Гагнаас Хангай дэлхий цасан хөнжлөө нөмрөөд өөр бусад түүнд хамаагүй мэт хэнэггүйгээр цэлийж, цасан дундаас гэнэн нь дэндсэн зэгс дэрс цухуйн салхин аясаар дуртай дургүй сэрвэлзэнэ. Турьхан иш нь хугарчихмаар хөлдүүслэн харагдавч оройдоо цан татуулсан нь бас ч гэж амь голтой ажээ. Дэжидийн хунхуйн баруун дөрөлж давсан үхрийн жимээр ганц морьтой хүн алгуурхан гарч ирсэнээ яараагүй бололтой мориноосоо буулаа.
Далбагар нудрагатай үзүүрсгэн нэхий дээл хөдөрч, нэхий дотортой өмдөн дээр монтгор эсгий гутал углаж, том улаан үнэгэн лоовууз буулгаж бүчлээд, мануулын сүүлэн хүзүүвч эрүүвчилжээ. Үс нь бөмбийтөл ургасан хөгшин цавьдар морь нь цан хүүргэнд дарагдан бууралтан харагдана. Өвгөн цантсан сормуусаа хуруугаараа арчаад, хүзүүвчээ хойш нь эргүүлэхэд уур савсах нь ер даарсан шинж алга. Өвгөн мориноосоо бууж, ялимгүй хазганан жимээс гарч, хормойныхоо үзүүрээр өвдгөө тумлайдан ороогоод дороо хийн, муу хөлөө жийн сууж, гаансаа сугалж тамхи нэрэн, асаасан чүдэнзээ шатаж дуустал нь маанийн зургаан үсэг амандаа шивнэнэ. Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг харчихаад сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ. Тээр жил юм даа, цэргээс ирсэнийхээ дараа жил билүү, хайнагийн шар явгаар уургалчихаад чирэгдэж гүйж яваад тугалын зэлний нарийхан хушин гадсан дээр зузаан гуяараа унаад цус алдаад сүйд болчихоо шахсан Олзодод таарах бүлгийн цус олдохгүй сандарч байтал нэгэн ачтан таарч цусаа өгсөнөөр мань эр амь аврагдсан гэдэг. Эдгэж тэнхэрсэн Олзод сумын бага эмчээс тэр ач тустай хүн хэн болохыг асуутал “Явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй. “Юмыг яаж мэдэхэв үүгээр дахиж ирвэл үүнийг өгөөд, манайхыг зааж өгөөрэй” гээд үргэлж барьж явдаг ааваасаа өвөлж ирсэн нэг их томгүй халтар манан хөөргөө үлдээгээд эмнэлэгээс гарсан. Хожим нь тэр хүн сумаар нэг ирсэн сураг байвч Олзодынд ирээгүй. Тэр цагаас хойш Хазгар Олзод хэмээн нэрлэгдэх болсоор насыг элээж яваа хүн. Өвлийн ёлтгор нар цасан дээр ойн гялбаж харахад нэн төвөгтэй тул Олзод хий дэмий гэрээдээ саравчлана. Дэжидийн наад нөмөр хонхорт гурван гэр барьсан өвөлжөө эргэн тойрон мэлийсэн цасан дунд хуруугаараа дарж гэсгээсэн хэсэгхэн газар мэт харлан харагдана. Өчигдөр Нанзадынхаа хойдохыг гүйцээчхээд тэндээ нэг унтчихаад өглөө наашаагаа гарсан нь энэ.
