m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.11 04:24
2136
Гоо сайхан-Мэс засал-Охид

MASS-СУРВАЛЖЛАГА”

MASS.MN” сайтын хамт олон нийгэмд тулгарч буй асуудал, олон нийт болоод төрийн байгууллагын анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа салбар, онцлох сэдвийг хөндөн “MASS-СУРВАЛЖЛАГА” хийдэг болсон. Сайтын дөрвөн алба нийлж хийсэн эхний “Оройн хоол 2000 төгрөг=100 грамм мах+хоёр ширхэг төмс+нэг лууван+100 грамм гурил сурвалжлага олны анхаарлыг татсан, иргэдийн үзэл бодлыг шингээсэн, бодит амьдралыг харуулсныг та уншсан байх. Манай дараагийн сурвалжлага гоо сайхны хагалгаа, түүнийг тойрсон асуудлыг хөндөж байна. Насанд хүрсэн эмэгтэй хүн ямар хагалгаа хийлгэх, юугаа сайхан болгохыг хүсэх нь өөрийн хэрэг. Гэтэл насанд хүрээгүй бяцхан охид тодруулбал, дөрөв, зургаан настай хүүхдүүдэд гоо сайхны хагалгаа хийсэн тохиолдол цөөнгүй байна. Монгол Улсад ямар байгууллага хяналт тавьж, ямар хуулиар зохицуулж, охидын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлбэл хэн хариуцах талаар бид сурвалжлага бэлтгэлээ.

Монгол Улсад гоо сайхын хагалгаа хийдэг олон эмнэлэг байдаг. Эдгээрээс 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Нандин гоо" эмнэлгийг сонгон, энэ салбарт 10 гаруй жил ажиллаж буй Б.Пүрэвдагва эмчтэй уулзаж, мэргэжилтний байр суурийг тодруулсан юм. 

Их эмч Б.Пүрэвдагва: ЯМАР ЗОРИЛГООР МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖ БАЙГААГАА УХАМСАРЛАХ НАСАНД ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ

-Зургаан настай хүүхдэд нүдний давхраа хийлгэсэн тохиолдол Монголд бий. Өсвөр насны охид энэ төрлийн мэс засал хийлгэх нь ихссэн. Үүнийг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн дүгнэх вэ?

-Зургаа гэдэг чинь бага насны хүүхэд. Энэ насанд мэс заслын аргаар давхраа хийж болох уу гэвэл болно. Гэхдээ шийдвэр гаргах, хүсэж байгаа эсэх, үйлдлээ ухамсарлах, өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг талаас нь харвал ядаж 12 хүрсэн байвал болох юм. 

Бага насны хүүхэд яагаад нүдэндээ давхраа хийлгэх ёстойгоо ухамсарлах болоогүй учраас өөрийн хүслээр хийлгээгүй нь мэдээж. Эцэг, эхийн л хүсэл, шийдвэр байх нь лавтай. Нөгөөтэйгүүр, хэсгийн мэдээ алдуулалт хийдэг учраас наад зах нь тэвчээртэй суух гэдгээс эхлээд бага насны хүүхдэд мэс засал хийх амаргүй байх биз. Ямар нэг алдаа гаргах магадлал өндөр. Манай эмнэлэг дээр бага насны хүүхдээ дагуулаад ирдэг хүмүүс бий. Би бол эцэг, эхэд нь дэмий гэдэг зөвлөгөө өгдөг. 

-Тэгвэл эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр 12-оос дээш насны хүүхдэд зовхины мэс засал хийж болно гэсэн үг үү? 

-Энэ төрлийн шийдвэрийг насанд хүрсэн хойноо тухайн хүн хүсэл сонирхолынхоо дагуу гаргах нь хамгийн зөв. Гоо сайхны мэс ажилбар гэдэг утгаараа насан туршид нь байх учраас өөрөө хүсэж, үр дүнгийн талаар эмчтэйгээ харилцан зөвшилцөж байж шийдэх ёстой юм.

