m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.10 02:46
48
"Oil and oil shale Mongolia-2014” чуулга уулзалт болж байна

Газрын тос, шатдаг занар Монгол-2014 "Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтанд газрын тосны салбарт уйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, British  gas, Sinopec, State oil, Genie Oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад аж ахуйн нэгж, компанийн 300 орчим төлөөлөгчид оролцож байна. Хоёр өдөр хуралдах энэхүү хурал нь зургаан дэд хуралдаантай аж.  Тухайлбал, Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт,  Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний  техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөөтэй ажээ.
Чуулга уулзалтад  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл ба чиг хандлага” сэдвээр илтгэл тависан юм.

"Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт анх удаагаа зохион байгуулагдаж байна

Тэрээр илтгэлдээ “Олон жил яригдсан Газрын тосны шинэ хууль энэ  УИХ-ын хоёр удаагийн чуулган дамжин хэлэлцэгдсээр энэ оны долдугаар сарын 01-нд батлагдсан.  Энэ хуулиар уламжлалт газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах, тухайлбал эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зуйн орчинг бүрдүүлсэн.Уламжлалт газрын тосонд түүхий тос, байгалийн хий ордог бол, уламжлалт бус газрын тосонд шатдаг занар, занарын хий, байгалын битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байна. Газрын тосны салбар бол  хөрөнгө оруулахад нь өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ийм хэмжээний санал ирсэн нь Газрын тосны салбарт эрх зуйн таатай,олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илэрхийлж байна” хэмээн онцолсон юм.

Нэмж хэлэхэд, өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурван талбайд нөөц тогтоогдоод байгаа бөгөөд энэхүү нөөцийн хэмжээ нь 332.6 сая тонн  буюу үүнээс 43.3 сая тн-ы ашиглалтын баталгаат нөөц байгаа юм байна. Мөн уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй. Нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим байдаг аж.