- За Балжид минь биеээ бодож, сайн л сууж байгаарай даа гэж Олзод аргадангуй хэлээд босоход галын өмнө уймарч суусан Балжид гэнэт нэг юм санасан бололтой
- Еэ элээ минь! гэж мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм гээд орны толгойн тушаа жижигхэн бор авдар ухаж цагаан пансан алчууранд боодолтой юм гаргаад
- Бүрлээч маань энийг таньд өгөх юм шүү гээд байсан гэтэл
- Ишш! юу юм болдоо? зайлуул
- Мэдэхгүй л дээ. Элдвийн юм л хэлээгүй
- За за гээд авч өвөртлөөд гарав. Араас нь нэг хүү нь болох залуу гүйн гарч мордуулж өгөөд
- Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарвуу гэмээр. “Яасан сүрхий дуурайгаа вэ. Урд нь ер анзаарч байгаагүй юм байна. Хүний бие баравч, үр хүүхдээрээ дамжин хэдэн үедээ амьдардаг нь үнэн дэгээ” гэж бодонгоо
- Гайгүй дээ. Ямар анх удаа явж байгаа биш. Та нар муу эхийгээ л сайн харж хандаж байгаарай гэж захиад мордсон. Тэгээд буцах замын турш Нахиу Нанзадынхаа тухай бодоод салах биш. Үе үе цээж нь давчдаж, нүдэнд нь нулимс бүрэлзэхэд “За одоо уйлж унжаад хойд төрлөө олох гэж ядаж явахад нь усан бороо цутгуулж саад хийгээд яахав” хэмээн санан биеэ барьсаар явлаа. Нахиу Нанзад гэж дунд зэргийн нуруутай хөнгөн шингэн, бэлэн цэцэн үгтэй нэгэн байсан аж. Нанзад Олзод хоёр энэ нутгийн үе тэнгийн хоёр. Нэгэн үе залуу халуун ч байж эрсэж, тэрсэж явсан юм энэ хоёрт бий. Нанзад ганц насаар ах юмдагуу. Олзодыг цэргээс ирэхэд жилийн өмнө ирсэн Нанзад Олзодоос өрсөж Балжидтай тоонот гэрт толгой холбосноос үүдэлтэй. Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэрүү тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авхуулаад ер салангад байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсансан. Цайвар шингэвтэр царай, цангинасан хөөрхөн инээдийг нь цэргийн гурван жил цээжиндээ тээсээр ирэхэд тэр хэдийнээ хоцорсон байжээ. Гэхдээ ил цагаан хадаг сүй тавиагүй байсан болохоор нэг их айхтар зүйлгүй, атаархал төдий байсан нь цагийн аясаар бүдгэрсээр сүүлдээ бие биенээ давах гэж хэл амаа билүүдсэн, хаа нэг уулзахаараа тоглож наргисан, бас ч гэж хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөцүүл болцгоосон билээ. “За байз Нахиутайгаа хэзээ хамгийн сүүлд уулзлаа даа” гэж санаснаа Нахиу Нахиу л гэх. Хэн түүнийг хамрыг нахиу болголоо доо. Би шүү дээ. Тэр жил бас л хэд гурван үг шидэлцэж байгаад муу золиг чинь надад - За чи ч дээ. Муу цустай лүд гээ биздээ. Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз. Аз л юм даа. Нэг тэрэгний хоёр дугуй гэгчээр тийм амьтан байж л байдаг гэж өнөө ачтаны маань дайруулж хэлчихээд арсайтал инээхээр нь залуу ч байсныг хэлэх үү гэнэтхэн дотроос нэг юм дүрэлзэж
-Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан нь хамарт нь таарч нахиу болгож орхисон доо. Уг нь бол их л уурламаар. Тэгсэн харин