-Насанд хүрээгүй хүүхдүүд гоо сайхны мэс засал хийлгэхээр ирдэг гэсэн үг үү? 

-Ирдэг. 12-13-тай охид их ирнэ. Орчин үеийн хүүхдүүдийн онцлог ч юм уу. Эргэн тойрны хүмүүс, найз нөхдөө дуурайгаад гоё болох юм байна гэсэн бодолтой ирдэг л юм. Миний хувьд бол асран хамгаалагч, эцэг, эхтэйгээ ярилцахыг зөвлөөд явуулдаг. 

 

Ер нь бол пластик мэс заслыг гоо сайхны болон нөхөн сэргээх гэж хоёр ангилдаг. Сэтэрхий уруул, тагнай гэх мэт төрөлхийн гажигийг нөхөн сэргээх мэс заслыг бага, өсвөр насных ялгаагүй шаардлагатай бол бүх насны хүнд хийнэ. Гоо сайхны хагалгаа бол арай өөр асуудал.

-Тэгвэл давхраанаас өөр гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлт ирдэг үү?

-Насанд хүрээгүй хүүхдэд давхраанаас өөр гоо сайхны мэс засал хийхгүй л дээ. 

-Давхрааг бага насанд нь хийлгэвэл төрөлхийн юм шиг болдог гэх яриа бий, энэ үнэн үү?

-Мэргэжлийн бус, ам дамжсан яриа. Мэс заслын үр дүн хийж буй эмчийн мэргэжлийн ур чадвараас шууд хамаарна. Эмч зөв шинжилгээ, дүгнэлт гаргаад, зөв техникээр хийж чадвал үр дүн өндөр байна. Хүн бүрийн нүүр, нүдний хэлбэр, арьсны бүтэц, ухархай нь өөр. Хэвэнд цутгаж байгаа юм шиг нэг хүнд хийсэн мэс заслыг дараагийн хүн дээр яг адилхан хийж болдоггүй л байхгүй юу. Тиймээс ямар ч гоо сайхны мэс заслын үр дүн эмчийн мэдлэг, туршлага, ур чадвартай шууд хамааралтай. 

-Танай эмнэлэгт амжилтгүй болсон хагалгаагаа засуулах гэж хүмүүс их ирдэг гэсэн. Энэ дунд насанд хүрээгүй хүүхдүүд хэр олон байдаг вэ?

-Ирнэ ээ. Эмчээ зөв сонгоогүйгээс болоод хийлгэсэн гоо сайхны мэс засал нь амжилтгүй болж, дахин засуулах шаардлагатай болох явдал хүүхдүүдэд гэлтгүй бүх насны хүн тохиолддог. Манайд ирж байгаа хүмүүсийн 10 хүн тутмын 2-3 амжилтгүй хагалгаагаа засуулдаг. Тэр дунд насанд хүрээгүй хүүхдүүд байдаг. Амжилтгүй хагалгаагаа засуулах гэж ирсэн тохиолдолд татгалзах аргагүй.

Тиймээс ямар ч насны хүн гоо сайхны мэс засал хийлгэх гэж байгаа бол эмнэлгээ сонгохдоо сайтар нягталж, эмчтэйгээ сайтар ярилцаж, үр дүнгийн талаар харилцан ойлголцоод, хагалгааны өмнө болон дараа дэглэм сахих ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй. 

Өсвөр насны хүүхдүүдэд нэг ажиглагдаад байгаа зүйл бий. Мэс заслын бус аргаар давхраатай болох гэсний үүднээс утас гүйлгэх, лазерын арга, цэгэн арга гэх мэтийг их туршдаг. Дээр нь наадаг, түрхдэг гэх мэт хиймэл давхраатай болох аргыг байнга хэрэглэдэг. Үр дүнд нь гоо сайхан, эрүүл мэндээрээ ямар их хохирч байгаагаа мэддэггүй. 

