатагтай Андрулла Василиутай ярилцлаа.

-Сайн байна уу. Үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Чехийн алдарт зураач Ренета Фучиковагийн гаргасан энэхүү бүтээлүүдийг үзэх боломж олгосон ийм сайхан үзэсгэлэн нээгдэж байгаад маш их баяртай байна. Эдгээр зургуудаас та Европ тивийн түүхийг харж болно. Миний хувьд Европын холбооны Соёлын асуудал хариуцсан комиссарын хувьд Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд уг үзэсгэлэнг нээж байгаа нь туйлын завшаантай хэрэг гэж үзэж байна.

-Европын түүх тэр чигээрээ эдгээр зурагт буугаа юу гэлтэй байна?

-Дэлхийн түүхийг аваад үзэхэд аль ч үед хүнд хэцүү болоод баяр жаргалтай үе ээлжилсээр ирсэн байдаг. Урлаг соёлын бүтээл гэдэг тухайн улсын оюун санааг дэмжих маш чухал хүчин зүйл юм. Европын  хувьд Леонардо Да Винчигийн зургууд харин Монголын хувьд Занабазараас эхлэлтэй гайхамшигт бүтээлүүдийг авч үзэхэд энэ бүгд нь тухайн нийгмээ төлөөлж, түүхийг харуулж чадахаар байдаг. Ямар ч үндэстэн байсан нас хүйс, угсаа гарал хамаарахгүйгээр урлаг гэдэг зөвхөн ганц хэлээр л хүмүүс хоорондоо ойлголцож чаддаг гэж би боддог. Урлаг үүгээрээ түүхэнд маш давуу талтай.

Аливаа зүйлийн дүрсийг хараад ямар утгатайг нь таахаас илүүтэй цаана нь нуугдах гол санааг хүмүүст урлаг хялбархан хүргэж чадна. Энэ үзэсгэлэнд орсон бүтээлүүдийг харахад зөвхөн түүхийн талаарх хүүрнэл бус түүний ард байгаа хүүрнэл нь ч илхэн байна. Европын түүхэнд тохиолдож байсан олон дайн, ард иргэдийн зовлон зүдгүүрийг олж харах боломж бидэнд тохиож байна. Дайны хүнд хэцүү үеүд нь ард иргэдийн сэтгэлд эвлэлдэн нэгдэх сэдлийг өгсөн болов уу. Энэ түүхийн үр дүнд Европын холбоо ч байгуулагдсан. Гишүүн орнууд маань харилцан адилгүй амьдралын хэвшилтэй боловч бүгд нэгэн дээвэр дор Европын холбооны гишүүн болоод урт удаан жил энх тайвнаар оршин тогтнох боломжтой болсон.

-Монголын талаар та хэр их мэдээлэлтэй байна вэ?

-Монголд ч бас хүнд хэцүү бэрхшээлтэй үеүд тохиолдож байсан гэдгийг би мэднэ. саяхан л гэхэд 1989-90-ээд оны үеэс ардчилсан хувьсгалыг хийснээр Монгол улсын хувьд ардчиллын замаар цааш явах боломжтой болсон бөгөөд хүний эрхийг дээдлэх, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болсон.

Түүхээс харахад Монгол Европын анх харилцсан үе нь дундад зууны үе буюу дайны жилүүд байгаа. Өнөөдөр би Черчиллийн хэлсэн үгийг давтаж хэлмээр байна. “Түүхээ мартсан хүн ахин дахин алдах магадлалтай шүү”.

Европын холбооны хувьд ч мөн Монгол улсын хувьд ч хэзээ ч түүхээ мартаагүй. Бид цаашдын найрамдал нөхөрлөлийг дэмжих тал дээр үнэхээр чармайлттай ажиллаж байгаа. Бид найрамдал нөхөрлөлөө улам дээшлүүлэх боломжтой бөгөөд ирэх 25 жилдээ төдийгүй, ирээдүйд ч хамтын  ажиллагаа маань улам бүр бэхжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл: Европын түүхийг олон талаас нь харах сайхан байна

-Үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэхүү үзэсгэлэнд авьяаслаг график дизайнер уран бүтээлчийн бүтээсэн олон гайхамшигтай зургууд гарсан байгаа. Зургийн тайлбар хэдийгээр чех хэл дээр ч байгаа ч гэсэн монголчуудад хараад л шууд ойлгогдохоор 20 ширхэг зургийг сонгон бидэнд харуулж байгаагаараа онцлогтой юм. Эдгээр зургийг сонгоход хамтран ажилласан Монголын урлагийн зөвлөлийнхөн болон Бүгд, Найрамдах Чех улсад суугаа Элчин сайдын яамныхандаа талархал илэрхийлье.

-Зураг бүрт тайлбар, харилцан яриа байгаа нь их содон юм?

-Хэдийгээр чех хэл дээр байгаа ч гэсэн хараад л шууд ойлгогдохоор үйл явдал дүрслэлтэй байгаа. Мөн монгол хэл дээрх танилцуулах каталогийг Монголын урлагийн зөвлөл гаргасан нь ирсэн зочдод дөхөм болж байгаа байх. Ренета Фучиковагийн энэхүү уран бүтээл нь цаг хугацааны хувьд олон зууныг хамарсан Европын түүхийг сонирхолтой, хөгжилтэй, уран аргаар бусдад толилуулж байгаагаараа их онцлогтой. Европын түүхэнд ээлжлэн солигдож байсан гүн ухаан, шашны урсгал, ард түмний аж амьдрал, түүхэн үечлэлийг олон талаас нь харах таатай байна.  Мэдээж зарим үед хөгжилтэй, зарим үед гунигтай бас заримдаа бахархмаар энэ олон гайхалтай түүхийг хамтдаа үзэж  сонирхож байгаа Европын холбооноос ирсэн зочдодоо, хамтран  ажилласан 25 жилийн ойн баярын мэндийг энэ дашрамд хүргэе.

Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганболд: Бид Европын түүхийг заавал мэдэж байх ёстой, сонирхож байх ёстой

-Үзэсгэлэн танд ямар санагдаж байна вэ?

-Энэ үзэсгэлэнд гарсан зургууд тэр чигтээ түүхийг өгүүлж байна. Энэ бол бидний мэдэж байх ёстой суурь мэдлэг. Бид Европын түүхийг заавал мэдэж байх ёстой, сонирхож байх ёстой. Тэр утгаараа энэ үзэсгэлэнгийн  ач холбогдол маш өндөр юм болов уу гэж би бодож байна.

-Аливаа улс гүрнийг холбох бас нэгэн гүүр нь соёл спорт болов уу?

-Тэгэлгүй яахав. Бас нэг талаар соёл, спорт улс гүрнүүдийн хоорондын харилцаанд ямар ач холбогдолтой юм,  худалдаа арилжаа, санхүү эдийн засаг л чухал шүү дээ гэх хүмүүс байгаа. Мэдээж эдгээр нь маш чухал. Гэхдээ энэ бүгдийн чинь дунд явах гол агуулга нь хүмүүсийн харилцаа. Хүмүүсийн харилцаа бол соёл урлагаар л хөгждөг юм. Тэгэхээр урлагийн үнэлэмж маш өндөр байх ёстой.

Урьд өмнө нь дайсан байсан улс орнууд эвлэлдэн нэгдсэнийг энд байгаа зургаас харж болохоор байна. Маш олон улсын жишээ түүхийг харуулжээ.