-Тэр хүнээ мартаагүй чинь овоо доо гээд хамраа угаачихаад мордоод явчихаж билээ. Түүнээс хойш энэ нутгаар Нахиу Нанзад гэх болсондоо. Би ч эхэндээ гайгүй шиг байснаа нас ахих тусам эмзэглэж түүнд ямар нэгэн тус хийчих юмсан гэж бодох болж билээ. Сайндаа ч биш л дээ зайлуул залуугийнхаа гэмийг л цайруулах гэсэн юм биз. Тэр жилийн намар мал тооллогоор Нанзадынх хоёр үхэр дутаад байгаа сураг гарангуут нь би эндээс хоёр үхэр холбож хөөгөөд гарсан. Ашгүй хомиссынхон хөдлөөгүй байж. Би ч мэдээгүй дүр үзүүлж зэлэн дээр байсан Балжид руу
- Аль зун оодонгийн цагаар танай энэ хоёр мялан чинь манай хэдтэй нийлсэн. Ирээд авчихаа яана. Одоо тэр тооллогынхон ирж явна гэнэ цаана чинь. Манайхаас илүү гараад сүйд хийнэ. Шоронгийн хадаас ч болох юм билүү гэж хашгирчихаад үгийн ч зөрөөгүй давхиад явчихсан. Дотроо Нанзадад овоо тус хийж нүглээ цайруулж байгаа ухаантай. Сүүлд нь сонсох нь ээ тоо толгой дутаагүй л сурагтай байсан. Дараа жил нь миний сонирхоод байсан хурдан хээрийнхээ удмын нэг даагыг хүүхдээр хөтлүүлээд “Тэр нэг хөл муу, хурд муу амьтанд буян болог” гээд явуулсан байсан. Бид гэж ийм л улс байж дээ. Тэгсэнээ хадуур ч давхисан бодлоо эмхлэх мэт хэсэг байзнаснаа. Тийм л дээ. Сүүлд бид наадмын дараахан нэг уулзахад царай зүс нь тийм ч аятайхан харагдаагүй шүү.
- Сүүлийн үед цээжээр хатгуулаад, нойр баахан муутай болсон гэж байсан. Гэтэл би гэж өдий болтлоо ухаан суудаггүй хог
- За чи бас л юм юманд урьтдаг хүн болох гэж галзуураад гэхэд
- Тэр ч үнэн бололтой. Чи ч яахав дээ намайг бодвол залуу хүн арай болоогүй биз гэж суусансан. Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу гэж юу бодсон нь мэдэгдэхгүй юм хэлж билээ. Бодвол чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа. Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч, арсаж явсан ч хоёр биендээ нэг их муу санаж яваагүй дээ. Чамаас илүү гарчих санаатай амьдралынхаа турш л оролдож явсан тулдаа би өдий дайны яваа юм болов уу. Юм л бол “залуу хүүхэд” гэж намайг явуулах. Бусад үед барилдаад хаяад байх хэр нь яг наадамд зодоглохоор бардаггүйсэн. Намайг бодвол тооцоотой байсан юм байхаа даа. За тэгээд энэ муу хөлнөөс болоод нэг их ч ноцолдоогүй дээ. Нэг л наадамд ноцолдсон шиг билээ. Сүүлдээ нас явж үг уралдуулахаас цаашгүй болоход бас л намайг даваад байх. Нэг удаа би
- Бага байхад, бараг өлгийтэй байсан байх. Дээр нэг юм гялайгаад л байдагсан. Одоо бодоход тооно байсан байна шүү дээ гэчихээд “энэ золиг одоо юу гэж золигтох бол” гэж бараг бодож амжаагүй шахам байхад л
- Тэр ч яахав тооно. Нэг их сүйдтэй юм биш. Харин эхээс унахад сэрүү татаад л, ээ дээ! мөн эвгүй шүү. Хавар байсныг хэлэх үү гээд муу нахиу хамрынхаа үзүүрийг харангаа тамхиа сороод сууж байж билээ. Миний шар хөдлөөд болох биш. Гэсэн ч хариу хэлж чадаагүй дээ. Дараа нь өвсний гарц үзэх далимаар эднийхээр нэг буусан. Сайндаа ч биш л дээ. Муу бөгтөр хээр аргамжаагаа тасалчихаад барьж чадахгүй мунгинаж явахдаа нэг үг бодож олоод түүнийгээ л муу золигт хэлэх гэж яваа нь тэр л дээ. Балжид жижиг бидонтой юм бид хоёрын дунд тавьчихаад
- Ахиад юм байхгүй шүү хоёр лүд минь гэчихээд үнээндээ гараад явчих.