Дээр нь хүүхэд нас, залуу нас гэдэг чинь ямар ч мэс засал, будаг шунх, брэндийн хувцастай харьцуулашгүй гоёл. Үүнийг эцэг, эхчүүд нь тайлбарлаж, үнэ цэнийг нь хүүхдэдээ ухааруулах нь зөв. 

-Хүмүүс гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрдөг болчихсон. Зарим эцэг, эх хүүхдэдээ гоо сайхны хагалгаа хийлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ийм тохиолдолд та мэргэжлийн эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүүхэд нас, залуу нас гэдэг чинь ямар ч мэс засал, будаг шунх, брэндийн хувцастай харьцуулашгүй гоёл

-Юуны өмнө тухайн хүн өөрөө хүссэн байх ёстой. Гоо сайхны хагалгаа нэн яаралтай, эрүүл мэндийн шаардлагаар хийгддэггүй болохоор өнөөдөр, маргааш гэж яарах шаардлагагүй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэж болохгүй. Хоёрдугаарт, хагалгаа хийлгэх талаар гэр бүл болон шийдвэр гаргах бүх хүмүүстэйгээ зөвшилцсөн байх ёстой. Үгүй бол энэ нь эргээд тухайн хүнд сэтгэлзүйн дарамт учруулах магадлалтай. Ээж, охин хоёр хамт ирээд давхраа хийлгэе гэвэл эмч гурвуулаа сууж зөвшилцөөд хийчихнэ. Гэтэл гэртээ харьсан хойно нь аав, эмээ, өвөө гээд бусад нь зэмлэж, буруушаагаад байвал хэцүү шүү дээ. Үүний дараа мэргэжлийн хүн дээр очиж тухайн мэс заслын  бэлтгэл, явц, үр дүнгийн талаар сайтар ярилцаж ойлгосон байх хэрэгтэй. 

ГОО САЙХАНД ХАЛДАЖ БУЙ ЭМНЭЛГИЙНХЭН БАТАЛГАА БАЙНА УУ...

Гоо сайхны хагалгаа хийлгэсэн өсвөр наснынхан хэний зөвлөснөөр, яагаад мэс засал хийлгэснийг бид сонирхлоо. Эмнэлгийн үүдэнд суух охидуудаас мэдээлэл авахын тулд камер болон дуу хураагчгүйгээр сонирхогчийн үүднээс сурвалжлах шаардлага гарсныг ойлгоно биз ээ.

Нэг үеэ бодоход үйлчилгээ их нарийн, шуурхай болсон бололтой. Үүдээр оронгуут цаг авсан уу. Ямар үйлчилгээ сонирхож байна гэх зэрэг асуултаар угтаж байлаа.

Гоо сайхны зөвлөгөө өгнө гэсэн өрөөнд орж хэдэн асуулт асуусан юм. Нэг хэсэг монголчууд хөгшин, залуугүй нүдний давхраа хийлгэх хагалгаа ихээр хийлгэдэг байсан бол одоо өөр болсон гэнэ.

Үнэ ханшны хувьд ам. доллараар тооцогдон төлөгддөг байх юм

 Сүүлийн үед залуухан тэр дундаа арван жилийн охид залуус хамраа өндөрсгөх болон тэгшлүүлэх хагалгаа маш ихээр хийлгэх болсныг дуулгасан юм. Арван жилийн сурагчдын дунд зурагтаар гардаг шиг өөгүй цагаан царай, хүнхэр нүд, том урт хамартай болох хүсэл давамгайлсан байдаг аж.  Тиймээс насанд хүрээгүй мөртлөө гоо сайхны хагалгаанд ихээр ордог байна. Тэгэхдээ эмнэлгийн зүгээс эцэг, эх асран хамгаалагчтайгаа ир гэдэг шаардлагыг тавьдаг гэнэ. Бусдаар бол мөнгө нь байвал ямарч хагалгааг хийх боломжтой болсон байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүдээ дагуулан “Хамрыг нь өндөр болгомоор байна, охиндоо давхраа хийлгэх гэсэн юм” гэсээр ирдэг аж.

