Хальт харахад шумуултай төстэй энэхүү жижиг ялааг хүмүүс ногооны хар ялаатай андуурах нь бий. Энэ хар ялаа нь чийглэг орчинд, тасалгааны цэцэгний чийгтэй хөрсөнд үрждэг. Авгалдай нь цэцэгний үндсийг иддэг. Хар ялаа үүрлэсний шинж тэмдэг бол таны цэцэг ургахаа больж, навч нь шарлан, үндэс нь ялзардаг. Нас бие гүйцсэн хар ялаа нь хөрсний дээд талд мөөгөнцрөөр хооллож өндгөө дардаг бол авгалдай нь хөрсний доор байрлаж үндсийг гэмтээж байдаг.
Хар ялаатай тэмцэх хэд хэдэн аргууд байдаг
1. Хатааж алах. Цэцгээ хатаж гундтал нь огт услахгүй хэд хонуулах. Ингэж цэцэгний дээд талын өнгөн хөрсийг 2-3 см гүн хүртэл нь хуурай байлгаснаар авгалдайнууд бүгд хатаж үхдэг. Харин нас бие гүйцсэн хар ялаанууд хуурай хөрсөн дээр үржиж чадахгүй учир хар ялаа үржих циклийг зогсоож чадна.
2. Наалдуулж алах. Тасалгааны цэцгэнд зориулсан шар наалт байдаг, гэхдээ манай цэцгийн дэлгүүрүүдэд байдаг эсэхийг мэдэхгүй юм. Шар өнгө нь ялаануудыг өөртөө татаж, хар ялаа нисч ирээд наалдаж үхдэг. Хэрэв өөрөө хийх бол шар өнгийн цаасан дээр вазелин эсвэл зөгийн бал түрхэнэ. Энэ наалтаа савханд скочоор наагаад хөрсөндөө зооно. Бас өөр нэг арга нь вазелин, шингэн саван 2ыг 1:1 гэсэн ижил хэмжээтэй хольж шар цаас эсвэл хавтан дээр түрхэж болдог.
3. Савангийн уусмалаар шүрших. 2 хоолны халбага шингэн саван эсвэл лимонтой аяга угаагч шингэнийг 3,8 литр усанд хийж, энэ усаараа хар ялаа үүрлэсэн цэцгээ ханатал усална. Нэг цагийн дараа, цэвэр усаар навчнуудыг нь шүршиж савангийн үлдэгдлийг арилгана.
Хар ялааны урхи хийх арга:
1. 1-2 хоолны халбага apple cider vinegar (алимны цагаан цуу юмуу даа) гэгчийг жижиг аягатай усанд хийнэ. Энэ аягатай усаа хар ялаа үүрлэсэн цэцэгнийхээ хажууд нь тавина. Тэгэхэд хар ялаа цагаан цууны үнэрт татагдан нисч ирээд усанд живч үхдэг.
2. Архиар шүрших. 1/2 аяга архийг 1,5 аяга усанд хийнэ. Энэ архитай усаараа эхлээд цэцэгний нэг навчийг шүршиж туршина.Хэрэв 1-2 өдрийн дараа цэцгийн навч түлэгдээгүй байвал бүх цэцгээ шүршиж болно.
3.Тамхи. Хэдэн ширхэг тамхийг задлаад хар ялаатай цэцэгний хөрсөн дээгүүр нь битүү цацвал тамхины никотин нь хар ялааг устгана. Гэхдээ хүнсний ногоо тариалж буй хөрсөн дээр тамхи цацаж болохгүй, бас гэрийн тэжээвэр амьтан идэхээс болгоомжил.