- Ойрд юмны бараа харуулаагүйсэн. Энэ Балжид ер нь одоогоороо чамд муугүй шүү гээд нахиу хамраараа хий гаргаад инээж байсан. Би ч дуугай ч байгаагүй.
- Уулын өндөр, усны тунгалаг гэдэг дээ. Хожимдсон ч гэсэн юмны сайн мууг ялгадаг болж байгаа нь тэр гээд л нэг их амьтан. Тэр үедээ ч давчихлаа л гэж бодож суусан. Бидонтой юм шингэрч дон хийх үед
- Цаадах чинь одоо ороод ирнэ. Тэгэхээр уул усныхаа сайхныг одоо л харуулна даа гээд л марсайсан муу золиг. Ухаандаа надаар Балжидыг аргалуулж нэмэх гэж түрүүчийн үгийг хэлсэн байгаа юм. Балжид ч намайг хэлсэн хэлээгүй гаргаад л ирсэн л дээ. Жаал сууж байгаад ярианыхаа завсраар
- Нас ахиад ирэхээр хашир дэндээд байх бололтой. Аргамжаатай морио уургалж барьдаг боллоо гэж өглөө бодож олсон үгээ хэлчихээд нүднийхээ булангаар ажиглаж суутал гутлынхаа хоншоор дээр гансаа цохингоо
- Харин тиймээ хэний янаагүй. Би чинь одоо алсан адуугаа чөдөрлөж байгаад өвчинө гэж бодож байгаа гэж нохойтдог байгаа. Мөн чиг бэлэн үгтэй туучий шүү хэмээн санана. Эрт эдүгээгийн эгэл жирийн өдрүүд Олзодын нүдний нь өмнүүр жирэлзэнэ. Хэдийгээр Олзодын биед элдэв шаналан байхгүй ч өнгөрдөг жил муу эмгэн нь унаад өгсөн. Энэ жил Нанзад гээд бодохоор ээлжтэй юм ээлж нь ирэхээр яах ч аргагүй юм даа хэмээн бодолд ээрэгдэн тамхилсаар. Хүний хорвоо ээлжлэн өнгөрөх авч яг өөр дээр тулаад ирэхээр бас ч гэж харамсах хоргодох юм байдаг нь жам. Нас өдий зэрэгт хүрсэн хүний хувьд хэрийн юманд биеэ барих боловч орь ганцаар байх үед сэтгэл гэдэг сулардаг юм болов уу даа Олзод өөрийн эрхгүй гунигт дарагдан суух ажээ. Тамхины утааных уу, бодлын шорвогийнх уу цээж нь хөндүүрлэн хий юм өгсөж хоёр нүдний нь аньсагийг хорсгоно. Олзод сүүлчийнхээ нэрэлтийг асаагаад мааниа хэлчихээд, чүдэнзээ өвөртлөхөд, Балжидын өглөөний өгсөн боодолтой зүйл гарт нь таарав. Түүнийг гэнэт санан гаргаж, хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. Үүнийг харангуут
- Ээ моньд минь дээ. Энэ чинь чи байж шүү дээ хэмээн амандаа шивнэн салганана. Тэртээ тэрэнгүй бараг бэлэн байсан Олзодын нулимс сад тавин, муу циймэн хоёр нүд нь мэлийсэн цагаан тал дээгүүр хэн нэгнийг хайх мэт тэнүүчилж, хоолойноосоо хэржигнэсэн дуу гарган енгэнүүлнэ. Хөдөө хээр хөр цасан дээр өрөөсөн хөлөө жийн суусан буурал өвгөний хаваас нь чангадсан мэт үрчлээт нүүрэн дээгүүр урсахад, халуун нулимсаа мойнийсон хуруугаараа арчин арчин, хоёр мөрөө чичрүүлэн гав ганцаар суусаар …