Хожим тэдгээр залуучуудад ямар нэгэн гаж нөлөө, гоо сайханд нь сөргөөр нөлөөлөх өөрчлөлт илрэхгүй гэсэн баталгааг аль ч эмнэлэг нь гаргаж өгдөггүй юм билээ. Үнэ ханшны хувьд ам. доллараар тооцогдон төлөгддөг байх юм.

Хамгийн гол нь хүмүүс маш их өвдөлтийг тэсэж, сайхан харагдахын тулд мэс ажилбар хийлгэдэг. Хагалгааг хийлгэсний дараа арчилгаа, гам сайн барьж байж үр дүнтэй болдог гэж байна. Хохирсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг  талаар асуухад үнэхээр манай эмнэлэг болон эмчийн буруу бол  дахин засаж янзалж өгнө. Харин хувь хүн өөрөө хариуцлагагүй гам бариагүй өөрийн буруутай үйлдэл бол дахин төлбөр авч засаж янзалж өгнө гэсэн юм.

Бид хэд, хэдэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж ер нь гоо сайхны мэс ажилбарын талаар ямар бодолтой, мэдээлэлтэй байдаг талаар сонирхсон. Түүнчлэн зургаа авахуулахыг хүсээгүй хоёр ч охиноос цөөн асуултад хариулт авсан юм.

ЕСДҮГЭЭР АНГИД БАЙХДАА ДАВХРАА ХИЙЛГЭСЭН

Баянгол дүүргийн 78 дугаар дунд сургуулийн сурагч Э

-Яагаад давхраа хийлгэхээр шийдсэн юм бэ?

-Анх есдүгээр ангид байхдаа давхраа хийлгэхээр шийдсэн. Миний нүд онигор учраас давхраа хийлгэе гэж боддог байсан. Тэр үед эмэгтэй хүмүүс маш их давхраа хийлгэдэг байсан. Илүү том нүдтэй их хөөрхөн харагддаг болохоор.

-Ямар газар хийлгэсэн бэ?

-Тэрийг хэлмээргүй байна. Гэхдээ мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийлгэсэн. Манай хамаатны эгч тэр газарт нүд томруулах мэс ажиллагаанд орсон юм. Тэгээд л эгч маань шарх сорвигүй их цэвэрхэн хийлгэсэн байсан болохоор тэр газраар давхраа хийлгэсэн.

-Давхраа хийлгэсний дараа чамд ямар нэгэн зовиур байсан уу?

-Хийлгэсний дараа нүд жаахан хорсож өвдөж байсан. Тэгээд удалгүй зүгээр болсон. Одоо бараг шархгүй, сорви нь бараг арилсан.

-Чиний үеийнхний дунд косметик хагалгаа хийлгэх хандлага хэр их байдаг вэ?

-Хүн бүр л өөгүй сайхан харагдахыг хүсдэг болсон цаг. Ялангуяа эмэгтэй хүн бол сайхан харагдах ёстой гэж боддог. Манай үеийнхний дунд косметик хагалгаа хийлгэсэн хүн олон байдаг. Нэг үеэ бодвол манайд их олон төрлийн хагалгаа хийдэг болсон. Давхраа, нүд сэтлэх, хамрын мэс засал гээд л олон төрөл байдаг.-Ихэвчлэн хэдэн насандаа хийлгэдэг юм бол?

-Янз янз л байдаг байх. Би л гэхэд 16-тайдаа хийлгэсэн. Эрт хийлгэх сонирхол их байдаг шүү ер нь. Тэгвэл насанд хүрсэн хойноо илүү сайхан харагдаж, өөртөө итгэлтэй байна.

-Тэгвэл чиний үеийн охидууд ихэвчлэн ямар төрлийн хагалгаа хийлгэдэг вэ?

-Манай найзууд  дотор нүд сэтлэх, давхраа  хийлгэсэн хүүхэд байгаа.

-Хагалгаа хийлгэсэн найзуудад чинь ямар нэгэн асуудал үүсэж байсан тохиолдол байдаг уу?

-Чанаргүй газар хийлгэсэн хүмүүсийн зарим нь шарх сорви нь удаан эдгэрдэг гэж байсан. Бас сорви нь мэдэгддэг өөрийнх нь давхраа биш гэдгийг хараад л мэдэж болно.

ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ Ч МӨНГӨГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ ХҮҮХЭД ОЛОН БИЙ

Сүхбаатар дүүргийн IV дунд сургуулийн сурагч “C”

-Cүүлийн үед 10 жилийн охид  гоо сайхны хагалгаа их  хийлгэдэг болоод байгаа. Танай ангийнхан, найзууд дунд хагалгаа хийлгэсэн охид байдаг уу?

-Нөгөө ангийн охид дунд харагдаж байсан. Манай ангид одоохондоо хийлгэсэн охин байхгүй. Гэхдээ хийлгэх бодолтой охид олон байдаг болсон.

-Үеийн чинь охид яагаад ингэж  их гоо сайхны хагалгаа хийлгэхээр шуурдаг болсон юм бол. Чиний бодлоор?

-Миний бодлоор бусдад атаархаж, өөрийгөө голсноос л болж хийлгэдэг байх. Нөгөө талаар бусдын хандлага ч нөлөөлнө. Царай муутай гэж шоовдорлогдож, сэтгэл санаагаар унаснаас болж бас хийлгэдэг байх.

айзууд дунд чинь гоо сайхны мэс засал хийлгэнэ гэдэг хүүхэд байдаг уу?

-Өөрөө уг нь том давхраатай мөртлөө илүү мах нь давхрааг маань дараад байгаа болохоор хагалгаа хийлгэж авхуулна гэж ярьдаг охин байдаг. Би ч бас нэг хэсэг гоо сайхны хагалгаа хийлгэнэ гэж боддог байсан.

-Одоо тэгвэл тэгж бодохоо больсон гэсэн үг үү?

-Үгүй ээ, жаахан том болж байгаад хийлгэнэ гэж бодож байгаа. Хүмүүс багадаа хийлгэсэн нь дээр гэж ярьдаг ч гадуур хийж байгаа ихэнх газрууд найдваргүй гэж сонсогдоод байгаа болохоор бага зэрэг айгаад байна.

-Зөвхөн давхраа ч биш бусад гоо сайхны хагалгааны талаар ямар мэдээлэлтэй байдаг вэ?

-Миний үеийн охид ярихдаа "Монголд тийм сайн газар ховор. Харин Солонгост сайн хийдэг" гэдэг. 

-Гэхдээ дунд сургуулийн хүүхдүүд гадагшаа яваад хагалгаа хийлгэх боломж ховор биш үү?

-Тийм л дээ. Гэхдээ эцэг, эх нь боломжтой айлын хүүхдүүд зөндөө л явдаг шүү дээ. Одоо цагт мөнгөтэй нь л сайхан харагддаг болсон цаг. Заримдаа тэр нь шударга бус санагддаг. Мөнгөтэй хүмүүс зүгээр л өөрт байгаа эрүүл эрхтэнээ голж хагалгаа хийлгэж байхад төрөлхийн гажигтай хэрнээ мөнгөгүйгээсээ болоод хагалгаа хийлгэж чадахгүй шаналж яваа зөндөө л хүн байгаа.

Царай муутай гэж шоовдорлогдож, сэтгэл санаагаар унаснаас болж бас хийлгэдэг байх.

-Сүүлийн үед телевизээр гараад байгаа гоо сайхны хагалгаа хийлгэж өөрчлөгддөг нэвтрүүлэг үеийн чинь охидод, чамд хэр нөлөөлж байна вэ?

-Мэдээж тэр нэвтрүүлгийг үзээд нээрээ ингээд хөөрхөн болох юмсан гэж бодолгүй яахав. Гэхдээ телевизээр гардаг болохоор зориглож орох охин ховор байх. Яагаад гэхээр олон хүн харна. Тэгээд тэрнээсээ болоод гадуурхагдаж ч мэдэх юм.

Охидын бодол ийм байна. Тэгвэл хяналт, хууль эрх зүйн зохицуулалт ямар байгааг сонирхлоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгөх хүн байсангүй. Тиймээс утсаар холбогдоход ийм хариулт өгөв.

-Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлэгүүдэд хяналт хэрхэн тавьдаг вэ. Танай газарт хариуцсан албан тушаалтан байдаг уу. Санал гомдол ирдэг үү?

-Энэ төрлийн зөвшөөрлийг манай байгууллагаас өгдөггүй. Харин эмчилгээний гоо сайхны зөвшөөрөл гэж байдаг. Жишээлбэл, эрүү нүүрний гажиг засах гэх мэтчилэн. Албан ёсоор бидэнд энэ төрлийн санал гомдол ирээгүй гэв.

Б.Цэнд-Аюуш: ЭМНЭЛЭГ ХАРИУЦСАН 11 БАЙЦААГЧ БИЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш бидэнд дараах мэдээллийг өглөө.

-Гоо сайхны хагалгаа хийлгээд гомдолтой байгаа иргэд хаана хандах ёстой юм бэ?

-Тухайн иргэний гоо сайхныг алдагдуулсан, шаардлага хангахгүй эмчилгээ, мэс засал хийсэн бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандах боломжтой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу иргэний хүсэлтийг барагдуулах эрх зүйн орчин бий. МХЕГ болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан 11 байцаагч ажилладаг. Эдгээр байцаагч тухайн  гоо сайхны гэх тодотголтой эмнэлгүүдийг хянаж, шалгах эрхтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгалт явуулдаг. Мөн тухайн иргэний гомдол саналын дагуу хяналт шалгалтыг хийдэг. Төрийн хяналт шалгалтын тухайн хуулийн дагуу урьд оныхоо арванхоёрдугаар сард их, дунд, бага эрсдэлээр үнэлдэг. Их, дунд эрсдэлтэй газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээ зарладаг юм.

Иргэд тухайн гоо сайхны хагалгаандаа сэтгэл ханамжгүй байвал мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандан, тухайн байгууллагыг шалгах нь нээлттэй байдаг.

-Иргэдээс гоо сайхны холбоотой гомдол ирж байсан уу. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Миний гоо сайхныг алдагдуулсан гомдол ирдэг. БНХАУ, БНСУ-аас эмч нар ирж эмчилгээ, хагалгаа хийлгэх тохиолдол их байдаг. Тухайн эмч нар Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авч ажиллах ёстой. Гэтэл амралтын өдрүүдэд ямар ч  зөвшөөрөлгүй эмч нар ирж үзлэг, оношлогоо, хагалгаа хийх тохиолдол гарах болсон. 

-Иргэн гоо сайхнаараа хохирсон тохиолдолд тухайн эмч, эмнэлэгт хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Эрүүл мэндийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дээш нэмэгдүүлсэн хэмжээний торгууль ногдуулдаг. Зөрчил гаргасан эмч, эмнэлгийн ажилтан, байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлдэг. Зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн эмчилгээ хийсэн бол Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт хандан мэдэгддэг.

-Насанд хүрээгүй хүүхдэд гоо сайхны хагалгаа хийх хууль эрх зүйн орчин бий юу?

-Эцэг, эх болон асран хамгаалагч зөвшөөрсөн тохиолдолд гоо сайхны хагалгаа хийлгэх боломжтой. Дээрх зөвшөөрлийг аваагүй хагалгаа хийсний үр дүнд хор уршиг гарах юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

А.Ариунболд: ИРГЭН ХОХИРСОН БОЛ ГОМДЛЫГ ТУХАЙН БАЙГУУЛЛАГА БАРАГДУУЛАХ ЁСТОЙ

ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тус газарт гоо сайхнаараа хохирсон иргэд хандаж байсан талаар тодруулсан юм. Тэрбээр “Эмнэлгийн болон гоо сайхны үйлчилгээний талаар гомдол, санал, хүсэлт бараг ирдэггүй. Харин гоо сайхны бүтээгдэхүүний талаар гомдол ирдэг. Энэ дагуу шалгаад үзэхэд хуурамч бүтээгдэхүүн байсан гэв.

-Хэрэглэгч гоо сайхны мэс засал хийгээд хохирсон тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн дагуу зах зээл дээрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд аваад чанарын доголдол гарсан тохиолдолд хэрэглэгч хохирлоо барагдуулах эрхтэй. Нэн тэргүүнд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд хохирлыг барагдуулж өгөх үүрэгтэй. Чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдсан бол сольж өгөх, үнийн зөрүүг өгөх ёстой. 

ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА

Гоо сайхны хагалгаа, тэр дундаа бага насны охидыг хамрах хүрээ нэмэгдсээр байгаа нь сурвалжлага хийх явцад анзаарагдсан. 18 нас хүрээд өөрийн хүсэл сонирхлоор хийлгэж болох хуулийн зохицуулалттай. Мөн эцэг, эхийн зөвшөөрөлтэй бол бага насны хүүхдэд ч хагалгаа хийж болдог аж. Гэхдээ болно гээд хяналтгүй байж болохгүй салбар энэ мөнөөс мөн. Гоо сайхан харагдахаас илүү хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Хүн 25 нас хүртлээ өсөж, эд эс нь төлждөг. Эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй нь холбон гоо сайхын хагалгаа хийх учиртайг хүний гавьяат олон эмч нар хэлсэн. Хуулийн зохицуулалтаа сайжруулж, хяналтаа чангатгахгүй бол гоо сайхны хагалгаанаас үүдэлтэй эмгэг, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, бүсгүйчүүд олширч болзошгүй юм. Гоо сайхны хагалгааг гаднын улс оронд хэрэхэн хийдэг,байдал ямар байгааг сонирхлоо.

ОХУ

ОХУ-д сэтэрхий уруул гэх мэт төрөлхийн гажигийг хүүхэд төрснөөс хойш хагас жилийн дараа хийдэг бол түүнээс хүнд мэс ажилбарыг 11 сарын дараа хийдэг байна. Харин чихний мөгөөрс засах мэс засал зургаа, долоо настайд буюу чих хэлбэрээ бүрэн олсон үед хийдэг гэнэ. Түүнчлэн зарим тохиолдолд 10-14 насыг хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Энэ үед чихний мөгөөрсийн хөгжил гүйцсэн байдаг аж. 

Хамар өндөрсгөх мэс заслыг 18 хүрсэн хүнд хийдэг. Хэвлийн хэсгийн мэс засал нь хамгийн алдартайд тооцогддог. Уг мэс заслыг 35-аас дээш насныханд тохиромжтой. Түүнчлэн 35 насыг гоо сайхны хагалгааны хамгийн тохиромжтой нас хэмээн эмч нар үздэг байна. Энэ үед арьс унжих, үрчлээ тогтох эхний үйл явц илэрч эхэлдэг учраас тэр. Энэ насанд гоо сайхны эмч нар духны арьс өргөх мэс ажилбар болон нүүрний арьсыг бүхэлд нь өргөх мэс заслыг санал болгодог байна. Харин 25 орчим насандаа арчилгаа сайн хийсэн тохиолдол гоо сайхны мэс засалд хандах хэрэггүй гэдгийг эмч нар баталж байгаа юм.

Гаднын оронд эцэг эхийгээ дагуулж ирээгүй тохиолдолд хийдэггүй юм байна.

Оросод хамгийн түгээмэл гоо сайхны хагалгаанд хөх томруулах, урууландаа силикон шахуулах, сормуус ургуулах болон хамрын мэс засал багтдаг ажээ.

АНУ

АНУ-ын Хоол хүнс ба эмийн удирдлын төвөөс хөхний суулгацыг хамгийн багадаа 22-оос дээш насны охид хийлгэж болно гэж үздэг байна. Харин хамар өндөрсгөхийг хамгийн багадаа 18 нас хэмээн зөвлөжээ. Мөн илүүдэл өөх соруулахад 18 настай байх хэрэгтэй бол ботокс 19-40, арьс татуулах 37-45, хэвлийн орчмын илүүдэл өөх арилгахад 35-аас дээш настай байх хэрэгтэй бөгөөд ажилбаруудыг энэ насны хооронд хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг гэнэ. Хуульд ч тэгж заасан байдаг аж. Давхрааны хувьд ямар ч насны хүн хийлгэж болно гэж үздэг ч хүүхдүүдийг 18 нас хүртлээ хүлээхийг зөвлөдөг аж. Гэхдээ хүүхэд уг хагалгааг хийлгэх болвол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэнэ. Хэрвээ эцэг эхийгээ дагуулж ирээгүй тохиолдолд хийдэггүй юм байна.

Америкт хөлний хоёр төрлийн мэс засал хийдэг. Энэ нь хөлийн өсөлтийг зогсоодог ч гэсэн хамгийн эрэлттэй мэс заслуудын нэг болоод байгаа ажээ.  Уг мэс заслууд нь өндөр өсгийтэй гутал өмсөхөд хөлийг өвтгөхгүй байхын тулд хөлний ясыг авч төмөр хийх, гурвалжин үзүүртэй гутал өмсөхийн тулд хөлийн хурууныхаа үеийн шингэнийг соруулах аж. Мөн сүүлийн үед гарсан шинэ мэс засалд чих залуужуулах орж байгаа юм. Дэлхийн хамгийн хачин мэс заслуудад “Элф” хүүхэлдэйн киноны баатар шиг чихтэй болох, хэлээ хоёр хэсэг болгох, хацрын хонхорхой, нүдний доорхи уутыг авахуулах зэрэг  ордог аж.

Өнөө цагт дэлхий дахинд гоо сайхны мэс ажилбараараа БНСУ зүй ёсоор нэгдүгээр байранд орж байна. Тус улс руу өдөрт мянга мянган охид, эмэгтэйчүүд гоо сайхнаа өөрчлөхөөр зорин ирдэг байна. Өмнөд Солонгост сүүлийн үеийн хамгийн чадварлаг эмч нараас бүрдсэн, дэлхийн алдартай гоо сайхны эмнэлэгүүд байдаг.

Азид хамрын мэс ажилбар, нүдний хэлбэрийг томруулах, шанаа багасгах зэрэг нь хамгийн түгээмэл байдаг байна. Хятад улсад ажилд ороход залуучуудыг гадаад төрхөөр нь шалгаруулах нь ихэссэнтэй холбогдуулан гоо сайхны мэс засал хийх нь ихэсчээ. Дэлхийд хамар янзлах мэс засал эрэлттэй байдаг бөгөөд хамгийн гоё хамартай алдартнуудад Джессика Бил, Кейт Миддлтон, Кейт Бекинсейл, Скарлетт Йоханссон нар нэрлэгддэг байна. Италид 18-аас доош насны охидыг гоо сайхны хагалгаа хийлгэхийг хориглосон байдаг гэнэ.

Тоо баримт дурдахад, 2013 онд л гэхэд дэлхийн хэмжээнд 23 сая гаруй гоо сайхны хагалгаа, тариа, лазер эмчилгээ хийсэн байна. Үүнээс хөх томруулах мэс засал хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бол удаад нь өөх соруулах, давхраа хийлгэх зэрэг бичигджээ. Дашрамд дурдахад, ботокс  тариа нь нүүрний үрчлээг арилгахаас гадна сэтгэл гутралыг эмчилдэг гэдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Улс төр, эдийн засгийн алба

Нийгэм, гадаад мэдээний алба

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний алба

Соёл, урлаг, спортын мэдээний алба